sonin.mn

Үндэсний номын сан 1921 онд ардын хувьсгал ялсанаас дөрвөн сарын хойно үндэсний өв, эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан түүхтэй. Тухайн цагийн сэхээтнүүд болох гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номуудыг нийлүүлэн, хоёр мянга гаруй номтойгоор "Судар бичгийн хүрээлэн нэртэй" анх байгуулж байжээ.

"Судар бичгийн хүрээлэн"-г одоогийн Шинжлэх ухааны академийн дэргэд Оросын худалдаачин н.Козины байрлаж байсан байшинд байгуулах болсон бөгөөд номын сангийн албаны хэрэгцээнд зориулж засгаас 3000 лан мөнгө олгосон гэдэг.

Мөн тэр үед ном судар цуглуулах, орчуулахтай холбоотой 15 зүйл хууль гарсан байдаг. Түүний эхэн хэсэгт "Олон ном судар ба сургуулийн бичгүүдээс аль чухал, хэрэглэхийг нь өөрийн хэл бичигт түүвэрлэн орчуулж, олон ардыг сурган боловсруулах оюуныг судлуулах" гэжээ.

1924 онд Богд хааныг таалал төгссөний дараа Богдын ордны бүх ном судрыг "Судар бичгийн хүрээлэн"-д аваачсанаар тус номын сан үлэмж баяжсан гэдэг. 1940 онд "Судар бичгийн хүрээлэн" нь "Нийтийн номын сан" болж түүний төсөв мөнгө орон тоог нэмэгдүүлжээ.

Харин Чингисийн талбайн урд байрлах, одоогийн гурван давхар байр нь 1951 онд дөрвөн сая 500 мянган төгрөгийн төсвөөр ашиглалтад орж түүнээс хойш 63 жилийн турш 500 мянган номтой үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.

Эдүгээ Үндэсний номын сан нь гурван сая номтой, есөн фондтой, таван уншлагын танхимтай болж цар хүрээгээ тэлсэн бөгөөд нэг жилийн дотор 120 мянган уншигчдад 250 мянга орчим ном хэвлэлээр үйлчилдэг болжээ.

Харин номын сангийн урд Монголын анхны доктор, билгүүн номч, Б.Ренчингийн хөшөөг түүний мэндэлсэний 100 жилийн ойгоор босгожээ. Их эрдэмтэн Б.Ренчин амьд ахуйдаа ном судар бичих, орчуулах, таниулах, дэлгэрүүлэх гээд олон сайн үйл хийсэн билээ.

А.Батнасан

Эх сурвалж: