sonin.mn

НҮБ. /ITAR-TASS/. "Эбола" вирусээр үүсгэгдсэн өвчнөөр өдөр бүр 200 гаруй хүн нас барж байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Баруун Африкт тархаад байгаа халдварт өвчинтэй тэмцэх асуудлаарх уулзалтад үг хэлэхдээ мэдэгджээ.

“"Эбола" вирусээр үүсгэгдсэн халдварт өвчний тархалт улам бүр газар авч байна. Энэ өвчнөөр өдөрт 200 гаруй хүн нас барж байгаагийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд юм. Хэдийгээр африкчууд хүчин чармайлт гаргаж байгаа боловч эрүүл мэндийн тогтолцоо ачааллаа дийлэхгүй байна” гэж Бан Ги Мүн хэлжээ.

Тэрбээр бие хайргүй ажиллаж байгаа эмч нарт талархаж буйгаа илэрхийлсэн байна.

“Эмч нарын 300 гаруй нь вирусийн халдвар авсныхаа дараа нас барсан” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ.

Түүний хэлснээр, эрүүл мэндийн салбарт урьд өмнө болж байгаагүй хямралын энэ нөхцөлд НҮБ-д асар том итгэл найдварыг хүлээлгэж байна.

“Бид үүнд бэлэн байгаа бөгөөд энэ сорилтыг давж чадна” гэж Бан Ги Мүн хэлжээ. НҮБ-ын маш олон ажилтан сайн дураараа халдварт өвчний голомтод очиж ажиллахаар бүртгүүлснийг Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон дурдсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Баруун Африкт "Эбола" вирусийн халдвар аван нас барагсдын тоо 2917-д хүрч, 6263 хүн халдвар авчээ.

Аюултай вирусийн халдвар Баруун Африкт хурдацтай тархсаар байгаа юм. Одоогийн байдлаар Либери, Сьерра-Леон, Гвиней, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Сенегал улсад халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг