sonin.mn

БЕРЛИН. /welt/. Түвдийн шашны удирдагч «Далай лам» гэдэг ухагдахууны утга алдагдсан гэж үзэж байна.

Тэрээр өөрийг нь нас нөгчсөний дараа хойд дүрийг тодруулах хэрэггүй, “Далай лам гэдэг ухагдахуун улс төрийн эрх мэдлийн төлөө тэмцлийн үүднээс чухал байр суурьтай болсон. Гэтэл одоо энэ байдал өөрчлөгдсөн” гэж Германы сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. 2011 оноос тэрээр бүрмөсөн тэтгэвэртээ гарсан. “Ингэснээр бараг таван зуун дамнан үргэлжилсэн Далай ламын ёс заншил дуусгавар болсон, үүнд гадны ямар ч нөлөө байхгүй. Иймээс улс төржүүлэх бодолтой байгаа хүмүүс 450 гаруй жил үргэлжилсэн Далай лам гэдэг ухагдахуун дуусгавар болсныг ойлгох хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.

Тэрээр цааш хэлэхдээ, “Түвдийн буддизм ганцхан хүнээс хамааралтай байдаггүй. Манайд маш сайн бэлтгэгдсэн лам нар бий. Өнгөрсөн таван зуунд алхам алхмаар бид хүчтэй холбоог Энэтхэгт бий болгож чадсан” гэв.

Одоо 79 настай, Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн, 1959 онд төрөлх нутаг болох Түвдээс зугтан гарсан тэрээр илүү он удаан жил сайн үйлсийн төлөө зүтгэнэ гэдэгтээ итгэлтэй байна. “Эмч нарын хэлж байгаагаар би 100 насална. Харин миний зүүдэлснээр бол 113 насална. Гэхдээ 100 наслах нь тодорхой гэж би бодож байна” гэж Далай лам хэллээ.

Үүний сацуу тэрээр дахин эх дэлхийдээ эргэж төрөхийг хүсч байна. Үүнийгээ тэрээр түвдийн буддизмтай холбон тайлбарлаж байна. Учир нь буддизмд хүн дахин төрдөг гэдэг. “Зовлон зүдгүүр байгаа цагт би энэ дэлхийд эргэн төрөхийн төлөө өдөр бүр залбирдаг. Гэхдээ зөвхөн энэ биеэрээ гэсэн үг биш, харин сүнс болон сэтгэлээрээ ч байж болох юм” гэж Далай лам хэлсэн байна.

Б.Ариунбаяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг