sonin.mn

ЛОНДОН. /TheGuardian/. Монголын нийслэл Улаанбаатар хотод эмх замбараагүйгээр хүрээгээ тэлсэн гэр хороололд ундны ус, бохир зайлуулах хоолой дутагдалтай байна.

“Монголчуудын хувьд гэр үнэхээр чухал. Би гэрт төрж, өссөн. Гэрт айл гэр болсон. Би байшин, орон сууцанд амьдарч байгаагүй. Гэрт хайртай” гэж Улаанбаатар хотын захад гэрт амьдардаг 63 настай Ц.Туваан хэллээ.

Туваан 1978 оноос Төв Азийн нүүдэлчдийн хайртай сууц гэрт эхнэртэйгээ амьдарч эхэлжээ. Монголын баруун нутгийн Завхан аймагт тэд найман жил хамт амьдарсан байна.

Туваан гал түймэртэй тэмцэх газраас тэтгэвэрт гарснаар энэ хос дөрвөн хүүхдэдээ ойртохоор бараг 1200 км зайтай Улаанбаатар хот руу шилжин суурьшихаар шийджээ. Одоо, тэд Улаанбаатар хотын захад борооны дараах мөөг шиг олширч, хүрээгээ тэлсэн гэр хороололд амьдарч байна.

Гэр хорооллын амьдрал хүнд хэцүү ч Туваан гэртээ хайртай. “Гэр хороололд байхад амар тайван, нам гүм байдаг. Байгальдаа ойрхон” гэж тэрбээр хэллээ.

Монгол асар хурдацтайгаар хотжиж байгаа ч олон хүн гэрт амьдарсан хэвээр байна. Улаанбаатар хотын эргэн тойрны дов толгод бөмбөгөр цагаан гэрээр хучигдсан байна. Монголыг коммунист улс байхад энэ уул толгодод айл байхгүй, энд малчид л сүргээ хариулдаг байжээ. Харин одоо энд 800 мянга гаруй хүн бүхий айл өрхүүд гэрээ барин амьдарч байна. Ундны ус, бохир зайлуулах хоолой, халаалт дутагдалтай ч өвөрмөц, мянган жилийн настай амьдралын хэв маягаасаа олон хүн салах дургүй байна.

Улаанбаатар хот хурдацтай өргөжин тэлж байгаагийн нэг гол хүчин зүйл нь гэр хороолол. Коммунизмын үед Улаанбаатар хотод ердөө 500 мянган хүн амьдардаг байжээ. Харин 1990-ээд оны эхэн үеэс хойш нийслэлийн оршин суугчдын тоо гурав дахин нэмэгдсэн байна. Баячууд, голдуу уул уурхайгаас баяжсан хүмүүс “Sky Tower”, “Bella Vista” зэрэг орон сууцны үнэтэй, шинэ цогцолборуудад амьдрах боломжтой. Тэд түгжрэлтэй замаар дөрвөн дугуйгаараа зэрэг мааждаг тансаг зэрэглэлийн машин хөлөглөж, шил толь болсон цамхгуудад ажиллаж, “Louis Vuitton”, “ Swarovski”-ийн нэрийн дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг.

Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа ч тус хотод  үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдсээр байна. Замын түгжрэл дээд цэгтээ тулсан. Чингисийн талбайгаас хэдхэн км зайтай газар байдал шал өөр. Монголын төрийн далбааг намируулсан автобусууд гэр хорооллын энхэл донхол замаар “цовхчдог”. Хүмүүс гудамжинд жимс, хүнсний ногоо худалддаг.

Гэр хороололд амьдардаг хүмүүсийн олонх нь малчин байсан бөгөөд тэд аж амьдралаа сайжруулахын тулд хот барааджээ. 2012 оны зуднаар 10 сая орчим мал хорогджээ. Үүний улмаас хэдэн мянган малчин тал нутгаа гэр хорооллоор сольсон байна. Жилд ойролцоогоор 40 мянган хүн нийслэлийг зорьдог ажээ.

Чингисийн талбайн баруун талд орших оффистоо Улаанбаатар хотын том газрын зургийн өмнө Д.Отгонбаатар сууж байлаа. Саарлаар тэмдэглэгдсэн гэр хороолол тус хотын хойд, зүүн хэсэгт өргөн уудам талбайг бүрхсэн ч тэнд бас тод шараар цэцэрлэгт хүрээлэн, анхаарал татахуйц, ногооноор тойрог, талбайг тэмдэглэжээ. “Энэ бол 2013 онд батлагдсан, манай хотын мастер төлөвлөгөө” гэж Улаанбаатар хотын ЗДТГ-ын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар хэллээ.

Улаанбаатар ямар ч хот төлөвлөлтгүйгээр ингэж хүрээгээ тэлсэн. Дөрвөн уулын дунд орших энэ хот одоо орон зайн төлөө тэмцэж байгаа ч дагуул хотууд хараахан баригдаагүй байна. Дэд бүтцийн хөгжил маш муу байна. Хотын төвд “тохиромжгүй” байршлуудад, тухайлбал, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнд барилгын томоохон төслүүдийг шинээр хэрэгжүүлж байна. Харин Д.Отгонбаатар болон түүний хамтран зүтгэгчид энэ байдлыг мастер төлөвлөгөөгөөрөө өөрчилнө гэж найдаж байна. Гэр хорооллыг өөрчлөх саналын хүрээнд оршин суугчидтай барилгын компаниуд гэрээ байгуулж, гэрт амьдардаг 70 мянган өрхийг орон сууцанд оруулах ажээ.

Мөн хотын захиргаа энэ хороололд бичил санхүүгийн тогтолцоо нэвтрүүлж, сургууль, нийтийн орон сууц барьж, зам тавьж эхэлсэн байна. Азийн хөгжлийн банкны 320 сая долларын хөнгөлөлттэй зээлийг ирэх есөн жилд Улаанбаатарын дэд бүтцэд зарцуулна. Түүнчлэн метро барих санааг авч хэлэлцсээр байгаа аж. Гэхдээ эдгээр зоримог төлөвлөгөө хэрэгжих боломжтой гэдэгт хүмүүс итгэхгүй байна.

Гэр хороолол нь төвийн халаалтын системд холбогдоогүй. Өвөлдөө -40 хэм хүрч хүйтрэхэд гэр хорооллынхон түүхий нүүрс, хаймар, тэр ч байтугай хуванцар сав түлдэг.

Эдгээрээс ялгарч буй хорт утаа нь Улаанбаатарыг дэлхийн агаарын хамгийн их бохирдолтой хотуудын нэгээр ДЭМБ нэрлэсний нэг гол шалтгаан юм.

Гэр хороололд  ажилгүйдлийн түвшин бусад бүсээс гурав дахин их буюу 60 гаруй хувьтай байна. Монголд инфляц 13 гаруй хувьтай байна. Хот-хөдөөгийн ялгаа нэмэгдэхийн хэрээр тэгш бус байдал газар авч байна гэж Британийн өдөр тутмын “Тhe guardian” сонины сурвалжлагч Петр Геохеган бичжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг