sonin.mn

Шатахуун ачиж явсан машин чиргүүлтэйгээ шатсан хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэллээ. Алсын замд гараад 100 гаруйхан км яваад гэнэт шатсан нь жолоочийн хариуцлагатай холбоотой эсэхийг шалгалтаар тодруулах юм.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Шатахуун түгээх станцад бензин хүргэхээр явсан "Хьюндэй Трэн" маркийн чиргүүлтэй машин Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн зам дээр явж байхдаа шатсан байна.

Машиныг шатаж эхлүүт ойролцоо байсан хиамны цехийнхэн Замын цагдаагийн газар руу утасдан мэдээлжээ. Машин, чиргүүлд нийлээд 33000 литр бензин ачсан байв.

Машин, чиргүүл хоёроос авах юм үлдсэнгүй. Жолооч нь гэмтэхээс өмнө машинаасаа буужээ. Ослын талаар бүрэн шалгалт шинжилгээ хийсний дараа жолоочийн хариуцлага, бусад ямар шалтгаан байгааг тодруулан, зохих арга хэмжээ авна гэдгээ Замын цагдаагийн газраас мэдээлэв.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг