sonin.mn

Япон улсын “Митсубиши моторс” компаниас өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар “НЗДТГ”-т 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашин хандивлав.

Автомашин хүлээн авах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизу, “Митсубиши моторс” корпорацийн Хойд Азийн оффисын Ерөнхий менежер Ёоичи Шимизу нар оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашин үйлдвэрлэдэг Япон Улсын “Митсубиши моторс” корпорацид хамтран ажиллах санал тавьсан. Нийслэлийн Засаг даргын саналын дагуу энэ оны зургадугаар сард тус корпораци хоёр цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивласан.

Тус автомашиныг НЗДТГ туршилтын шугамаар албан хэрэгцээнд  ашиглаж байна. Туршилтаар ашиглах явцад нэг сарын хугацаанд 60 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэж байна гэсэн тооцоо гарчээ. Уг автоамшиныг 12 цагийн турш бүрэн цэнэглэсэн тохиолдолд хэрэглээнээсээ хамаарч 130-150 км зам туулах хүчин чадалтай бөгөөд ямар ч утаа гаргадаггүй давуу талтай юм.

Нийслэлийн Засаг дага Э.Бат-Үүл, “Агаарын бохирдлын багагүй хувийг эзэлдэг автомашинаас ялгардаг утааг багасгах, иргэдийн төсвийг хэмнэх зорилгоор цахилгаан автоамшиныг бид туршилтаар ашиглаж байна. Манайд өмнө нь хандивласан 2 автомашиныг Үндэсний их баяр наадмаар иргэдэд үйлчлэхэд их таатай хүлээж авч байсан.

Энэ цахилгаан автомашиныг Канад Улсад амжилттай туршсан бөгөөд манай улсын эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицох уу гэдгийг бид энэ өвөл турших гэж байна. Хэрэв туршилт амжилттай болвол нэн тэргүүнд нийслэлийн харъяа агентлагуудыг цахилгаан автомашинаар хангахаар төлөвлөж байгаа. Ингэснээр нийслэлийн иргэдийн татварын багагүй мөнгийг хэмнэнэ” гэлээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг