sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Арван сарын өмнө Улаан нүдэн гараг руу илгээсэн Америкийн судалгааны хиймэл дагуул Ангарагийн тойрог замд амжилттай оржээ. Энэ тухай 670 сая долларын өртөг бүхий уг төслийг хэрэгжүүлэгч АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн болон Колорадо муж улсын Их Сургуулийн төлөөлөгчид ням гарагт мэдээлсэн байна.

Одоо мэргэжилтнүүд “Локхид-Мартин” компанийн бүтээсэн хиймэл дагуулын байрлалыг тодорхойлох болон түүний багаж хэрэгслийн хэвийн ажиллагааг хагас сарын хугацаанд шалгах ажээ. Үүний дараа уг аппарат Ангараг гарагийн агаар мандлыг судлах ажлаа эхэлнэ. Зургаан жижиг хөдөлгүүр болон нарны зайгаар тоноглогдсон хиймэл дагуул хэдийгээр жилийн хугацаанд судалгаа явуулах даалгавартай боловч Улаан нүдэн гарагийн тойрог замд хэдэн жилийн хугацаанд байна гэдэгт эрдэмтэд найдаж байгаа ажээ.

Mars Atmosphere and Volatile Evolution /MAVEN/ буюу Ангарагийн агаар мандал ба дэгдэмхий бодисын хувьсал гэж нэрлэсэн уг аппаратыг 2013 оны арваннэгдүгээр сарын 18-нд хөөргөсөн юм. Энэ хиймэл дагуул нь Ангарагийн агаар мандалд чухам юу тохиолдсоныг судалгаа шинжилгээний багаж хэрэгслийнхээ тусламжтайгаар судлах ёстой байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг