sonin.mn

(Эрэн сурвалжилсан тэмдэглэл)

1. "Хөх толбо" сонины 2014 оны 1 дүгээр сарын №1,2 дугаарт нийтлэгдсэн "Нэгэн гэр бүлийн түүхээс" цувралд Дөрвөд Далай хааны зүүн аймгийн Саруул гүн хошуу буюу одоогийн Увс аймгийн Хяргас сумын Булган хангай багийн малчин тус сумын түүхэндэх гол ус бүтээсэн бүтээлч хүн Дүүрэнгийн Сундуйн дуусаагүй амьдрал өгүүлэлд Захчин Донройн нэр товч дурдагсан билээ.

Гэтэл уг нийтлэлийн дараа 1991 оны 9-р сарын 19- нд Монгол улсад ах дүү 14 айлын хамт нүүж ирсэн Захчины Тугч Харбаатарын элхэний Мөнхийн Бадам уг нийтлэлд нэр нь дурдсан Захчин Донройг мэддэг төдийгүй Донрой гуай Захчин зон олондоо нэр төртэй хүн байсан тухай мэдээлж энэ тухай эрэн сурвалжилж бичих нь зүйтэй гэсэн юм.

Одоо мэдэгдэж байгаагаар тэднийх Равдан гэдэг хүү, Око гэдэг охин мөн Дожоо гэдэг өргөмөл охинтой байсан бөгөөд Равдангийн Линхуа нь миний хоёрдохь ах Батжаргалтай сууж манай бэргэн эгч болсон юм. Донройн Равдан саяхан болтол амьдарч 90 гаруй наслаад нас барсан тухай хэлсэн.

Дөрвөд далай хан аймгийн Зогдор гэдэг баян хүний охинтой сууж явсан Донрой туслагч бол Захчин хошууны цөөхөн хэдэн эрдэмтэй сайдын нэг байжээ. Тэр жил Хяргас нуурын хар хөдөөд Дамбийжаа өвөлжихдөө үйлчин болгохоор тус хошуунаас найман охин авч явсны нэг нь До туслагчын эхнэр болжээ.

Доктор О.Оюунжаргал "Манж чин улсаас Монголчуудыг захирсан бодлого" бүтээлдээ 2013 онд Ховдод Сурах жасаанаас гадна хорин сурагчын орон тоо бүхий сургууль байсан бөгөөд түүнд Дөрвөд чуулганы найм, Өөлд, Мянгад, Захчин хүшууны тус бүр хоёр хүн сурч байсан тул уг сургууль нь сурах жасаанд явах эрхгүй хошуудын түшмэдийг бэлтгэх үүрэг гүйцэтгэж байжээ гэж мэдээлжээ.

Захчин Донрой гэрийн болон улсын тусгай боловсрол эзэмшсэн төрийн нэн чухал албан хаагч байжээ. Бичиг боловсролоороо захчин ноёны дараа, магадгүй илүү гарах хүн байв.

2. 2011 онд "Монгол улсын засгийн газрын ажлын алба 1911-2011 он" гэсэн 100-н жилийн баримтын эмхтгэл ном гарав. Уг түүхэн номд баруун монголыг болон Монголыг түвээсэн хэмээн ярьж ирсэн Дамбижамцангийн албан ёсны цол хэргэм, албан тушаал, алдар хүндийн байдлыг албан ёсоор мэдээлэв. Тэр зүгээр нэг тэнүүлчин урвагч байгаагүй.

Харин Их Монгол улсын төрийн зүтгэлтэн, улсын сайд хүн байжээ. Богд хаант Монгол улс Ховд хотыг чөлөөлсөн аугай их гавъяаг нь гүнээ хүнтэтгэж, олноор өргөгдсөн Их Монгол улсын Баатар цолоор шагнаж, албан ёсоор Баруун Монголын олон Монгол аймгийг илбэн төвхнуулах сайдаар томилж тамга тэмдэг, хамгийн өндөр 1200 лан мөнгөний цалинтай, тусгай эрхтэй ноёд албат, газартай, тухайн үеийн ханшаар шар торгон хэвнэг мөн шашны тэргүүн гэх мэт олон зүйлээр албан ёсоор шагнаж тохон томилсон байжээ.

Дамбийжаагийн мэдүүлснээр тэр үеийн ноёд баядыг шагнах, тушаал дэвшүүлэх, торгох шийтгэх ажлыг хийдэг байжээ. Тэр өөрийн биеэр үлгэрлэн Их Монгол улсын үйл хэрэгт өчүүхэн боол би үнэнч зүтгэнэ хэмээн андгай тангаргалан захчин, дөрвөд, урайнхай хошуудыг Их Монгол улсад нэгтгэсэн байна.

Тэр монголд ирэх бүрийдээ үйл хэргээ захчины ноёдод найдан ажлаа явуулж байсны нэгэн адил Богд хаант Монгол улсын захиргаанд өргөсөн бичгэндээ захчин болбоос Монгол улсын хил хязгаарын сүв нутаг мөн. Тийм учраас баруун монголын цэргийн сайдаар захчин хошууны ноён Самбууг томилох санал оруулсныг ёсоор болгосон билээ.

Мөн хамгийн түрүүн 1912 оны 9-р сарын 23-ны өдөр Захчин ноён Цэрэндорж Захчины бүгдийн дарга Самбуу болон Дамбийжанцан нар зөвлөлдөн тамга дарсан бичгээ Богд хаанд барьсан. Түүнийг Богд хаант Монгол улс тааламжтайгаар хүлээн авсан билээ.

Ийнхүү Захчины ноёд Дамбийжаагийн туслах хамтран зүтгэгч, орлогч, шадар сайд зэргийг хийж байсны нэг нь Цэрэндорж ноёныг нас барсны дараа номонд мэргэн төвд монгол бичигтэй Гомбо-Очир ноёньгг шадар сайдаараа авч ажиллуулжээ. Гомбо-Очир ноёны шадар туслахаар мөн бичиг боловсролын чадвар сайтай Донрой туслагч ажиллаж, түүний зам мөрийг Дамбийжаа заажээ.

3. Ийнхүү Захчин Ноёны шадар, хошууны туслах, Жа ламын бичээч хийж явсан дөрвөөс таван хэлтэй мундаг хүн байсан тухай Бадамын аав Захчины Тугч Харбаатарын элхиний Насангийн Мөнх гуай хүү Бадамдаа дурсан ярьдаг байжээ.

Бадам бол 1963 онд БНХАУ-ын Шинжаан Уйгарын Хар Хошуунд терж Шинжааны "Эрх чөлөө" радио станцид сурвалжлагчаар ажиллаж байгаад 1991 оны 9-р сарын 19-нд Монгол улсад ах дүү 14 айлын хамт нүүж ирээд "Хөх толбо" сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан билээ.

Монголд ирээд Тугч Харбаатарын элхин гэсэн овог авах гэсэн боловч бичээчийн техникийн алдаанаас Тугч гэдэг,нь хасагдсан. Захчины ноёд баядтай энэ зэрэгцэн Захчины Тугч Харбаатарын яруу алдар бадарч байсан гэж үе үеийн өвгөд ярьсаар ирсэн билээ. Ороо догшин том азарга унаж Ойрд Монголын тугыг барьж дайн тулалдаанд ордог эрэмгий эр зоригтой том хүн байсан гэдэг, нас барсных нь дараа түүний цээжинд чоно төрж байсан гэдэг.

Энэ хүний талаар эрэн сурвалжлага явагдаж байна. Оросын судлаач Кычанов Өөлдийн Харбаатар Аюушийн талаар мэдээлсэн. Өөлдийн Харбаатар Аюушийг Захчины Харбаатар Аюуш гэж зарим түүхчид бичсэн.

Өөлдийн Харбаатар Аюушийн зураг Бээжин хотноо байрлах хааны ордонд байсан. 260 алдар гавьяатны нэг болж зураг нь байсан бөгөөд 1909 онд дайны хөлд устах нь устаж ихэнх нь гадаадад гарах үед азаар Харбаатар Аюушийн хоёр хөрөг үлджээ.

Тэр ойрдын сүүлчийн хаан Даваачийг барьж Манжийн хааны алдар хүндийг хүртсэн билээ. Түүнийг нас барахад шарил дээр нь Манжийн хаан эмгэнлийн бөгөөд сэтгэлийн үгээн хэлж нулимсаа унагаж шүлэг хайлсан билээ. Одоогоор судлаачид түүнийг эрэн сурвалжилж байна.

4. "Хөх толбо" сонинд хэвлэгдсэн Шинжааны их сургуулийн багш судлаач Бадамын Батбаярын "Шинжаан дахь Шинжааны Захчингууд" өгүүлэлд Донрой туслагч 1949 онд БНХАУ-ыг байгуулагдахад Хар усан аймгийн захчин хошууны туслагч болж байсан тухай мөн мэдээлжээ. Мөн 2014 онд БНХАУ болон Монгол улст нэгэн зэрэг хэвлэгдсэн "Захчины түүх соёлын асуудал" бүтээлд Захчин Донройн сууж буй өвгөн насных нь зураг хэвлэгдэв.

Цал буурал сахалтай сайхан бууралын зураг гарчээ. Мөн Шинжааны болон БНХАУ-ын архивд Донрой туслагчийн талаар багагүй материал байж болох талаар мэдээлж Шинжаанд байгаа тайж ноёд, сайдын нэг нь Донрой туслагч юм.

Донрой бол 1889 онд Ховдын хязгаарт Захчин гүний хошуунд төрсөн. Донрой бол Захчин гүний хошууны Найдан тайжийн хөвүүн, Дамдинбазарын садан салтар тайж гаралтай цагаан ястан хүн болно. Тэр тод, худам 2 зүйлийн үсэг бичгийг сайн мэддэг байжээ. 13 настайдаа ноёны бичээч болсон гэдэг.

Тэр захчины гүний хошууны Гомбо-Очир, Дамдинбазар хоёр үеийн засаг ноёдын хошууны тамгын газрын бичээч, хошууны гүздэй болон туслагчийн алба хашжээ. Захчины нутаг түүнийг Дооёо туслагч гэдэг ба "Их ах" гэж хүндэтгэн дууддаг санжээ.

Донрой 4-р зэргийн тайж, цэргийн ноёны хошууч хурандаа цолын зэрэг хэргэмтэй байжээ. Тэр ажил шийдэхдээ чанга, хулгай хийсэн хүнд дургүй. Ард албатаа чанга барьдаг хүн байжээ.

Донрой залуу цагтаа Дамбийжанцаны бичээч болж байсан учраас Дамбийжалцан түүнд Дөрвөд Далай хааны хүүхэн Жөмбөнг хатан болгон авч өгчээ. Тэр махлаг, бүдүүн тарган, хар, өндөр цогцтой хүн байжээ. Дооёо хөвгүүн, хүүхэн хоёртой. Хөвгүүн нь Равдан, хүүхэн нь Окаа. Тэдний үе хойчис одоо Хээр даага, Хүүрт гэдэг газар амьдарч байна.

1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа бараг 1953-1956 оны хооронд Захчин хүрээ (Санжийн хүрээ) -ний ардын сургуульд багш болж сурагчдад өдөрт нь тод, латин үсэг, шөнөд нь тоо заадаг байжээ. Түүний эхнэр Жөмбөн ч тод, тангад ном мэддэг байж бас Санжийн хүрээний ардын сургуульд ном заажээ.

Дооёо бол Захчины Ламтан гэгээний зөөрийг уламжлан авсан хүн. Бас дом тарни хийдэг домч, тарнич хүн санжээ. Донрой Захчин нутгийн түүх барьдаг хүн байж. Түүнд ноён сайд, гэгээн хутагт, лам хувраг, хүрээ хийд болон нутгийн түүх хадгалагдаж байжээ. Гэтэл улс төрийн хөдөлгөөнөөс айгаад "Ганц хөвгүүнд минь ачаа болно" гээд 1951-1952 оны үеэр вангийн шар газрын Башуурын Анжсан салаа гэдэг газар өвөлжиж байхдаа өөрийн биеэрээ харгай модны галд түлж орхисон гэдэг.

Түүнд бас "Орчлонгийн түүх" гэдэг ном байсныг "Дөрвөн хуучныг устгах" хөдөлгөөний цаг үед "Буг болно" гээд бурхан шүтээнтэйгээ хамт түймэрдэж орхижээ. Дооёод Захчины "Хэвтмэл данс" гэдэг ном хадгалагдаж байсан бөгөөд түүний дотор Равжамба Зая бандидаас наашхи Захчины түүх болон Захчин ноёдын түүх байсан гэдэг.

Дооёо туслагч 1959 онд 70 настайдаа Башуур гэдэг газар нас баржээ. Ясыг нь Башуурт тавьж дахин түүний гэрээсээр арван хэдэн жилийн дараа ясыг нь чандарлаад үнсийг нь харгайд цацжээ гэж мэдээлээд XX зууны дээд хагаст Захчины гүний хошууны Цэдэвдаш гүн (1823-1839 оны хооронд гүний хошууны ноёны тушаалд байсан үед Захчины Мамудын удмын цагаан ястан дотор 18 тайж байсан гэнэ.

Энэ 18 тайжийн нэгийнх нь хойчис Өөлөө тайжийн хөвгүүн Чомгаа тайж гэдэг их бага настай хүн байжээ. Тэр Цэрэндорж тайжтай зэрэг хэргэм булаалдаж гүний зэрэг олохоор бүх мал хөрөнгөө Манжийн сайд ноёдод таталга татаад дуусгажээ. Гэтэл хошууны гүн өргөмжлөлийн хибса /хивс-Г.Я/ Цэрэндорж-д ирсэн тул Чомгаа тайж гүн болж чадсангүй байжээ.

Чомгаа тайжийн хөвгүүн Пунцаг тайж гэж байсан бөгөөд Гомбо-Очирыг дагаад Шинжаанд нүүж иржээ. Шинжаанд нүүж ирсэн Захчины цагаан ястан дотор мөн тэр 18 тайжийн үр хойчис ч байжээ.

Захчины тайж нар нь Гомбо-Очирын харьяанд байх Шинжааны Захчин хошууны мэдэлд байжээ. Захчин Шинжаанд ирсний дараа, Захчины тайж болон хошууны сайд ноёдод жица (байцаагч), цанму (зөвлөгч) болон цэргийн хошууч цол шагнаж зохих хэмжээний цалин пүнлүү олгож байжээ. Шинжааны Захчин хошууны тайж нарын нэр зэргийг нь жагсаавал доорхи мэт:

1. Шинжааны Захчин хошууны жүн ван зэрэг бэйл Гомбо-Очир
2. Шинжааны Захчин хошууны тэргүүн зэргийн тайж Дамдин-базар
3. Шинжааны Захчин хошууны дөрөвдүгээр зэргийн тайж, жица Ванчиг /Банчиг/
4. Шинжааны Захчин хошууны туслагч тайж, жица Донрой /Доёо туслагч/
5. Шинжааны Захчин хошууны жица Бямбаа
6. Шинжааны Захчин хошууны Жамбаа
7. Пунцаг тайж /Пужаа тайж/


Үүний доорх Ванчиг, Донрой, Бямбаа, Жамбаа дөрвөн жица бол Захчин Шинжаанд нүүж ирсний дараа мужийн засгийн газраас өргөмжлөн баталсан юм.

Дамдинбазарт зэрэг хэргэм залгамжлуулах өргөдөл бичжээ. Шинжаан мужийн дарга Шэн Ши Цай Захчкшы сайд ноёд болон их лам нарыг дуудуулан зөвч хийж 1933 он 8 сарын 17-ны өдөр Гомбо-Очирын хөвгүүн Дамдинбазарыг жүн ван зэрэг засаг бэйл өргөмжилж /тамгын хэмжээ 6,9 см х 6,9 см. Монголчилбол: "Захчин вангийн хошууг захирагч засгийн тамга/ гэдэг хятад үсэгтэй тамга олгож Донрой туслагч Хойгорой Мэйрэн нартай хамтран Шинжааны Захчин хошууг хамааран захирах эрх олгожээ.

5. 2014 онд "Хөх толбо" сонинд гарсан "Нэгэн гэр бүлийн түүхээс" нийтлэлд захчин Донройн тухай анх мэдээлсэн хүн бол Увс аймгийн Хяргас сумын Булган Хангай багийн малчин 83 настай Сундуйн Аниушка гуай юм. Энэ талаар түүнээс дахин лавлахад Дөрвөд далай хан аймгийн саруул гүний хошууны Зогдор биш Гилбааны Зугдар гэдэг хүний охинтой суусан гэдэг.

Зугдар биш харин түүний аав Гилбаа бол баян чинээлэг хөрөнгөтэй хүн байсан бөгөөд Хангилцаг, Марцын голын ай сав Хяргас нуурийн Хар Хөдөөгөөр нутагладаг, Нутгынхан тэднийхнийг баяачуул гэдэг, үнэхээр хошууны тэргүүний баян Дөрвөд Далай хан аймагтаа алдартай хүн байсан.

Дамбийжаагийн үйлчин хийж байсан найман бүсгүйгийн нэг нь эдний төрлийн хүн байсан бөгөөд Дамбийжааг баригдсаны дараа тэндээн үлдэж баруун алтайд Захчин Донрой гэдэг хүнтэй суусан бөгөөд Хожим нь Дамдин, Молом, Паньд гэсэи гурван ах дүүдээ хүргэн Захчин Донрой нь ачаа бараатай хоёр хүүхэдтэйгээ айлчлан Сарууг Гүний Хошуунд ирж байсан гэж миний аав Дүүрэнгийн Сундуй ярьж байхыг би сонссон гэжээ.

Паньдийн аав Амгалан Донройн эхнэрийн дүү нь байсан байж магадгүй. Зугдарын аав Гилбаан Өмч херөнгөтэйгээс гадна "Тавнан" цолтой байсан. Тавнан Гилбаагийнхан-баячуулынхан гэж хэлдэг байсан Гилбаан хүүхдүүдээс Бүрэн, Цэцрэн гэж ах дүү хоёр байсан.

Саруул Гүний хошуунд нэг үе ноён залгамжлах үр төрөөгүй учраас хошуу засаг арван зургаан жил завсардсан энэ үед хошуу ноёноор Тавнан Гибаан хүү Бүрэн 16 жил Хошуу захирсан. Учир нь тэднийх хошууны үзүүр баян гэгч Бурай Хангилцаг Хяргас нуурын хөвөө Хар Хуцаан бэлээр нутагладаг байсан.

Түүний "Хөх Толбо" сонинд өгсөн өмнөх нийтлэлээс иш татвал :
1911 онд Ховдын дуулиант чөлөөлөлт болохоос өмнө энэ нуггаар тэмээн тэргээр орж ирсэн Дамбийжаагийн тэмээн тэрэгний мөрийг сониуч хүсэлдээ хөтлөгдөн сонирхож явахад ээж нь "их хүний мөрөөр хамаагүй явж болохгүй алдас болно" хэмээн дуудан авчирж байсан гэдэг.

Анх Саруул гүний хүрээнд хоёр тэмээтэй ирж байсан тэрээр хожим тэмээн тэрэгтэй эргэн иржээ. Тэмээн тэрэгний мөр толь шиг цэмцгэр нутгийн элсэн дээр зурайхад тэр хүү сойирхон дагаж явжээ. Энэ мөр хожим нь түүний амьдралын түүхийн мөр болж үлдсэн юм. Энэ нутагт алдас болно гэж хэлсэн аугаа их хүний түүхэн мөр үлджээ.

