sonin.mn

Сурах бичгийг жил бүр шинэчлэн хэвлэх нь хэнд ашиггай вэ. Сурагчдад лав ач холбогдлоо өгөхгүй харин ч эсрэгээрээ сурагчдад буруу мэдлэг өгөх гарын авлага болж хувираад байна.

Тухайлбал, энэ жилийн 11 дүгээр ангийн монгол хэлний сурах бичигт Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг төрийн далбааны соёмбоны дээд хэсэгт таван хошуу нэмж байрлуулжээ. Мөн соёмбоны арга билэг нь буруу байрлалтай байх жишээтэй. Энэ алдаа бусдын бухимдлыг тун их төрүүлж байгаа.

Гэтэл БШУЯ-ны мэргэжилтэн уг асуудлыг өөрсдөөсөө түлхэж хэвлэлийн компанийн эх бэлтгэсэн хүний буруу мэтээр тайлбарлаж суух. Улсын хэмжээнд хэвлээд тараачихсан номыг одоо эргүүлэн татаж дахин хэвлэх, эсвэл алдаатай тэр чигээр нь хичээлийн жилийг дуусгах эсэх нь тодорхойгүй байна.

Уг нь тухайн сурах бичгийн эх материалыг захиалагч талаас бэлтгэж өгөөд хэвлэлийн компани зөвхөн хэвлэх ажиллагааг хариуцдаг баймаар. Гэтэл яам нь "Соёмбо" хэвлэлийн компанийн алдаа гээд хэнэг ч үгүй хэлж байх юм.

Ямартай ч энэ жил дахиж хэвлэхгүй юм аа гэхэд дараа жил дахиад хэвлэх нь ойлгомжтой болж байна. Төрийн далбаагаа танихгүй сургуулиа төгсч байгаа дунд сургуулийнхан ямар мэргэжилтэн болох бол.

Шүүмжилж буй иргэд "Хятадын төрийн далбааны таван хошууг байршуулсан байна. Арай ч дээ, тоглох зүйлээ олж ядах юм. Төрийн далбаагаа арай л ингэж усгаж боломгүй санагдана" гэжээ.

БШУЯ-наас сүүлийн жилүүдэд "Зөв монгол хүүхэд" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний хамгийн их өөрчлөлт бол сурах бичгийн шинэчлэлт юм. Жил бүр сурах бичгийг утга агуулгаар нь өөрчилснөөс болж сурагч багш нар нь учраа олохгүй төөрч будилах болсон.

Дараа жил нь дахиад л өөрчилчихнө. Сурах бичиг өөрчиллөө гээд "Зөв монгол хүүхэд" болж төлөвшөөд байгаа нь хаанаа юм бол. Өмнөх сурах бичгээ үзлээ гээд "Буруу хүүхэд" байсан гэвэл өрөөсгөл ойлголт болно.

Ингэж сурах бичгийг жил бүр шинэчилж хэвлэх, утга агуулгыг нь өөрчлөх нь зөвхөн хэвлэлийн компаниудад л ашигтай тусч байгаа байх. Сүүлдээ бүр хэвлэлийн компаниуд нь өнөөх сурах бичгийн "шинэчлэлийг" нь хийдэг болж таарч байх шиг.

Өөрөөр хэлбэл, сурах бичгийн тендерт шалгаруулалтгүйгээр тэнцсэн хэвлэлийн компаниуд боловсролын бодлого, тусгаар тоггнолын бэлгэ тэмдгээр "тоглох" боллоо.

Б.Цэцэг

Эх сурвалж: