Намайг багад настан буурлууд Утай, Гүмбүм хийдэд очиж мөргөвөл энэ насны минь хүсэл буян заяа болно гэж ярилцахыг сонсож байсан. 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа хэцүү энэ цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэгээлэг сайн сайхныг ховор сонсдог болсон билээ.

Гэтэл зурагтын мэдээгээр Гүмбүм хийдийн Их хамба байсан Ажиа Гэгээн Лувсантүвдэн гуайн санаачилга, хандивын хөрөнгөөр Монголын цусны эмгэг, хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлгийн нээлтийн ажиллагаа болж байгаа тухай сайхан мэдээ сонссон юм. Ингээд Ажиа Гэгээнтэй уулзаж ярилцах завшаан тохиолдсоноо хуваалцая.

-Юуны өмнө таньд хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг байгуулах буянтай үйлсийг санаачлан хийж байгаад тань Монголын бүх хүүхэд, эцэг эхчүүдийн өмнөөс баярлан талархаж байгаагаа уламжлая. Та өөрийнхөө тухай танилцуулна уу?


А.Г: Би Түвдийн Хөх нуурын Монгол. 1950 онд төрсөн. 1952 онд Ажиа Гэгээний 8-р дүрээр тодруулж Буддын шашны Гүмбүм хийдийн хамба болсон. Гэвч Хятадад 1958 оноос шашны шинэтгэл цэвэрлэгээ, соёлын хувьсгал болж Түвдийг эзэлж сүм хийдийг сүйтгэн дээд лам нарыг хоморголон устгаж шоронд хорих, албадан ажил хийлгэх, хүчээр шар шувтлах Банчин богдыг 9 жил 8 cap шоронд хорьж жанч халсных нь дараа Далай ламын тодруулсан хойд дүрийг нь хүчингүйд тооцон Бээжингээс хуурамчаар тодруулсан Банчин богдын багш болохыг санал болгосон юм.

Ийм учраас би арга буюу 1998 онд Хятадаас дүрвэж АНУ-д гарсан. Хэдийгээр тэр үед Хятадын улс төр нийгмийн байдал өөрчлөгдөж, би шашин, нийгэмд өндөр албан тушаал хашиж байсан боловч бурхан багшийн сургаалд чин сэтгэл, оюун ухаанаа зориулсан үнэнч шавийн хувьд улс төрийн орогнол хүсч АНУ-д гараад Блүүмингтон хотноо Түвд Монголын соёлын төвийн хамбаар ажиллаж байна.



-Та яагаад хүүхдийн эмнэлэг байгуулахаар болсон юм бэ?


А.Г: Анх би Монголд ирээд өнчин, гэр оронгүй, тэнэмэл, ядуу хүмүүст хоол хувцас, гэр өгөх зэргээр тусалдаг байсан. Тэгээд Монголд цусны эмгэг, хавдартай хүүхдүүд нилээд байдаг бөгөөд ЭХЭМҮТ-д ганц тасаг ажилладаг нь хүрэлцдэцгүй байсан учир эмнэлэг байгуулах талаар тавьсан хүсэлтийг нь хүлээн авч хандив цуглуулах, зураг төсөл, газрын зөвшөөрөл гэх мэт олон ажлыг эрхлэх "Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв" ТББ 2011 оны 5 сарын 17-нд байгуулсан юм.

Бурхан багшийн сургаалаар бүхий л амьтныг өөрийн эх мэтээр хайрла. Барамидын зургаан үзлээр энэр гэдэг. Энэ нь өглөг, ёс зүй, хүлцэл, зүтгэл баясалгал билэг ухаан болно. Өглөг хэмээх нь өөрийнхөө төлөө огтхон ч бодолгүйгээр бусдад өгнө гэсэн үг. Буддын сүмүүд энэ сургаалийг хэрэгжүүлдэг баялаг түүхэн уламжлалтай.

1994 онд Гүмбүм хийд эмнэлэгтэйгээ хамтран аймшигтай цасан шуурга болсон Түвдийн өөртөө засах Юүшү мужид Улаан загалмайн нийгэмлэгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Энэ үеэр мал амьтан өлбөрөн үхэж, малчид өчүүхэн юмаар гол зогоож байлаа. Хонгконгийн хандивын төв болон иргэдээс хандив цуглуулж нэг удаа гэхэд л 14 машин хоол хүнсийг битүү цасаар хучигдсан 1000 гаруй км замыг гулж хүргэсэн.

Нутгийн малчид хоол хүнс, хувцаснаас илүү Түвд эм түгээж байсан эм баригч хуваргуудад баярлан талархаж, адис хүртэх гэж дугаарлан зогсоцгоож байсан юм. Ер нь эрт үеэсээ Түвд Монголын ихэнхи өөрийн эмнэлэгтэй байдаг байсан. Бурхан багшийн сургаалаар өгөөмөр өглөгч байх нь үндсэн зургаан сургаалийн эх юм.

Өнөөгийн дэлхий ертөнцөд амьд зүйлсийг энэрэх үйл, сүсэгтний сүсэг нимгэрч манай эрин үе эд материалын шунал зовлонд автаснийг бид харж байна. АНУ-д амьдарч байх хугацаандаа христын сүм цуглаанууд эмнэлэг, сургууль, цэцэрлэг байгуулах зэргээр өвдсөн зовсон ядуу хүмүүст тусалж байхыг олонтаа харж бид бас энэ жишгээр үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй гэдгийг ойлгосон.

Ажиа Гэгээний санаачилан байгуулсан Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг

-Эмнэлгийнхээ тухай товч танилцуулана уу?


А Г: Эмнэлгийн барилгыг анх 3 давхар байхаар төсөв тооцоо хийж байсан боловч бусад олон төрлийн эмчилгээний тасаг шаардлагатай байсан учир үндсэн эмнэлгээ 6 давхар болгож, эмнэлгийн дэргэд эмч нарын сургалтын танхим, хурлын заал, сэтгэл заслын танхим бүхий 3 авхар барилгыг цогцоор нь бариулсан.


Үүнд:
-Нярайн эрчимт эмчилгээний 25 ортой тасаг
-Цусны эмгэг-хавдар судлалын 50 ортой тасаг
-Нярайн болон хавдрын мэс заслын хэсэг
-Оношлогоо эмчилгээний хэсэг Ангиографи, КТ
-Хөнгөвчлөх эмчилгээний хэсэг
-Эмчилгээний дараах амрах өрөө
-Сургалтын өрөө тус тус байрлана.

Эхний үед жилд зүрхний төрөлхийн хөгжлийн гажгийн оношилгоог 50 -100 хүүхдэд, битүүрээгүй артерийн цоргыг засах -50, тосгуур хоорондын цоорхойг эмчлэх -50, баллон ажилбар хийх 20 мөн хавдрын өвчний эмийн ба химийн эмчилгээ хийх, ясны чөмөг шилжүүлэн суулгасан хүүхдэд зориулсан тусгай вакуум өрөө болон дохиоллын систем, тв, хөргөгч, ариун цэврийн өрөө усанд орох өрөө зэргийг бүхэлд нь шийдэж өгсөн.



-Энэ том эмнэлэг байгуулах хөрөнгө мөнгө босгоход хэцүү байв уу?


А.Г: Одоогоор 2 барилгаа босгож ашиглалтанд оруулаад байна. Нийт зардлын 85% нь буяны хандиваар, 15% нь улсаас өгч байгаа юм. Гэхдээ улсаас өгөх зардлын тал хувийг нь аваад байна. Хандивын 80 гаруй хувь нь Сингапур, Хятад, Хонконг, Тайвань, Японд байдаг шавь нар болон АНУ, Европын улс орнуудад байгаа Монголчууд болон бусад хувь хүмүүсээс өргөсөн хандив.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ эмнэлгийн тухай гарч Монголчууд маань мэдэх болсноор Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр болон ЭХЭМҮТ-ийн эмч нар нэг өдрийн цалингаа хандивлах болсон. Мөн Дашчойлин хийдээс хандив өгсөн. Газрын зөвшөөрлийг Улаанбаатар хотын засаг даргын орлогч Баатарзориг, УИХ-н гишүүн Б. Батбаяр нар богино хугацаанд шуурхай шийдэж өгсөн.

Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 2,4 тэрбум төгрөгийн үнэтэй Siemens брендийн ангиографийн төхөөрөмж суурилуулж байна. Австри улсын хөнгөлөлттэй зээлээр компьютерийн томографитай болох гэж байна. Эмнэлгийн гадна талын тохижилтыг "Гудамж" төслийн хүрээнд хийж байна. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд чанар сайтай хугацаанд нь чин сэтгэлээсээ хийж байгааг хэлмээр байна.

Гэхдээ анх төлөвлөж байснаас илүү зардал шаардлагатай байна. Иймд нийт элэг нэгт Монголчууддаа хандаж боломжийнхоо хэрээр хандив өргөвөл эмнэлгийг төлөвлөсөн ёсоор орчин үеийн тохилог иж бүрэн цогцолбор болгоход буян болно.

1990 оноос Монгол улсад шашны олон урсгал, Христийн олон урсгал, Католик, Морман, Мүүн, Исламын шашин орж ирсэн. Христын цуглаанууд Монгол хэлээр Библийн сургаалийг дэлгэрүүлж, цуглаан өнчин, ядуу, гэр оронгүй хүмүүсийг хооллож, байрлуулж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, хүүхдүүдэд Англи, Солонгос хэл зааж, төрөл бүрийн дугуйлангууд ажиллуулдаг учир Улаанбаатар болон томоохон хот суурингуудад олон итгэгчидтэй болж өргөжиж байна.



-Монгол хэлээр Буддын шашны сургаалийг сүм хийдүүдэд айлдаж болохгүй юу?


А.Г: Би Буддын сургаалийг Монгол хэлээр уншихыг зөв зүйтэй гэж боддог. Энэ тухай ч байнга хэлдэг. Монголд 1937 оны шашны хэлмэгдүүлэлтээс болж уламжлал тасарч одоо л сэргэж эхэлж байна. Бурхны шашин зөвхөн сүм хийдэд сууж ном уншихыг хэлэхгүй хүнд яаж тус болох вэ гэдгийг чухалчилдаг юм.

Зөвхөн бурхан шашны ном уншихаас илүү өөрийн биеэр тус болох нь илүү их буян болдог юм байна гэдгийг би ойлгосон. Улаанбаатарт улсын болон хувийн эмнэлэг олон байгаа учир цаашид бид "буяны сан" байгуулж орон нутагт шаардлагатай байгаа газар нь эмнэлэг байгуулахаг төлөвлөж байна. Нийт Монголчуудыгаа энэ буяны үйлсэд нэгдэн xaндив өргөхийг хүсэж байна.

Ярилцсан Г.Урам

Эх сурвалж: "Хөх толбо" сонин

Хандивийн данс:
ХХБ: 452565325
Хаан банк: 5028569730
Голомт банк: 1105049505

Chase Bank Bloomington
Branch, Indiana, USA