sonin.mn

Автомашины их урсгал дунд бөртөлзсөн гурван хүүхдийг Замын цагдаагийн байцаагч дуудан замаас гарган байцааж байна. Машины үнэр дарагч бодисыг багц багцаар нь барьсан хүүхдүүдэд анхааруулга өгөөд явуулчихлаа. Сүүлийн үед машины зам дундуур гүйж, дэл сул наймаа хийх гэсэн хүүхдүүд олширчээ.

Замын цагдаад түр саатуулагдсан хүүхдүүд нэг үнэр дарагчийг автомашины хар захаас 1500 төгрөгөөр авч, замын жолооч нарт 100-200 төгрөг нэмж зардаг аж. Дээрх гурван хүүхэд сургуулиас завсардсан, хувцас, хоолны мөнгө олох гэж ийм худалдаа эрхэлж байгаа хэмээн тайлбарлав. Энэчлэн насанд хүрэлгүй хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүүхэд улсын хэмжээнд 10000 гаруй байдаг. Сургуулиас завсардсан хүүхдүүд амьдрахын эрхэнд зүй бус хөдөлмөр эрхэлж байна гэж Хүүхдийн төлөө газрын ажилтан Б.Жавзанхүү ярилаа.

Хүүхдийн байгууллага хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлэхийн эсрэг тэмцэж буй ч эцэг эхчүүд анхаарахгүй, харин ч эсрэгээр хүүхдээ сургуулиас гарган ажил хийлгэдэг зуршилтай болжээ. Хүүхдээ хөдөө мал маллуулахаар явуулах, хурдан морь унуулах, хотод бол гудамжинд суулгаж гуйлга гуйх, зах дээр ачааны тэрэг түрүүлж мөнгө олуулдаг эцэг эхчүүдэд хариуцлага тооцон, арга хэмжээ авдаг хууль эрх зүйн заалт хэрэгтэй байгааг ч хүүхдийн байгууллагын ажилтан онцлов.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг