sonin.mn

Энэ удаагийн дугаартаа “Морьтны гайхамшиг” циркийн үзүүлбэрийн жүжигчин Х.Анхбаатартай ярилцлаа.

-Ярилцлагаа таныг анх циркийн урлагтай холбогдож эхэлсэн тэр үеэс эхэлье. Яагаад заавал энэ урлагт татагдсан юм бол?

-Би 1999 онд нийслэлийн 78 дугаар сургуулийг төгссөн. Багаасаа л хөдөө явж, морь унаж өссөн л дөө. Улсын багшийн их сургуулийн Биеийн тамирын багшийн ангид сурч байхдаа Н.Болдбаатар гэдэг хүний шавь болж байлаа.

Ингэж л 2001 онд циркийн босгыг давж, "Морьтны гайхамшиг”-ийн жүжигчнээр орж байсан юм. 2002 оноос өнөөдрийг хүртэл 13 жилийн турш Солонгос, Тайвань гэх мэт газраар аялан тоглолтоор тоглож, өдийг хүртэл давхиж байна даа.

-Тэгвэл нум сум харвахыг сонирхож эхэлсэн үе нь?

-“Морин харваа” холбоо албан ёсоор 2004 онд байгуулагдаад одоо арван жил болж байна. Анх зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байлаа.

-Морь чадварлаг унах, нум сум мэргэн харвахыг нэгэн зэрэг үзүүлж чаддагаараа гайхамшигтай юм. Морио унаад давхихаараа омогшино биз?

-Морины нуруун дээр гарахаараа “Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой” гэдэг шиг л болно шүү дээ. Морьтон монгол гэдэг утгаараа омогшилгүй яахав. Энгийн байгаагаасаа эрс өөр болно /инээв/.

-Гадны үзэгчид хэр сонирхон хүлээн авдаг бол?

-Гадны үзэгчид маш сайн хүлээж авдаг. 1999 оноос авахуулаад л манай “Морьтны гайхамшиг” үзүүлбэр Солонгос улсыг тэр чигээр нь байлдан дагуулж байна. Анх 1996 онд “Монгол морьтон” холбооны Ш.Цогтхүү эмээлээ үүрээд л очсон байдаг юм. Тэрнээс хойш Чэжү арал дээр едийг хүртэл Монгол Улсынхаа нэрийг гаргаад л явж байна.

-Манай циркчид гадны улсад аялан тоглолтоор их очдог, эсвэл бүр тэндээ амьдрахаар үлдэж байгаа харагдах юм. Энэ нь циркийн хангамж, нөхцөл бололцоотой холбоотой байна уу даа?

-Ер нь бол цирк уналтын байдалтай байж байгаад 2001 оноос хойш арай сэргэж ирсэн. Ингээд 2007 онд Асашёорю Д.Дагвадорж хувьчилж авсан. Түүнээс хойш хоёр жил тогтмол үйл ажиллагаатай байсан боловч эргээд байдал бүрхэг болсон. Цалин мөнгөө ч өгөхөө больсон. Тэгээд жүжигчдээ эхнээс нь халах хүртэл арга хэмжээ авч эхэлсэн шүү дээ.

Ингээд л бид 2009 онд тал тал тийшээ тарсан даа. Өмнө нь төв цирк 100 гаруй үндсэн жүжигчидтэй, 80 гаруй гэрээт жүжигчидтэй байлаа. Гэтэл одоо 20 гаруй л хүн байдаг байх. Доторх үйл ажиллагааг нь сайн мэдэхгүй байна. Одоо хааяа нэг цирк рүү яваад орохоор бараг “Та юун гадны хүн бэ” гээд л хөөх шахуу байдаг юм.

-Циркийн бэлтгэл сургуулилт байр дутмаг байгаа тухай, ялангуяа хуучин циркийн байртай холбоотой асуудал нэлээдгүй л яригдлаа. Одоо бэлтгэл, сургуулилтаа хаана хийдэг юм бэ?

-Циркээр овоглож явсан багш, жүжигчид гээд бүх уран бүтээлчид 2009 оноос хойш хувиараа ажиллах болсон. Одоо циркийн сургууль дээрээ л сургалтаа явуулдаг юм. Гэтэл энэ байр маань Хөгжим бүжгийн коллежийн харьяат болохоор тэр бүр тухтай бэлтгэл хийж бас болохгүй ээ.

Бэлтгэлийн байр үнэхээр хүрэлцээ муутай. Бэлтгэл хийх боломжгүй шахуу. Одоо бол бид энд тэнд заал түрээслээд, энд тэндэхийн хүмүүсээр морьдоо маллуулаад л байж байна.

-Морьдоо хэрхэн сонгодог бол. Их л шилэгдмэл сайн морьд байдаг байх даа?

-Өмнө нь монгол морин дээрээ үзүүлбэрээ үзүүлдэг байсан. Одоо бол дандаа эрлийз адуун дээр хийж байна. Морины гэдсэн доогуур орох, үсэрч харайхад том, өндөр биетэй морь зүгээр байдаг юм.

Дээрээс нь жингийн хувьд эрлийз морь 500 кг гаруй жинтэй байхад монгол морьд дээд тал нь 350 кг жинтэй байх жишээтэй. Өөрсдөө морьдоо харж, шилж авна. Тайзан дээр харагдах байдлаар нь зүс сайтай, харахад “Ямар гоё морь вэ” гээд уулга алдмаар байлгахыг хичээдэг.

-“Морьтны гайхамшиг” үзүүлбэрийн жүжигчин болохын тулд их удаан бэлтгэгддэг байх?

-Бүтэн зургаан сар морьдоо бэлдэнэ. Жүжигчдээ хоёр жил бэлтгэнэ. Нэг үзүүлбэрийг гаргахын тулд дор хаяж жил хагас юмуу хоёр жилийн хугацаа зарцуулж байгаа юм. Зөвхөн бэлтгэлээс гадна тэр үзүүлбэрээрээ бүтэн жил тоглолт хийж байж тэр уран бүтээлч зүгширнэ.

Ингэж байж “Морьтны гайхамшиг”-ийн жүжигчин болно шүү дээ. Бид өдөр болгон таван цаг бэлтгэл хийдэг. Морины хоёр цагийн бэлтгэлээс гадна биеийн бэлтгэл гэхэд дор хаяж хоёр цаг байдаг. Тэгэж байж уран бүтээлч гэдэг нэр хүндээ авч явах ёстой юм.

-Одоо морьтой бэлтгэлээ хаана хийж байна вэ. Хуучин циркийн байранд хийх боломжгүй гэдэг нь тодорхой?

-Хуучин цирк дээр бэлтгэл хийх боломжгүй. Ш.Цогтхүү ах маань “Өлзийт” хороололд “Хан монгол” морьтны холбоог байгуулсан. Тэндээ л бэлтгэлээ хийж байна. Бас Б.Дэлгэрбаяр гээд залуу Гачууртад Шар уулын аманд бэлтгэл хийлгэдэг.

-Өнгөрсөн хавар “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийн 40 жилийн ой болж өнгөрсөн. Анх үндэслэснээсээ авхуулаад өнөөдрийг хүртэл хичнээн жүжигчин төрөн гарсан бол?

-Энэхүү морьтны гайхамшиг төрлөөр 1972 оноос авхуулаад өдийг хүртэл бараг 500 гаран жүжигчид төрж гарсан байна. Манай ахмад жүжигчин Балдандаваа гэдэг хүн байна.

Н.Болдбаатар, н.Цэцгээ эгч, н.Мөнхтогоо байна гээд яриад байвал зөндөө л жүжигчид байна л даа. Харин яг өнөөдөр энэхүү үзүүлбэрээ авч явж байгаа Ш.Цогтхүү, Б.Дэлгэрбаяр гэдэг энэ хоёр хүн л байна даа.

-Морьдоо зөөх, авч явах, хүнс  тэжээлээс авахуулаад нэлээд их зардал, чирэгдэл гардаг байх. Энэ бүхэнд улсаас үзүүлдэг хөнгөлөлт, хангамж байдаггүй юу?

-Яг энэ тал дээр бол төв циркийг жүжигчид бид бүхэнд өгч байж л дээшээ гарна даа. Одоо зүгээр бэлтгэл сургуулилт хийлгэхээс биш нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал ч бөглөж өгөхгүй байгаа нь худлаа биш шүү дээ. Өмнө нь бид цалингаа аваад нийгмийн даатгалаа бөглүүлж, бараг бэлтгэл сургуулилт нь өглөөнөөс орой болтол хийгддэг байлаа.

Бид чинь хувиараа 10 гаран морьд тэжээж байна. Ингэх гэж нэлээн хэдэн төгрөг орно шүү дээ. Зунжингаа ажлаа хийнэ. Энд тэнд ойгоор тоглоно. Олсон мөнгөөрөө эргүүлээд морьдоо тэжээж, хүүхдүүдийнхээ цалинг өгөөд л таардаг. Өвөл нь зогсонги байдалтай. Урд нь төв циркт байхдаа бэлтгэл сургуулилтаа хийж, өвөлдөө ч тоглодог, зундаа ч тоглодог байлаа шүү дээ.

-Одоо “Морьтны гайхамшиг”-ийг сонирхож байгаа залуус хэр их байна вэ?

-Яг орьё гэсэн хүүхдүүд бол зөндөө байна .

-Ирэх сард олон улсын тэмцээнд явах болсон байна. Энэ тэмцээн маань дэлхийн хичнээн улсын тамирчид оролцдог, хэр өргөн цар хүрээтэй тэмцээн юм бэ?

-Морин харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх аравдугаар сард зохион байгуулагдах гэж байгаа юм. Солонгосын Сүкчо гэдэг газарт ирэх сарын 10-15-ны хооронд болно.

Эндээс Ш.Цогтхүү, Анхбаатар, Отгонбямба, Н.Даваадорж гээд дөрвөн хүн явна. Америк, Герман, Турк, Унгарь, Солонгос, Монгол, Япон зэрэг 20-иод улсууд оролцож байгаа. Нийтдээ 200-гаад тамирчид өрсөлдөх байх

-Таны хувьд дэлгэцийн уран бүтээлд орлон тоглогчоор ажилладаг. Хичнээн уран бүтээлд дүрээ мөнхлөөд байна вэ?

-2004 оноос орлон тоглогчоор ажиллаж байна. ВВС телевизийн “Чингис хаан” киноноос авахуулаад арав гаруй кино, мөн тооны реклам, клипний зураг авалтанд оролцсон байна. Сүүлд “Цэн тогоруу” уран сайхны киноны зураг авалтад оролцлоо.

А.Халиун

Эх сурвалж: