sonin.mn

Энэ удаагийн ярилцлагын зочноор зураач, өмгөөлөгч Ч.Энхээг урьж ярилцлаа. Түүнийг ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг, мөн нэрт зохиолч, яруу найрагч Ч.Чимид агсны хүү гэдгээр нь уншигчид сайн мэдэх билээ.

-Аавтайгаа хамт байсан үеэс тань яриагаа эхэлье. Танд эцэг хүний хувьд ихэвчлэн юу захиж, сургадаг байв?
-Тиймээ. Би эрх талдаа хүүхэд байлаа. Аав "Миний хэдэн хүүхдээс энэ л намайг залгамжилж явах ганц хүүхэд дээ" гэж ярьдаг байсан. Багаасаа л их сэргэлэн, хэлэмгий уран цэцэн үгтзй хүүхэд байсан болохоор анзаарсан биз. Мөн үр хүүхэд бидэндээ "Зовлонгоо өөрөө үүрч, жаргалаа бусадтай хуваалцаж амьдраарай" гэж сургадаг байлаа.

-Ч.Чимид гуайн бичсэн "Би монгол хүн" гэдэг шүлэг их алдартай. Гэтэл бодит амьдрал дээр Ч.Чимид гуай шүлгэн дээрх шигээ "Аргалын утаа боргилсон малчны гэрт" төрж өсөөгүй гэдэг?
-Аливаа хүнд уугуул суугуул нутаг гэж байдаг даа. Аав бол Улаанбаатар хотын уугуул хүн. Харин суугуул нутаг нь Баянхонгор аймаг.

-Аавдаа шүлэг зохиолоо үзүүлж зэмлэл, магтаал их сонсдог байсан биз?
-Шүлэг зохиол бичиж, үзүүлж байгаагүй дээ. Харин нэг удаа орчуулга хийгээд үзүүлтэл аав "Миний хүү Орос хэлэндээ сайн л юм байна. Даанч чи Монгол хэлээ сайн мэддэгүй юм байна'шүү дээ" гэж билээ. Тэр үед нь би их ундууцаж уурлаж байлаа.

-Таныг хожим нь олон зохиол бичсэнийг мэднэ. Тэр бүгдийгээ эргээд харахад алдаа оноо их биз?
-Тэр үед бичсэн зохиолууд минь сурч, оролдож бичсэн нь олонтоо болохоор алдаа дутагдал байлгүй яах вэ. Гэхдээ би хийсэн бүхэндээ одоо ч сэтгэл хангалуун байдаг. Миний бүтээлүүдээс олны сайн мэдэх "Санаж яваарай" гэдэг кино бий. Хоёр ихэр залуугийн тухай гардаг юм.

Түүний зохиолыг би Б.Явуухулан найрагчийн хүүтэй хамтарч бичсэн юм. Тухайн үед "Хоёр том зохиолчийн хүүхэд нийлж бичдэг нь ч юу вэ". "Хоёулаа Энхээ нэртэй байдаг нь ч юув дээ" гэх зэрэг яриа өрнөж, тэр үедээ л шуугиан тарьж байсан шүү. \инээв\

-Яагаад Б.Явуухулан найрагчийн хүүтэй хамтарч кино зохиол бичих болов оо?
-Тухайн үед "Соёл-Эрдэнэ" хамтлагийн залуучуудын хурал болж байлаа. Тэр хурлаар зохиолчид эстрадын дуунд зориулсан шүлэг бичих тухай яриа болж байсан юм. Тэгтэл дуучин Б.Баяр босоод "Чимид зохиолчийн хүү Энхээ их гоё шүлэг бичдэг. Түүний шүлэг яг манай эстрадын дуунд тохирно" гэж ярьсан юм.

Тэгэж хэлэхээр нь би хариуд босоод "Уучлаарай би дууны шүлэг бичдэггүй, Б.Явуухулам гуайн хүү Я.Энхээ шүлэг бичдэг юм" гээд түүнийг заатал хүмүүс ч түүн рүү хачирхан харж, хөгжөөн шуугиан болж билээ.

Тухайн үед хүмүүс Я.Энхээгээс илүү намайг мэддэг байсан юм. Бид хоёр тэндээс гараад ярихгүй юу. "Нээрээ ямар сонин тохиол вэ". "Ер нь хоёулаа нийлж иймэрхүү сэдвээр кино зохиол бичих үү" гээд л санаа нэгдэж байлаа.

-Таныг хилсээр гүтгүүлж шоронд орсон тухай мэдэх юм байна. Тухайн хэрэгт нэрт зохиолч, сэтгүүлч Л.Түдэв гуайг холбоотой гэдэг яриа бий?
-Угаасаа Л.Түдэв гуай л намайг гүтгэчихсэн шүү дээ. Намайг "Үнэн" сонинд ажиллаж байх үед Л.Түдэв гуай "Намын төв хороонд Хятадын тагнуул орчихлоо" хэмээн матаж шоронд оруулсан юм. Шоронд байхдаа би зохиол бүтээлээ хийж л явлаа.

Тухайн үед шүүх намайг гэм буруугүй гэдгийг тогтоож цагаатгасан лдаа. Намайг шоронд ороод гараад ирэхэд найз нөхөд маань зайгаа барьж дүлэгнэх шинжтэй байсан. Тэгээд би заавал найз нөхдөөр яах вэ ганцаараа явъя гэж шийдсэн.

Тэр үед хүмүүс надад хэлдэг байсан. "Чи ч хүндхэн хэрэгтэй холбогдпоо доо" гэх мэт. Би ер нь ямарч хүнд хэцүү зүйл тохиолдсон аль болох сэргэлэн цовоо байхыг хичээдэг зангаараа энэ бүхнийг даван туулсан. Тэглээ гээд их бэрхшээл туулчихсан мэт бардамнаад байх юм алга.

-Таны аав Л.Түдэв гуайтай найз нөхөд байсан шүү дээ. Миний найзын хүүхэд гэж бодоогүй юм байх даа?
-Тиймээ, миний аавтай ойр дотно байсан. Л.Түдэв гуай чинь аавын дараагийн үед гарч ирсэн зохиолч шүү дээ. Аав дээр ирж зохиолоо хянуулж засуулаад явдаг л байсан. Харин яагаад тэгсэний учрыг би одоо болтол олоогүй.

Хүмүүс ярихдаа Л.Түдэв гуайг надаас охиноо харамлаад тэгсэн гэдэг. Зарим нь аавтай чинь хувийн хонзонтой байсан юм гэлцдэг.

Өөрөө надад ярихдаа бол "Нийгмийг аюулаас хамгаалахын А.Жамсранжав гэж хурандаа тэгэж хэл гээд шахалт үзүүлээд байхаар нь би чамайг гүтгэхээс өөр аргагүйд хүрсэн" гэж хэлээд уучлалт гуйсан. Яг юунаас болсоныг би сайн мэддэгүй юм. Тэр үед Д.Урианхай зохиолч бид хоёрыг уулзуулж байлаа.

-Хоёр сарын өмнө зохиолч С.Пүрэв гуай манай сонинд өгсөн ярилцлагадаа Ч.Чимид маань хээгүй, гүндүүгүй, сайхан монгол эр хүн байсан гэж хэлсэн. Аавын чинь энэ зан чанар таньд өвлөгдөж үлдсэн үү?
-Үгүй. Аав хээгүй гүдэсхэн, нийтэч зантай бол би хямсгар, ихэмсэг бас чоно мэт ганцаардмал хүн. Надтай нийлдэг байсан нөхөд бүгд урвасан. Намайг зовлонтой хүнд хэцүү цагт орхиод явсан хүмүүсииг ямар найз нөхөд гэдэг юм.

Бас ганцаардах үед минь хаяад явсан эхнэрийг ямар эхнэр гэх юм бэ. Тийм болохоор надад аавын нөхөрсөг, нийтэч тэр сайхан зан чанаруудаас нь юу ч үлдээгүй. Одоо найз нөхөд гэхээр урьд цагийн гудамжны хэдэн атаманыг л нэрлэх байх даа.

-Тэгвэл тэр сайхан аавынхаа их нэр хүндийг ямархуу хэмжээнд өргөж явна гэж өөрийгөө дүгнэж байна?
-Би нэг зүйлээр их бахархдаг. Хаана ч явсан Ч.Чимидийн удмынхан архинд орчихож гэнэ, муу явж гэнэ гэх зэргийн юм дуулддаггүй. Аавынхаа нэр төрийг ендөр өргөж яваа гэж боддог.

Одоо миний зурсан зураг, бичсэн зохиол, олон хүнийг өмгөөлж байсан бүхэн минь үүнийг илтгэнэ. Өдий хүртэл хэр баргийн сэхээтэн миний дайтай хийж бүтээж, чадаагүй л байхгүй юу. Амьдралдаа би сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсен цаг үед хийж бүтээсэн зүйлс минь миний амьдралын жаргалтай үе юм даа.

-Одоогоос хэдэн жилийн өмнө нэг сонин дээр таны "Би Монголын номер нэг өмгөөлөгч" гэсэн утгатай юм ярьсан байдаг. Хүнд бардам зан байх хэрэгтэй гэж үү?
-Би тэгэж хэлээгүй ээ. Энэ худал мэдээлэл байна. Надаас ч илүү өмгөөлөгчид байдаг шүү дээ. Би өмнө нь өөрийгөө Монголын шилдэг хорь гучин өмгөөлөгч дотор багтана гэж боддог байсан минь бол үнэн. Бардам зан бол хүнд байх ёстой л зүйл гэж боддог.

-Тэгвэл та өөрийнхөө ямар зан чанарт жаахан шүүмжлэлтэй хандаг вэ. Өөрийнхеө дотоод хүнтэйгээ их ярьдаг биз. "Ч.Энхээ чи тэгэж болохгүй шүү" гэх мэтээр?
-Би өөрийнхеө ямарч занг шүүмжилдэггүй. Хэвлэл мэдээллээр миний тухай янз бүрийн л юм бичдэг юм. Тэр бүхэн цөм үнэн. Ер нь би өөрөө хүний санаанд тааруулж амьдрах дургүй хүн. Харин өөртэйгөө бол дандаа ярьдаг. Гэхдээ өөртэйгөө ярьдаггүй сэдэв гэж бас байдаг.

-Алдарт зохиолч Ч.Чимидийн хүү Ч.Энхээ, Монголын шилдэг өмгөөлөгчдийн нэг Ч.Энхээ, Ардчилалын анхдагчдын нэг Ч.Энхээ аль нь танд их нэр төрийн хэрэг вэ?
-Ардчилалын анхдагч Ч.Энхээ гэсэн нэр минь илүү үнэ цэнэтэй. XX зуунд болсон гурван том хувьсгалын нэгийг бүтээлцсэндээ баяртай байдаг. Энэ бол хүн бүрт олдоод байдаггүй хувь тавилан. Сонин, телевиз радио гээд л бүх зүйл дээр миний нэр үлдсэн байгаа биз дээ. Насаараа ажиллаад ч түүхэнд үлдэж чадаагүй хүн байна.

Зөвхөн энэ үйлсээрээ би бүх өрөө төлсөн. Улс төрчид, компанийн захирлууд надад насан эцэс болтлоо баярлаж явах ёстой. Тэр бүх хүмүүс миний хүчээр л тэр суудалд гарч ирсэн. Тэдгээр хүмүүс дотор бол намын хорооны зааварлагчийн хэмжээнд байх ёстой хүн ч байгаа.

-Та сүүлийн үед уран зургийн үзэсгэлэнгээ гаргаад завгүй яваа сурагтай. Таны зургийг хүмүүс хэр сонирхдог вэ?
-Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд миний "Нат-1" бие даасан үзэсгэлэн гарсан. Энэ үзэсгэлэндээ Натюрмортын төрлөөр голчилон туурвисан бүтээлүүдээ тавьсан байгаа.

Миний зургуудийг хүмүүс сонирхож цуглуулдаг л юм. Би зураг зураад арваад жил болж байна. Ямар ч зургийн сургууль тегсөөгүй. Харин манай өвөг эцэг зураг зурдаг, сийлбэр хийдэг гарын уртай хүн байсан.

-Уран зураг таны сэтгэл санаанд ямар өөрчлөлт нөлөө үзүүлж байна?
-Өмгөөлөгчийн ажил сэтгэл зүрхийг хамгийн их нервтүүлдэг ажил шүү дээ. Миний өмгөөлж байсан хүн гэмт хэргээсээ болж цаазын ял авах болоход би гурав хоног унтаж чаддаггүй. Хэрэгтэнтэйгээ бараг найз нөхөд мэт дотно болчихдог.

Өмгөөлөгчийн ажлаас болоод уран зураг руу орсон. Зургаа зурж байхдаа би хоол ч идэхгүй, цай ч уухгүй байж чаддаг. Уран зураг намайг тайвшруулж, сэтгэлийн хаттай, тэвчээртэй байхад нөлөө үзүулдэг. Үүний хүчинд л амьдралыг даван туулж байна шүү дээ.

-Таны өвөө н.Чойжил комиссар гэж Х.Чойбалсан гуайн туслах байсан хун гэж мэдэх юм байна. Ер нь тэр хүний тухай та хэр мэдэх вэ ?
-Б.Ширэндэв гуайн "Давалгаа", аавын "Магеллан хаагуур гарсан бэ" зэрэг зохиолуудад тодорхой байдаг. Маршалын комиссар байсан цэргийн хүнд зохиолчид их санаа тавьж, хүндэлдэг байсан юм.

Яруу найрагчдын дунд нэг ийм онигоо гарсан байдаг. "Архи уусны дараа шараа хаана тайлах вэ гэвэл Архины заводод н.Пүрэв гуай дээр оч, "Алтай" ресторанд н.Чойжил дээр оч" гэж. Сүүлд өвөө Ресторанд ажилласан л даа. Ерөнхийдеө бол хүмүүсийн шарыг тайлж өгдөг байсныг бодоход их л цайлган сэтгэлтэй хүн байсан юм шиг.

-Одоо та хэнтэйгээ амьдарч байна?
-Эхнэртэйгээ л хамт амьдарч байна даа. Том охин минь тусдаа гарсан.

А.Батнасан

Эх сурвалж: