sonin.mn

ШАНХАЙ. /ITAR-TASS/. Өчигдөр Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд /ШУӨЗО/ цуврал дэлбэрэлт болсон тухай тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Дэлбэрэлт Луньтай хошууны хэд хэдэн жижиг сууринд бараг нэг зэрэг болсон байна. Одоогийн байдлаар хоёр хүн амиа алдсаныг тодруулжээ. Мөн олон тооны хүн шархадсан тухай мэдээлсэн байна.

Долдугаар сарын 29-нд ШУӨЗО-ны Кашгар мужид зэвсэгт халдлага болсон юм. Хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн бүлэг этгээд цагдаагийн хэсэг болон Засгийн газрын барилга руу халдсан байна.

Тэд мөн автомашин дэлбэлж, хажуугаар нь өнгөрсөн хүмүүст халджээ. Халдлага үйлдсэн хэргийн сэжигтэн болох 19 хүн хууль сахиулах байгууллагынханд наймдугаар сарын 10-нд бууж өгсөн байна.

Үүнээс гадна, Куньмин хотод энэ оны гуравдугаар сард халдлага үйлджээ. Тус хотын төмөр замын буудлын хүлээлгийн танхимд хутгаар зэвсэглэсэн найман этгээд дайран орсон байна. Халдлагын үеэр 31 хүн амиа алдаж, 141 хүн шархаджээ. Болсон явдлыг Хятадын эрх баригчид хожим нь "террорист халдлага" гэж нэрлээд, ШУӨЗО-ны салан тусгаарлах үзэлтнүүдэд халдлагын хариуцлагыг тохсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг