sonin.mn

Концесс буюу төр-хувийн хэвшлийнхний оролцоотой анхны буюу  "Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам" ашиглалтад орлоо.

Концессын төслийн уг гэрээг Засгийн газрын тогтоолоор Төрийн өмчийн хорооны даргад эрх олгосны дагуу 2011 оны 10 дугаар сарын 26-нд нд "Эн Ти Би" ХХК болон "Саусгоби сэндс" ХХК нарын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий "Ар ди си си" ХХК-тай байгуулжээ. Концесс эзэмшигч нь Концессын тухай хуулийн дагуу дээрх 2 компанийн хөрөнгө оруулалтаар автозамыг барьж байгуулан ашиглалтад өгч байна хэмээн албаныхан онцолж байна.

Хүнд даацын автозамын урт 44 км бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалтад 109 тэрбум төгрөг зарцуулжээ. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл" нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж буй бөгөөд концесс эзэмшигч нь автозамыг энэ өдрөөс хойш 15 жилийн хугацаанд ашигласны дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлэх юм байна.

Нээлтийн ажиллагаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат, тус яамны Концессын хэлтсийн дарга Ц.Батбаяр, "Ар ди си си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чулуунзоригт хөрөнгө оруулагч Моннис Интернэшнл болон Саусгоби сэндс ХХК нарын удирдлагууд болон албаны бусад төлөөлөгч оролцлоо.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг