sonin.mn

ЭЛЬ-КУВЕЙТ. /ITAR-TASS/. Сири, Иракт өргөн уудам газар нутгийг эзлээд байгаа “Лалын улс” бүлэглэлийн босогчид санхүүгийн хэд хэдэн эх үүсвэртэй байна. Шинжээчдийн мэдээлж буйгаар, босогчид хууль бус нефтийн худалдаанаас өдөрт 2 сая долларыг бие даан олдгоос гадна Иракийн археологийн дурсгалын өвийг хар зах дээр наймаалж, орлогынхоо бас нэг хэсгийг бүрдүүлдэг ажээ.

Иракийн хойд нутагт оршдог, тус улсын хоёр дахь том хот болох Мосул, мөн тус хотын засаг захиргааны төв болох Найнава мужийг бараг бүрэн эзэлснийхээ дараа хэт давруу үзэлтнүүд Иракийн археологийн 12 мянган дурсгалаас 2000 орчмыг нь авах боломжтой болсон гэж телевизийн “Аль-Арабия” суваг мэдээлсэн байна.

Иракийн соёлын өвийг хамгаалах асуудлаар ЮНЕСКО-гийн ивээл дор зохион байгуулсан бага хурал даваа гарагт Францын нийслэл Парис хотод болжээ. "Лалын улс" бүлэглэлийн босогчид Иракийн түүхийн өвийг устгах бодолтой бөгөөд орлого олох зорилгоор археологийн дурсгалуудыг наймаалж байна гэдэг дүгнэлтэд бага хуралд оролцсон шинжээчид хүрсэн байна.

Урлагийн бүтээлүүд болон бусад үзмэрийг Иракийн хилээр гаргаж, дараа нь гадаадад дуудлага худалдаанд оруулдаг ажээ. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг терроризмыг санхүүжүүлэхэд зориулж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Моцамэ" агентлаг