Энэ мөрөөр бяцхан хүү хожим нь аялсан юм. Хоёр хун нисэж буусан газар энд нуур байх юм байна гэж Дэжээлэнгийн хийдийн бэлэнчлэгч бүтээлч хөдөлмөрөөс хөндийрсөн лам нарыг түргэн авахуулж газар ухуулан бүтээлч үйлсэд хөдөлгөсөн анхны дурсамж нь Шархын нуурын ором юм.

Тэнд эхлээд ус тогтоолгосон боловч том нуур үүссэнгүй. Гэхдээ Дамбийжаа гэдэг хүний хувьд монголчуудыг бүтээлч үйлсэд тэмцэлд дуудсан зүйл байлаа. Тэр Саруул гүний нутагт анх ирж Хяргас нуурын Талын хар гэдэг уулын хаяанд гэр барьж өвөлжжээ.

Түлээ аваачиж өгөхөд Дамбийжаа түүнийг нь үзээд Ламаажааг сайхан түлээ түүж ирлээ гэж их үнэлж гэртээ оруулаад бууны нэг сум, боодолтой бэлэг өгч дулаан сайхан өвөлжсөнийхөө талархлыг Саруул ноёнд уламжилж улмаар Улиастайн амбанд санал хүсэлт гарган Саруул жанжин гүний хошуу болж ноёны хэргэм зэргийг ахиулсан байна.

Ламаажааг гэрт ороход үйлчлэгчээр авсан нутгийн найман охиныг шузага татаад гэзгээр нь уячихсан байсан гэдэг. Энэ найман охин түүний үйлчлэгч болж хамт явсан ажээ. Нэг нь захчин Донрой гэдэг хүнтэй сууж хожим нь ханиа дагуулан Саруул гүний хошуунд эхнэрийнхээ нутагт зочилж байсныг санаж байна гэж дурслаа.

Хожим нь малчин агент хийж байсан. Пүрвээ гэдэг хүүхэд нь байсан. Тэдний төрлийн надаас 6 ах 88 хүрч байгаа Жамбал гэдэг хүн байна. Түүнтэй уулзаж учрах хэрэгтэй. Цээж сайтай ухаан саруул юм юм сонирхож явдаг түүнтэй уулзах хэрэгтэй. Тэр удам угсааныхаа талаар сайн ярих байх. Түүний асарсан аав нь Дорж гаргасан аав нь Баарийдаа гэж байсан хэмээн Аниушка гуай хуучлав.

Түүний батлан ярьж байгаагаар "Жа ламыг тус хошуунд өвөлжиж сайхан өвөлжүүлсэний төлөө Улиастайн сайдад мэдүүлж тус хошууг Гүний хошуу цолоор шагнуулан өөрийнхөө туслагч үйлчнээр Саруул Гүний Хошуунаас найман охин авч ажиллуулж байгаад баруун хязгаар явахдаа авч явсан бөгөөд тэдний нэг нь Зугдарын охин бөгөөд Захчин Донройтой сууж хэдэн жилийн дараа нөхөртэйгээ нутагтаа ирсэн гэж сонссон" гэж ярьсан нь Жа ламын шадар сайд туслагчаар захчины ноён Гомбо-Очир ажиллаж байхад түүний шадар туслагчаар Донрой ажиллаж байхдаа баядын хошууны үйлчин охинтой хайр сэтгэлтэй болж улмаар хожим сууж хадмынхаа нутагт айлчилсан гэдэг нь түүхэн үнэнд нийцэж байна.

Энэ тухай Шинжааны радиогийн сурвалжлагч асан Мөнхийн Бадам дэлгэрэнгүй зүйлийг бичнэ гэж амалсан билээ

Эх сурвалж: "Хөх толбо" сонин