sonin.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас "Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох" журмын дагуу 2014 онд судалгааны тэтгэлгийг 10 шилдэг залуу эрдэмтэнд гардууллаа.

Уг тэтгэлэг нь  эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион  бүтээх  ажлаараа инновацид чиглэсэн төсөл бичиж шалгарсан  залуу эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох,  эрдэмтдийн залуу халааг бэлтгэх зорилготой юм. Докторын дараах бүтээлээрээ тэтгэлэгт хамрагдахаар  өнөө жил  50 орчим бүтээл ирснээс ийнхүү шилдэг 10-ыг  шалгаруулжээ.

Судалгаа хийнэ гэдэг нэг хэрэг. Харин хийсэн судалгаагаа амьдралд хэрэгтэй бүтээл, бодит ажил болгох тал дээр  анхаарах нь чухал гэдгийг БШУ-ны сайд тэтгэлэг гардуулах үеэр эрдэмтдэд захилаа. Тэрбээр мөн "Дэлхийн хэмжээний асуудлыг шийдэх тэрхүү  эрмэлзэл манай залуу судлаачдаас үнэртэж байгаа. Тиймээс монголын шинжлэх ухааны маргааш гэрэл гэгээтэй  байна гэдэгт итгэлтэй  байгаа.

Бидний мөрөөдөл  дэлхийн шинжлэх ухааныг  диваажин болгох. Тэрхүү  диваажин  байгуулах ажилд та бүхэн гар бие оролцон  шамдаж ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо. Залуу эрдэмтдийг  дэмжин, тэдний шилдэг судалгааны ажилд олгодог тэтгэлэгийн  хэмжээ 10 сая төгрөг бөгөөд 2010 оноос хойш энэхүү тэтгэлэгийг нийт  36 хүн хүртээд байна.