sonin.mn

“Өөрийгөө ялах” Эрдэнэт марафон-2014 гүйлтийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Орхон-Уул аймагт 9 дэх удаагаа боллоо.

Тус тэмцээнийг Шри Чинмойн Марафоны багаас санаачлан ССАЖЯ-ны харьяа Орхон-Уул аймаг дахь ССАЖГ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд”спорт клуб зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан юм. Тэмцээн 4 км болон хагас марафон буюу 21км зайнд 17 хүртэлх, 18-49, 50-иас дээш гэсэн гурван насны ангиллаар аваргуудаа шалгаруулав.

21 км-ийн 18-49 насны эрэгтэй тамирчдын ангилалд дэд мастер С.Батбаяр 1:17:05, эмэгтэй ангилалд “Алдар”спорт хорооны тамирчин спортын мастер Д.Бадамхатан 1:31:50, 50-иас дээш насны эрэгтэй ангилалд “Монголын Хэт холын марафон гүйлтийн холбоо”-ны тамирчин спортын мастер Д.Дамдинжав 1:37:31, эмэгтэй ангилалд нийслэлийн СХД-ийн тамирчин Б.Отгонбаяр 2:21:29 гүйцгээж тэмцээний тэргүүн байрыг эзэлж алтан медалийн эзэд болов.

Харин 4 км-ийн 17 хүртэлх насны эрэгтэй тамирчдын ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин Г.Энхтамир 13:30, эмэгтэй ангилалд “Ирээдүй Од” цогцолбор сургуулийн Т.Ариунболд 17:10, 18-49 насны эрэгтэй ангилалд Эрдэнэт БТСХ-ны тамирчин Н.Жандос 13:27, эмэгтэй ангилалд “Мон-Алтиус” БТДС-ийн тамирчин Г.Лхагвацэцэг 17:25, 50-иас дээш насны эрэгтэй ангилалд “Сентиксервис” ХХК-ийн тамирчин С.Энхтайван 16:21, эмэгтэй ангилалд Дархан-Уул аймгийн тамирчин С.Оюунгэрэл 24:05 гүйж алтан медалийн эзэд болцгоожээ.

Тэмцээнд нийтдээ 400 орчим хүн оролцсоноос хамгийн ахмад нь 70 настай гүйгч байв. Энэ жилийн тэмцээний онцлог нь өмнөх жилүүдээс оролцогчдын тоо өсч, тамирчдын нас залуужсан байдал ажиглагдлаа гэж тэмцээний зохион байгуулагчид дүгнэв.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг