sonin.mn

Гаалийн холбооны орнуудын мал эмнэлгийн шинжээчид 08 дугаар сарын 31-нээс эхлэн 14 хоногийн хугацаатай Монгол улсад ажиллаж эхэлсэн тухай мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын www.dvab.gov.mn вебсайтад байрлуулсан билээ.

Шинжээчид нь 09 дүгээр сарын 02-10 хооронд шинжээчид ажлын 2 хэсэгт хуваагдан Дархан, Орхон, Увс, Завхан аймаг болон Улаанбаатар хотод ажиллав. Энэ хугацаанд ОХУ-д мах экспортлох боломжтой гэж үзсэн 12 махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, хянан магадалгаа хийсэн.

Мөн Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Дархан Уул, Орхон, Завхан, Увс аймгийн Мал эмнэлгийн лаборатори, дээрх аймгуудын мал эмнэлгийн хэлтэс, мэргэжлийн хяналтын мал эмнэлгийн улсын байцаагчийн үйл ажиллагаатай танилцав. Томилолтын явцад дээрх аймгууд болон Улаанбаатарт хотын ойролцоо орших 4 малчин, эрчимжсэн 2 фермийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж, мал, мах бэлтгэлийн тогтолцооны талаар нарийвчилсан судалгаа хийв.

Үнэлгээний урьдчилсан үр дүнгийн талаар 09 дүгээр сарын 12-ны өдөр ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалд мэдээлэл өгч, цаашид хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Ажлын хэсгийн ахлагч Е.Н.Дубровин өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар телевиз, сонинд товч мэдээлэл өгсөн. Дараа нь ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар болон Гаалийн холбооны улсын мал эмнэлгийншинжээчид хамтран хянан магадалгаа үнэлгээнд хамрагдсан махны үйлдвэрийн төлөөллийг байлцуулан урьдчилсан үнэлгээний талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултанд хариулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солицов.

Монгол улсын мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын бүтэц, тогтолцоо, харилцан уялдаа холбоо, гүйцэтгэх эрх, үүрэг, хууль эрх зүйн орчин, тэдгээрийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар цуглуулсан материалд анализ хийж, Монгол улсад бэлтгэсэн мах нь Гаалийн холбооны орнуудад импортлох үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгч, үнэлгээний явцад гарсан доголдол дутагдалын арилгах талаар шаардлага бүхий үнэлгээний тайланг гарган Гаалийн холбооны орнуудад илгээж тэднээс санал авсаны дараа манай талд ирүүлэх болно.

Ирүүлсэн тайланд дурдсан зөрчил доголдлыг арилгасан тухай МХЕГ-ын хөндлөнгийн дүгнэлт, холбогдох баримт нотолгоо, гэрэл зураг, нэмэлт мэдээллээр баяжуулан Монгол улсын малын Ерөнхий эмчийн гарын үсэг бүхий албан бичгийг дээрх орнуудад илгээнэ.

Эцэст нь Монгол улсаас ирүүлсэн дүгнэлт, албан бичгийг  үндэслэн Беларус, Казакстан, ОХУ-ын мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын хяналтын албаны шинжээчдийн хорооны нэгдсэн дүгнэлт гарч Монгол улсаас Гаалийн холбооны орнуудад руу мах, махан бүтээгдхүүнийг экспортлох зөвшөөрөл, квотын эрх олгогдоно.