sonin.mn

“Жижиг, дунд”-ынханд олгодог зээл хүрэх ёстой хүндээ хүрдэггүй, намын харьяалал бизнесээ хөгжүүлэхэд гацаа болж байна, банкны зээлийн хүү өндөр зэрэг асуудлыг хөдөө орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид онцолж байна.

Эдгээр асуудлыг “Эмэг­тэй­­чүүдийн эдийн зас­г­ийн эрх мэдлийг сайжруулах, чадавхижуулах нь” сэдэвт сур­галтын үеэр бизнес эрх­лэгч эмэгтэйчүүд хөндлөө.

Уг сургалтыг Засгийн газар, Жендерийн үндэсний хороо, АНУ-ын Монгол дахь Азийн сан хамтран зохион байгуулж байна. Энэ сургалт, хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд цуглаж тодор­хой асуудлуудын хүр­ээнд ярилцаж, санал дэвшүүлсэн юм. Тэдэнд тулгамддаг асуудал олон байдаг гэнэ.

Тухайлбал, эдийн зас­гийн хөшүүргэ муугаас шалт­гаалан хөдөө орон нут­гийн иргэд хувийн бизнесээ өргөжүүлэх боломж хомс байдаг. Үүнд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориу­лагд­сан зээл, төсөл хөтөл­бөрүүдийн хэрэгжилт муу, хүрэх ёстой хүндээ хүрдэггүйтэй холбоотой гэнэ. Мөн банкны зээлд хамрагдах боломж тааруу байдгийг ч тэд онцолж байлаа.

Учир нь бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээл нь бэлэн бараа, бүтээгдэхүүн худалддаг хүмүүст, хөр­өн­гө оруулалтын зээл нь томоохон бүтээн бай­гуулалтад зориулаг­дахаас жи­жиг, дунд бизнес эрх­лэгч буюу энэ төрлийн үйлдвэрлэлд зориулагдах нь үгүй хэмээн шүүмжилж байна. Тиймээс тэд жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн нөхцөлийг банкуудаас хүсч буйгаа энэ үеэр онцолно билээ. Харин энэ үеэр хэд хэдэн хүн Батлан даалтын санг сайшааж буйгаа илэрхийлж байсан.

Мөн хөдөө орон нутгийн иргэд бүх төрлийн бараа, үйлчилгээг хийх чадвар бий ч хийсэн зүйлээ худалдах зах зээл нь алга. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор тэдний урласан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг нэгдсэн төвийг аймаг бүрт нь байгуулах, түүнийг нь улсын төсвөөс ч хамаагүй хөрөнгө мөнгийг нь шийдэж, барьж өгөхийг төр засгийн удирдлагуудаас хүсч буйгаа илэрхийллээ.

Тэдэнд тулгамддаг бас нэгэн чухал асуудал нь боловсон хүчний асуудал гэнэ. Тухайлбал, Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Дулаан сөөхий” ХХК-ийн захирал И.Мандахбаяр энэ талаар ийн ярьсан юм.

Тэрбээр “Боловсон хүч­ний асуудал хотын томоо­хон үйлдвэрүүдэд ямар­хуу байдгийг бид мэдэх­гүй.

Юутай ч хөдөө орон нутагт хүндхэн асуудлуудын нэг энэ болоод байна. Яагаад гэвэл яг гутлын дизайны чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг сургууль ховорхон байдаг. Миний мэдэхээр “Урлах эрдэм”-ээс өөр сургууль байхгүй болов уу. Тэндээс төгссөн боловсон хүчнүүд нь хотод “бүгчихдэг”, орон нутгийг зорих хүн байдаггүй.

Тиймээс хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг эрхэмлэх гэж хичээгээд ч загвараараа гологдоод байна. Ингэчихээр л зах зээлийн ширүүхэн өрсөлдөөнд өвдөг сөхрөх нэг шалтгаантай болоод байна шүү дээ.

Тиймээс би “Урлах эрдэм”-тэй ч юм уу, эсвэл энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг өөр сургууль олж, гэрээ байгуулан төгсөгчдөөс нь ажилд авах санаа байна. Төв газар нэг ирснийх энэ ажлаа гүйцэлдүүлчихээд буцна даа” хэмээн ярив.

Хоёр өдрийн сургалтад хамрагдахаар орон нутгаас ирсэн жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд сур­галтын талаар өөрсдийн байр сууриа ч энэ үеэр илэр­хийлнэ билээ.

Тэд “Дараа дараагийн сургалтыг салбар бүрт нь зориулан практиктай илүү ойр дөхөм хэлбэрээр явуулахыг зохион бай­гуулагчдаас хүсч байв. Тух­айл­бал, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдгийг нь нэг сургалтад хамруулж, сургалтын үеэр энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэм­жээний томоохон үйлд­вэрүүдээр дагуулж явбал илүү үр дүнтэй байх болно.

Ингэвэл тэндээс шинэ техник хэрэгсэл, боловсон хүч­нээ хөгжүүлэх арга барил гээд цөөнгүй зүйлээс нь туршлага судлах болом­ж­той. Бид бизнесээ өргөж­үүлэхээр шинэ техник тех­нологи оруулж ирье гэхээр учраа олдоггүй. Үндэсний хэмжээний томоохон үйлд­вэрүүдээр орж техник хэрэг­сэлтэй нь танилцвал, энэ талаар ямар нэгэн зүйл олж мэдэх ч юм бил үү” хэмээн уламжилж байсан юм.

М.Уянга

Эх сурвалж: