sonin.mn

Г.Свиридовын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын V уралдаанд оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн соёлын тэргүүний ажилтан Э.Анхбаяр дахин сайхан мэдээ дуулгалаа.

Тухайн үед залуу дуучин маань дэд байрт шалгарч байсан бол өнгөрсөн өдрүүдэд Казахстаны Астанад болсон олон улсын , дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байрт шалгараад иржээ. Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад нь сэтгэгдлийг нь сонслоо.

-Олон улсын дуурийн дуулаачдын уралдаан өндөрлөөгүй байхад л “Эх орон руугаа буцах юмсан” гэж фэйсбүүктээ бичсэн байсан. Одоо эх орондоо ирээд сэтгэгдэл сайхан байгаа болов уу?

-Тийм шүү. Яагаад ч юм эх орон руугаа буцах юмсан гээд л яараад байсан. /инээв/

-Сайхан мэдээгээ бусадтайгаа хуваалцах гээд яарсан байх?

-Магадгүй. Удахгүй манай театрын шинэ улирлын нээлт болно. Энэ удаад “Учиртай гурван толгой" дууриар шинэ улирлын нээлтээ хийхээр уран бүтээлчид маань бэлтгэж байна.

Учир нь энэ жил энэхүү дуурийг Монголын тайзнаа тавьсны 80 жилийн ой болж байгаа юм. Өнөөдөр уран бүтээлчид маань уг дуурьт хэн, хэн дуулж, жүжиглэх талаар мэдээлэл хийнэ.

-Дуурь бүжгийн эрдмийн театрын нээлтийн өмнөхөн та дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд амжилттай оролцоод ирлээ. Өрсөлдөгчид хэр байв?

-Орос, Армен, Хятад, Узбекстан, Казахстан зэрэг зургаан орны дуурийн дуучин энэ удаагийн уралдаанд оролцсон. Мэдээж авьяастай уран бүтээлчидтэй өрсөлдөхөд амаргүй байлгүй яах вэ.

-Та “Учиртай гурван толгой” дуурьт дуулах уу?

-Дуулахгүй. Гэхдээ дараа дараагийн бүтээлийнхээ бэлтгэлийг шаргуу хийнэ дээ.

-Тэгвэл олон улсын уралдаанд дахин оролцоно гэсэн үг үү?

-Аравдугаар сард Макаод болох олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцоно. Мөн ирэх арваннэгдүгээр сард “Большой” театрт тоглолттой.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: