sonin.mn

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайд, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын хамтарсан 2011 оны 261/101 дугаар тушаалаар 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийж, Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хурлаар 2014 оны 09 сарын 11-ний өдөр хэлэлцүүлэн, хурлаас гарсан шийдвэрийг холбогдох газар, хэлтэс, байгууллагт хүргүүллээ.

Хөтөлбөрийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцахаар Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, төрийн бус байгууллага, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, мэдээлэл авч, хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь очиж ажилласан.

Үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 22 зорилтын хүрээнд 168 үйл ажиллагаа төлөвлөснөөс 2013 оны жилийн эцсийн байдлаар биелэлт 78.7 хувьтай байна. Үйл ажиллагааны төлөвлөгөөний 14.2 % буюу 24 ажил хэрэгжилтийн шатанд, 7.1% буюу 12 ажил хэрэгжээгүй байна.

Хэрэгжээгүй ажлуудыг танилцуулбал:

    БЗДХ-ын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээллийн сүлжээнд хамруулах
    Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах стратеги боловсруулах
    Нөөцийн зарцуулалт хангамжийг хянах мэдээллийн сүлжээ байгуулах
    Нар салхины эрчим хүчээр ажиллах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг дархлаажуулалтад нэвтрүүлэх судалгаа, туршилт хийх
    Улаанбаатар хотын хүн амын дундах A вируст гепатит, цусан суулгын өвчлөлд нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгаа хийх
    Зарим нянгийн өсгөврийг хуурайшуулах аргыг практикт нэвтрүүлэх судалгаа хийх
    Хулгана тахал өвчний тархалтын судалгаа хийх
    Анаплазмоз, эрлихиоз өвчний үүсгэгчийн тархалтыг судлах
    Тарваган тахлын үүсгэгчийн ийлдэс судлал, рекомбинант оношлуурын судалгаа хийх
    Тарваган тахал, боом, лептоспироз, хулгана тахал оношлох хуурайшуулсан тэжээл бэлтгэх туршилт хийх
    Хачигт халдвар, Ку чичрэг, лептоспироз, хумхаа, өрнөд Нилийн халуурал, ям, хуурмаг сүрьеэ өвчний оношлогоо, эмчилгээний стандартыг шинэчлэн боловсруулах
    Томуу, томуу төст өвчин, нянгийн тандалтын стандартыг шинэчлэн боловсруулах зэрэг болно.

2013 онд улсын хэмжээнд 30 төрлийн халдварт өвчний 37.320 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.985 тохиолдлоор буурсан буюу 10.000 хүн амд 132.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 21.3-аар буурсан байна.

Дүрслэл 1. Нийт халдварт өвчний хөдлөл зүй, 10 000 хүн ам тутамд, 2003-2013 он

Улаанбурхан өвчнийг таслан зогсоосон, А вируст гепатит, цусан суулга, улаанууд, сальмонеллёзийн өвчлөл зорилтот түвшиндээ хүрсэн тодорхой үр дүнтэй боловч гахай хавдрын өвчлөл зорилтот түвшинд хүрээгүй ба нийт халдварт өвчний дотор 14.1 хувийг эзэлж байна.

Дүрслэл 2. Шалгуур үзүүлэлт дахь халдварт өвчин,10 000 хүн ам тутамд, 2010-2013 он

2013 онд бүртгэгдсэн гахайн хавдрын өвчлөлийн 5268 тохиолдолын 82,5 хувийг сургуулийн насны хүүхдийн өвчлөл эзэлсэн байна. Иймд гахайн хавдрын дэгдэлтээс сэргийлэхийн тул салбар хоорондын уялдаа холбоог нэгтгэн үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Боловсрол шинжлэх ухааны яамтай нягт ажиллан ЕБС, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Сүрьеэгийн түрхэц эерэг шинэ тохиолдлын эрт илрүүлэлт, эдгэрэлт сайжирч, сүрьеэгийн эдгэрэлтийн хувь нэмэгдэж, нас баралтын түвшин 2013 оны байдлаар дэвшүүлсэн зорилтын хүрээнд байгаа нь хэрэгжүүлсэн үйл ажиллагаа үр дүнтэй байгааг харуулах боловч ОЭДС нэмэгдэж буй нь чанарын хувьд онцгой анхаарал татаж байна.

2013 оны байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 14.904 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 39.9%-ийг эзэлж, өнгөрсөн онтой харьцуулахад 10 000 хүн амд 1.5-аар нэмэгдсэн байна. Нийт өвчлөлийн 41.9%-ийг тэмбүү өвчин, 32.5%-ийг заг хүйтэн, 25.4%-ийг трихомониаз, 0.2%-ийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.

Дүрслэл 3. Бэлгийн замаар дамжих халдвар, 10 000 хүн амд, 2011-2013 он

Сүүлийн 3 жилийн байдлаар төрөлхийн тэмбүүгийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2013 онд нийт 26 тохиолдол бүртгэгдсэнээс Баян-Өлгий аймаг-1, Дорнод аймаг-4, Орхон аймагт 3, Өвөрхангай аймагт 3, Хэнтий аймаг-1 Улаанбаатарт -14 тохиолдол гарсан байна.

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 2011, 2012 онуудад Засгийн газраас 9.7 сая, Олон улсын байгууллагаас 13.6 сая төгрөг нийт 23.3 сая төгрөгийн санхүүжилт тусгагдсан. Үүнээс 2012 онд Засгийн газраас 4 сая, Олон улсын байгууллагаас 688.581 мянган төгрөгийн санхүүжилт тус бүрт хийгдсэн байна.

БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээний үндэсний хариу арга хэмжээнд жилд ойролцоогоор 5 тэрбум гаруй төгрөг /2011, 2012 оны Засгын газар, төрийн бус байгууллагуудаас оруулсан санхүүжилтын судалгаагаар/ зарцуулагдсан бөгөөд үүний 30% -ийг улсын төсвөөс, 70%-ийг олон улсын байгууллагын санхүүжилт эзэлдэг, БЗДХ-ын эмийг 100 хувь, оношлуурын 30 хувийг Глобаль сангийн төслөөр хангасан байдаг.

ХДХВ/ДОХ,БЗДХ-ын эмчилгээний зардлыг санхүүжүүлэгч Глобал сангийн санхүүжилт 2015 оноос зогсох тул засгийн газрын санхүүжилтийг энэ чиглэлд батлуулах, эсвэл эмчилгээний зардлыг улсын төсөвт суулгах зайлшгүй шаардлага тулгарч байна.