sonin.mn

Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшингийн “Монголын боловсрол, иргэншил судлал” номын нээлт өнөөдөр боллоо.

“Монголын боловсрол, иргэншил судлал” ном нь гурван хэсэг, арван нэгэн бүлгээс бүрдэх бөгөөд монголын боловсролын судалгаа, нүүдэл иргэншил судлалын асуудлыг “боловсрол судлалын зарим асуудал”, “боловсролын түүх, шинэчлэл”, “нүүдэлчдийн төр ёс, мэдлэг, уламжлал”, “нүүдэлчид ба харьцуулсан судлал”, “иргэншил судлал, хөгжил”, “шинжлэх ухаан, технологи” зэрэг сэдвийн хүрээнд өгүүлжээ. Дээрх чиглэлийн судалгааг монголчуудын мэдлэг ухаан, шинжлэх ухааны боловсрол, боловсролын макро орчин, чиг хандлага, их сургуулийн менежментийн хөгжил бүлгийн хүрээнд боловсруулсан байна.

Академич Б.Энхтүвшин сүүлийн жилүүдэд нүүдлийн нийгэм иргэншил судлалын талаар бичиж туурвисан бүтээлүүдээ тус номонд багцлан оруулахдаа соёл иргэншлийн хөгжилд нүүдэлчдийн оруулсан хувь нэмрийг төр ёсны уламжлал, нүүдэлчдийн уламжлалт мэдлэг, технологийн судалгаа, төв азийн соёл иргэншлийн хөгжил, нүүдлийн нийгэм зэрэг өгүүлэл, илтгэлээрээ тодотгон харуулсан байна.

Мөн нүүдэлчид, бэлчээрийн ашиглалт, тал нутгийн соёлын хөгжилд тэдгээрийн гүйцэтгэсэн үүргийг судлан дүгнэсэн ба соёл иргэншлийн харьцуулсан судалгаа, хил залгаа бүс нутгийн нүүдэлчдийн судалгаа, монголын нүүдэл соёлын аюулгүй байдал, чиг хандлагын талаар зохиогчийн удирдлаган дор зохион байгуулагдсан олон улсын экспедицийн судалгааны үр дүн, баримтад дүгнэлт зөвлөмжийг боловсруулсан нь ихээхэн сонирхол татахуйц юм.

Иргэншлийн онол, иргэншлийн хөгжил, иргэншлийн стандарт болон нүүдлийн нийгмийн судалгааны орчин үеийн асуудлуудыг уг бүтээлд өгүүлэхдээ монголын нүүдэлчдийн өв соёлыг нарийвчлан судалж, өнөөгийн шинжлэх ухаан технологийн дэвшилттэй уялдуулан хөгжүүлэх, “соёлын өв-технологийн шинэчлэл-боловсрол” гэсэн гурвалсан үзэл баримтлалыг бодлого боловсруулах, сурталчлах, хэрэгжүүлэх түвшинд төр засаг, шинжлэх ухаан, их дээд сургуулиуд цаашид анхаарах ёстойг таниулахыг зорьсон аж.

Мөн зохиогч иргэншил бол зөвхөн хотын амьдралаас үүдэлтэй бус харин хамтын амьдрал, засаглал, хууль эрх зүй, бичиг соёл, мэдлэг боловсрол, технологи шинжлэх ухаан, урлагийн өвөрмөц зохицлын нэгдэл болохыг харуулж байгаа гэдгийг тэмдэглэсэн байна.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг