sonin.mn

XIV Далай ламын Ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ энэ сарын 11-нээс  Монголын лам хувраг, сүм хийд, сүсэгтэн олны заллагаар Монголд айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Чойжин ламын музейд зочиллоо.

Энэ үеэр тэрбээр шарын шашны их сахиус Дорж Шүгдэнд сэржим өргөн, лам хувраг сүсэгтэн олонд уламжлалт ёс заншил, шашин шүтлэгээ хадгалах, эрдэм боловсрол, эв нэгдлийг хичээх нь эрхэм чухал болох тухай онцлон айлдаж, улс орондоо ихийг хийж бүтээсэн, бусдад тусалсан, зөв сайн хүн байхыг дахин дахин захиж байлаа.

Тэрбээр хэлэхдээ, “Энэ хийдэд Монголын төрийн болон богд нарын их сахиус болох шарын шашны их сахиус Дорж Шүгдэн залаатай байдаг. IV Богд болон VIII Далай лам нар ах дүү бөгөөд Лхалү хэмээх түвдийн эртний сурвалжит удмын хүмүүс юм. Монгол орноо IV Богдоос эхлэн Дорж Шүгдэн сахиусны шүтлэг, тахилга их дэлгэрсэн бөгөөд дараа дараагийн Богд нар болон Монголын олон лам дээдэс энэ сахиусыг шүтэж, ном зохиол туурвиж байсан.

Анх Монголын алдарт эрдэмтэн лам Зава Дамдин энэхүү сахиусны Бэүвүм буюу бүх уншлага, номыг эмхэтгэжээ. Монголын олон хийд дацангийн шүтээн байсан юм. Лхалү удмынхан эртнээс Дорж Шүгдэн сахиусыг шүтдэг бөгөөд миний бие болон урд дүрийн Тижан богдын шавь, өглөгийн эзэн тул бид нэгэн сахиустай, багш шавийн холбоотой хүмүүс билээ.

Одоо цагт хуучны уламжлалт түүх соёл, шашин шүтлэгийн ёс уламжлалыг хэвээр хадгалж байгаа нь аливаа юмсыг шинээр бүтээхээс илүү чухал ач холбогдолтой, үнэ цэнэтэй. Тиймээс эдгээрийг хадгалж буй  хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ энэ сарын 11-12-нд Монголын Үндэсний АСА циркт “Ямандаг бурхан болон Дорж Шүгдэн сахиусны амин авшиг” айлджээ.

Харин энэ сарын 13, 4-нд Чин Вангийн хүрээ буюу Булган аймгийн Дашчойнхорлин хийдэд нутгийн олны хүсэлтээр залран Гонбу Шалши сахиусны даган соёрхлыг хайрлаж, XIII Далай ламын монгол багш хэмээн алдаршсан Чин Вангийн Шаддүвдандар аграмбын хойд дүрийг ширээнд залах ёслолд оролцож, шинэ хувилгаанд Еший Чэнбий Ванчүг буюу Билгүүн, Эрдмийн Эрх баялаг хэмээх нэр соёрхжээ. XIII Далай ламын багшийн хойд дүрийг ширээнд залах ёслолд XIV Далай ламын Ёнзинбагшийн хойд дүр оролцсон нь нутгийн сүсэгтэн олны удаан жилийн хүсэл биелсэн, билэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал болжээ.

Мөн Өндөр гэгээний хийд хэмээн алдаршсан Амарбаясгалант хийдэд энэ сарын 14-16-нд морилж, хийдийн лам хуврагууд Богд ринбучэ-д бат оршил буюу мандал өргөжээ.

Тус хийдийн Түнлха буюу IV Богдын номын их сахиус Дорж Шүгдэн бээр хувраг гэлэн Лувсанчойдогийг IV Богдын таалалын эрхэм шавь олноо Жидорын хамба лам хэмээн алдаршсан Их Хүрээний Хамба номун хан Агваанхайдүвийн гуравдугаар дүрийн хувилгаанаар тодруулан айлдсан бөгөөд энэхүү хувилгааныг ширээнд залах ёслолд оролцож, шинэ хувилгаанд Еший Чойжи Ванчүг буюу Билгүүн, Номын Эрх баялаг хэмээх нэр соёрхжээ.

Ийнхүү XIV Далай ламын Ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ-ийн айлчлал шашин номын хур буусан үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө.

Ж.Болор | Гэрэл зургийг Б.Цэрэнжамц

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг