sonin.mn

Улаанбаатар хотоос зургадугаар сарын 7-нд гарч Монгол орныхоо баруун аймгуудаар 5500 км унадаг дугуйгаар аялахаар замдаа гарсан Ч.Мөнгөндалай  сүүлийн 1000 дахь км замдаа ороод байна.

Түүний аялал 98 дахь хоногтоо үргэлжилж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт иржээ. Тэрбээр энд 2 хоног буудаллаад Ханх сум руу хөдөлж Хөвсгөл нуурт усан завьтай аялахаар төлөвлөжээ. Түүнийг Хөвсгөл аймгийн залуучуудын холбооны дарга Б.Мөнгөн-Эрдэнэ, тэргүүлэгч гишүүд, Засаг даргын тамгын газрын ажилтнууд угтсан байна. Зочломтгой монголчууд Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь найрсаг угтаж цай хоолоор дайлж, халуун сэтгэлийн дулаан үгээр урам зориг өгч, тусламж үзүүлж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг цог золбоотой, хүсэл мөрөөдөлтэй байж түүндээ хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй байвал зорилгодоо хүрэхэд  юу ч саад болдоггүйг олон залууст Ч.Мөнгөндалай нотлон харуулж байна.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг