sonin.mn

Төв аймгийн Эрдэнэ сум дахь Өвөржанчивлангийн рашааны ойролцоо "Тогос чүлтэм" гэх гадны хөрөнгө оруулалттай компани цагаан тугалга олборлох ажлыг эхлүүлжээ. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж гомдол гаргасан байна.

Уг асуудлаар "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл", "Босоо хөх монгол" ТББ-ууд хамтарч тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагатай гэдгийг мэдэгдэж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байх хоригоо дахин үргэлжлүүлэхийг уриалж мэдээлэл хийлээ.

Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан тус хориг дуусч байгаатай холбоотойгоор энэ сарын 23-наас уул уурхайн компаниудад лиценц олгож эхлэх аж. Мөн Өвөржанчивлангийн рашаанаас дөрвөн киломерийн зайд "Тогос чүлтэм" гэх компани цагаан тугалга олборлох ашиглалтын зөвшөөрлийг 2011-2041 он хүртэл 30 жилийн хугацаатай авсан байна.

Уг тусгай зевшөөрөл авсан талбай нь 2012 оныг хүртэл тусгай хамгаалалтад бапгаж байсан ч Төв аймгийн нутгийн удирдлагуудтай хуралдан тусгай зөвшөөрлийг нь авчээ. "Дэлхийн Монгол- Ногоон хөдөлгөөн"-ий тэргүүн Х.Бээжин "Бид өчигдөр Өвөржанчивлан орж байдалтай танилцаад ирсэн.

Жанчивлан рашааны ойролцоо "Тогос чүлтэм" гэх гадны хөрөнгө оруулалттай компанийн гэр баригдсан байсныг шаардлага хүргүүлж буулгасан. Цаашид тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоох хүртэл бид тэмцэнэ " гэв.

Жилд 10 мянга гаруй хүн хэрэглэдэг Жанчивлангийн рашаан нь дэлхийн цэвэр усны эх хагалбарт байрладаг учир улсын хамгаалалтад авсан байдаг. Гэтэл тус рашааны ойролцоо гурван километр урт 30-40 метрийн өргөн талбай ухаж эхлэхээр бэлтгэж дөрвөн километр гаруй төмөр шон зоосон аж.

Ахмад геологич Л.Дорлиг "Олон жилийн түүхтэй Жанчивлангийн рашаанд олборлолт хийж эхэлбэл рашааны цооногт өөрчлөлт орно. Энд цагаан тугалга байхгүй. Хэрэв олборлолт хийвэл рашаан л ширгэх болно " гэлээ. Өвөржанчивлангийн рашааны ойр орчимд 147 өрх нутаглаж, зургаан аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.

П.Энхээ

Эх сурвалж: