sonin.mn

Оросын бандида хамба лам нарын институт байгуулагдсаны 250 жилийн ойд зориулав. Энэхүү ойн баярыг Оросын буддын шашны заншилтай сангха байгууллага 2014 онд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Уншигч олон та бүхэндээ Буриадын үе үеийн бандида хамба лам нарын тухай товч мэдээллийг хүргэж байна.

Буриадын бандида хамба ламын ширээнд Лубсан Нима Дармаев /1946-1956 онд/, Еши Доржо Шарапов /1956-1963 онд/, Жамбал-Доржо Гомбоев /1963-1982 онд/, Жимба-Жамса Эрдынеев /1982-1990 онд/, Мүнхэ Цыбиков /1990-1993 онд/ нар сууж байжээ.

Эдгээр хүмүүс нь Оросын буддын шашны дахин сэргэх үйл хэрэгт маш их хувь нэмэр оруулсан хүмүүс юм. Жамъян Шагдаров /1993-1994 онд/, Будаев Чойдоржо /1994-1995 онд/ бандида хамба ламын ширээнд сууж байв. Энэ хоёр хамба лам МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийг дүүргэсэн байна.

Лувсан-Нима Дармаев нь Сартуул-Булагай дацанд шавилан хувраг болсоноор буяны зам мөрд орсон байна. Ийнхүү олон жилийн турш буддын шашны гүн ухааны номуудыг судалж гавжийн дамжаа барьж байжээ. 1920-иод онд Сартуул-Булагай дацангийнхаа ширээт ламаар томилогдсон байна.

1930-аад онд Буриадын бүх дацан хийд хатуу хараа хяналтан дор байсан юм. Цаг хэцүү байх үед тэрээр төмөр замын барилга, элдэв төрлийн хүнд хүчир ажил хийж явсан байна. Ингээд 1944 онд еөрийн 34 мянган төгрөгийг жасад оруулж, Сталины баярын бичиг хүртсэн байдаг.

Ийнхүү Иволгин дацанг барьж байгуулан лам хуврагууд өдөр бүр хурал ном хурдаг болсон байна. Ингээд XVII Бандида хамба ламын ширээнд 1946 онд заларчээ. Бандида хамба лам Лувсан-Нима Дармаев нь Буриадад Төвдийн буддын шашны үндэс суурийг тавигчидын нэг юм.

Еши-Доржо Шарапов нь 1892 онд Чита мужын Хоолошной нутагт мэндэлжээ. Монгол, Төвд хэл бичигт суралцаж гэлэн санваарыг хүртсэн байна. Ийнхүү Еши-Доржо Шарапов нь 14 настайдаа буддын шашны гүн ухаанд суралцаж, 22 настайдаа гэвшийн дамжаа барьж улмаар 1925 онд гавжийн дамжаа барьжээ. Шашин хаалттай жилүүдэд Красноярскын хязгаарт 30 жилийн турш энгийн хүний үйл хийж амьдарч байв.

Ингээд цаг төр сайхан болж 1956 онд XVIII Бандида хамба ламын ширээнд сууж Бурхан шашны төвийн захиргаа /ЦЕНТРАЛЬНОЕ ДУХОВНОЕ УПРАВЛЕНИЕ БУДДИСТОВ/-ны тэргүүлэгчээр сонгогдож Энэтхэг, Шри-Ланка, Япон, Камбоджа, Бирма, Балбын орнуудтай хамтран ажиллах ажлыг" зохион байгуулж байжээ. Еши-Доржо хамбын дурсгалд Агийн болон Иволгын дацан мөн түүний төрсөн нутагг нь суварганууд бүтээсэн байдаг ажээ.

Жамбал-Доржо Гомбоев нь 1897 онд мэндэлжээ. Оросын буддын шашны XIX-дэх бандида хамба ламын ширээнд залагджээ. Ингээд шашин болон олон нийтийн ажлуудыг ихээр явуулж байжээ.

Тэрээр 20-иод жилийн турш өндөр тушаалд явахдаа ЗХУ-д болон гадаадын орнуудад буддын шашныг сэргээх, хөгжүүлэх их үйлсийг бүтээсэн байдаг. Тэрээр 1941 онд цэрэгт татагдан ирж дайнд тулалдаж хоёр ч удаа шархдаж байжээ. 1947 онд төрөлх нутаг Агийн дацандаа хүрч ирээд дацангаа сэргээн босгох ажлыг зохион байгуулж ширтээтээр нь суусан байна.

Жамбал-Доржо Гомбоев нь 1956 онд дэд хамба ламаар, 1963 онд Бурхан шашны төвийн захиргаа /ЦЕНТРАЛЬНОЕ ДУХОВНОЕ УПРАВЛЕНИЕ БУДДИСТОВ/-ны тэргүүлэгчээр сонгогдож улмаар Буриадын XIX Бандида хамба ламын ширээнд заларсан ажээ". Бурхан Буддагийн мэндэлсэн 2500 жилийн ойд зориулсан улс хоорондын бага хурал болон олон хуралдаануудад оролцож явжээ.

Ингээд Гандантэгчэнлин хийдийн хамба лам С.Гомбожав гуайтай хамт АБЭБХ /Азийн буддистуудын энх тайвны бага хурал/ болон Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монгол бурхан шашны дээд сургуулийг байгуулсан гавъяатай хүн юм.

Жимба-Жамса Эрдынеев: Аг нутгаас төрөн гарсан хувраг Жимба-Жамса Эрдынеев нь 1982 оноос Буриадын буддын шашныг толгойлж XX Бандида хамба ламаар тодорч Жамбал-Доржо хамбын буянт үйлсүүдийг цааш нь үргэлжлүүлэн ажилласан байна. Тэрээр Эрхүү мужид 20 жилийн турш цөллөгөнд явсаны дараагаар Агийн, Иволгин дацанд ирж буриад угсаантны дунд буддын шашныг сэргээсэн юм.

Бурхан багшийн сургаал ном, буддын шашны ёс горимыг сайн мэддэг эрдэмтэй лам байжээ. Төрсөн нутаг болох Хойт-Ага нутагт нь Жимба-Жамса хамбын нандин шүтээн суврагыг бүтээсэн байдаг байна.

Мүнхэ Цыбиковые ламыг Эгэтийн дацанд 8 настай хувраг явахад нь Агваан хамба лам хараад "Олон хүнд тустай яваарай" гэж хэлсэн гэдэг. Бага наснаасаа чойрын болон төвдийн анагаах ухааны номуудыг гүнзгий судалж байжээ. 1930 онд гэвшийн дамжаа барьжээ.

1938 онд баригдаж 20 жилийн туршид хүнд хүчир ажлуудыг хийж, цэвдэг хүйтэн газар байхдаа ч өөрийн бурханы шашны итгэл, сүсэгээ алдахгүй сахисан байна. Тэндээ эмийн ургамал цуглуулж, хүн ардад тустай олон ажлыг хийж байжээ. Цөллөгнөөсөө тавигдаад 1956 онд Иволгын дацандаа ирж буян номын үйлсээ дэлгэрүүлэв.

1989 онд XXI Бандида хамба ламын ширээнд заларсан түүхтэй. Түүний нэгэн чухал гавъяа бол нандин шүтээн болох Зандан Зуу бурханыг Буриадын түүхийн музейгээс авчирч Эгэтийн дацандаа залсан юм. Мөн тэрээр Иволгин дацандаа будцын шашны "Даш Чойнхорлин" институтыг нээсэн байдаг.

Дамба Аюушеев: Одоо Оросын "Буддын шашны заншилтай сангха" байгууллагыг 2005 оноос удирдаж яваа XXIV Бандида хамба лам Дамба Аюушеев нь "Ирэх наран, ээлжих төр" гэдэгтэй буриад угсаатны нандин шүтээн болох олон дацан дугануудыг, суваргануудыг сэргээсэн байдаг.

Буриадын бандида хамба лам Дамба Аюушеев нь Чита мужын Красночикойн аймаг Шаргалжин /Бурсомон/ нутагт 1962 онд мэндэлсэн ажээ. Тэрээр Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Монголын бурхан шашны дээд сургуулийг төгссөн байдаг. Дамба Аюушеев нь 1991 онд Хиагтын аймгийн Балданбрайбүн дацангийн ширээтээр сонгогдож, Цогчэн дуганы барилгын ажлыг эхпүүлэн явуулсан байна.

Ингээд 1995 онд бандида хамба ламаар дахин сонгогдон одоо хүртэл ажиллаж байна. XXIV Бандида хамба Д.Аюушеев нь ОХУ-ын еренхийлегчийн дэргэдэх шашны зөвлөлийн гишүүн, АБЭТБХ-ын дэд ерөнхийлөгч, Оросын шашин хоорондын зөвлөлийн гишүүн зэрэг олон сонгуульт ажлыг давхар хашдаг байна.

Эх сурвалж: "Билгийн мэлмий" сонин