sonin.mn

Мэргэжлийн хяналтын газар саяхан мэдээлэл хийхдээ нэг марзан юм ярилаа. “Сайра” нэрийн нөөшилсөн загаснаас “скребни” хэмээх шимэгч илэрсэн байна. Илрээд дөрвөн сар өнгөрч.

Түүнээс хойш “Сайра” лаазалсан загасыг худалдаалахыг хориглож татан авсан байна. Тэдгээр бүтээгдэхүүнээсээ дахиад түүвэрлэн 110 дээш авч шинжлэхэд 20-иос нь буюу 18,1 хувьд дахин шимэгч хорхой илэрсэн байна.

Тиймээс ОХУ-ын Ула&н-Үд хотын “Титан” ХХК-д мэдэгдэж зөвшилцсөний үндсэн дээр нөөшилсөн загасыг тус компанид буцаах шийдвэр гаргажээ. Тэгээд 26 мянга гаруй нөөшилсөн загасыг буцаасан юм байх аа. Үйлдвэрлэгч тал болох ОХУ-ын хяналтын байгууллагаас тухайн үхсэн шимэгч хорхой нь хүний биед сөрөг нөлөөгүй гэж тайлбарлаж байгаа гэнэ.

Гэхдээ Орос улсад мөрдөгдөж байгаа САС-ын стандартаар бол “нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнд гадны хольц, биет байх ёсгүй” гэсэн заалтыг үндэслэн үйлдвэрлэгчийн технологийн алдаанаас үүдэлтэй гэж үзсэн аж.

Хэдийгээр мэргэжлийн хяналтынхан “Сайра” загасыг шимэгчтэйг илрүүлсэн боловч захын дүүргийн дэлгүүрүүдээр байж л байгаа. Лаазалсан таван “Сайра” загас тутмын нэг нь шимэгч хорхойтой гэхээр олон хүн тэр шавьжийг идсэн болж таарна. Гэхдээ хоргүй хойно яая гэхэв.

Ер нь яагаад Хятадаас орж ирсэн жимс жимсгэнээс хачиг илэрвэл хурааж устгаад сүйд болдог байж Оросын компаниас илрэхээр нь буцаагаад явуулчихдаг байна. Хил гаалийн хяналт шалгалт нь юу хийж байдаг болж байна вэ.

Хариуцлагагүй, түүний дээр бэртэгчин байдал харагдаад байх юм. Мөн загас идэх гэсэн хүнд шимэгч өгчихөөд “хоргүй гэсээн” гээд зогсож байж таарах уу.

Ж.Энх

Эх сурвалж: