sonin.mn

Буриадын зохиолч Алексей Гатаповын “Тэмүжин” роман Монголд хэвлэгдэн гарлаа.

Хоёр дэвтэр энэхүү бүтээлийг “Нэпко” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд Монголын нэрт дуун хөрвүүлэгч, СГЗ, зохиолч, судлаач Хатагин Го.Аким монгол хэлнээ хөрвүүлжээ.
Тус романд XII-XIII зууны Монголын аугаа их жанжин, Монголын төрийг байгуулагч Чингис хааны бага насны үеийг дүрслэн үзүүлжээ.

Уг номыг 2010 онд бичиж дуусгасан бөгөөд Орост гурвантаа хэвлэгдсэнээс Улаан-Үдэд /2010, 2012 онд/ Москвад /2012 онд/ Оросын нэн эртний түүхт “Художественная литература” хэвлэлийн газарт хэвлэжээ.

Номын зохиолч “Жолоодогчийн мэндэлсэн нь” /тууж өгүүллэгийн эмхэтгэл/, Монголын түүхэн тууль “Чоно баатар”-ыг орос хэлэнд орчуулжээ. Чингис хааны өрлөг баатар /өгүүллэг, тууж, өгүүллийн түүвэр/, Монголын түүхэн толь бичиг /Нэвтэрхий толь-лавлах/, Тэмүжин /Чингис хааны өсвөр насны тухай түүхэн роман/ зэрэг туурвил бүтээжээ.

Мөн Чингис хааны өрлөг баатар өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино хийжээ. Тэрээр 2002 онд “Константин Нефедьевын нэрэмжит олон улсын утга зохиолын шагнал” олгох II уралдаанд “Яруу найраг” төрлөөр тэргүүн шагнал, 2004-2011 онд Исай Калашниковын нэрэмжит шагнал хүртжээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг