sonin.mn

МОСКВА. /BBC/. ОХУ-ын нийслэл Москвад “Энхийн жагсаал” гэж нэрлэсэн арга хэмжээ ням гарагт болж өнгөрлөө. Хотын эрх баригчдын зохион байгуулахыг зөвшөөрсөн сөрөг хүчний жагсаалд янз бүрийн мэдээллээр 5-50 мянган хүн оролцжээ.

Энэ арга хэмжээ нь Украинд болж буй дайн болон “Оросын түрэмгий гадаад бодлогыг” эсэргүүцэхэд чиглэсэн бөгөөд “Бүх Оросын энхийн жагсаал” гэж хэлж болно. Учир нь Оросын бусад хотод ч ийм арга хэмжээг зохион байгуулсан гэж сөрөг хүчний удирдагч нар хэлсэн байна.

Санкт-Петербург хотод идэвхтнүүд Казанийн сүмийн дэргэд цугласан бол "ОВД-Инфо" цахим хуудсанд мэдээлснээр, Новосибирскт болсон жагсаалыг тараажээ.

Нийслэл хотод жагсагчид Пушкиний талбайгаас Сахаровын өргөн чөлөө хүртэл жагссан байна. Эсэргүүцлийн арга хэмжээнд 50 мянга орчим хүн оролцжээ.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны Москвагийн асуудал эрхэлсэн ерөнхий газрын тооцоолсноор, жагсаал эхлэх үед арга хэмжээнд оролцогсдын тоо 5000-д дөхсөн байна. “Гэхдээ жагсаал оролцогсдын дотор сөрөг хүчний төлөөлөгчдөөс гадна Донецк болон Луганскийн Бүгд Найрамдах Улсыг дэмжигчид мөн байсан” гэж тус газрын цахим хуудсанд тэмдэглэжээ.

“Интерфакс” агентлагийн мэдээлснээр, эсэргүүцлийн арга хэмжээний үеэр ноцтой зөрчил гараагүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг