sonin.mn

Энэ гарчгийг нийтлэлдээ өгчихөөд дайсан гэдэг үгний утгыг бодож суулаа. Дайсан гэхээр буу шийдэм үүрч, бусдыг алж талсан муу хүний дүр санаанд буух юм.  Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толь бичигт “1.дайсагнаж байгаа этгээд, эсрэг этгээд, 2.байлдаж байгаа нөгөө этгээд, 3.хор хөнөөл учруулагч” гэж тайлбарласан байна.

“Идээний дээж архи, эдийн дээд хадаг” гэсэн хэлц үг байдаг. Ахмад настан, анд нөхөд, ачтай нэгэнд барьдаг ганц бэлэг, баяр ёслол, тэмдэглэлт ойн ширээн дээр заавал сөгнөдөг хүндэт ундаа архи биш билүү. Тэгээд архи яагаад ардын дайсан болчихов гэж та гайхаж байна уу.

Нэг хүнд 70,3 литр согтууруулах ундаа оногдоно

Үүнийг тайлбарлахын тулд эхлээд сүүлийн ганц жилийн тоон үзүүлэлтээр жишээ авья. Тун удахгүй гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах гэж буй манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 94 аж ахуй нэгж тасралтгүй, бүр ашигтайгаар үйл ажиллагаа явуулдаг юм байна.

2013 онд:
Спиртийн 9 үйлдвэр-1 сая 925 мянга 400 литр спирт
Архины 56, дарсны 10 үйлдвэр-24 сая 774 мянган литр архи, дарс
Шар айрагны-19 үйлдвэр 63 сая 775 мянга 300 литр шар айраг буюу нийтдээ 90.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэжээ. Архины үйлдвэрлэл 2009 онд 53.4 сая литр байсан бол 2013 онд ийнхүү 37.1 сая литрээр өссөн байх юм.


Харин архи, согтууруулах ундааны импорт 2009 онд 12.5 сая литр байсан бол 2013 онд 36.1 сая литр болж гурав дахин нэмэгджээ.

Ингээд монголчууд бид өнгөрсөн ганцхан жилд өөрсдөө үйлдвэрлэсэн 90,5 сая литр, импортын 36,1 сая литр буюу нийтдээ 126,6 сая литр согтууруулах ундаа уусан гэх статистик байна.

Үүнийг хөдөлмөрийн насны 1,8 сая хүндээ хуваавал Монголын насанд хүрсэн нэг хүн зөвхөн 2013 онд 70,3 литр согтууруулах ундаа уусан болж таарлаа.

Хөдөлмөрийн насны хүн болгон өдөр бүр тасралтгүй 200 гр архи ууж байж жилийн нормоо биелүүлэх нь байна шүү дээ. Энэ их архийг гэртээ суугаад цай, сүү шиг уугаагүй нь тодорхой. Тэгвэл бидэнд энэ их архийг уух боломж олгодог хэдэн газар байна вэ?  

Л.Эрдэнэчимэг: Согтууруулах ундааны хяналтын хууль бэлэн болсон

-Согтууруулах ундааны хяналтын тухай хууль гарахад бэлэн болсон. Бид хуулийнхаа заалт бүрээр олон нийтийн хэлэлцүүлэг хийж эхлээд байна. Саяхан нийслэлийн хороодын дарга нар, дүүргийн удирдлагуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийсэн. Ирэх сар жижиг бизнес эрхлэгчид, цагдаагийн ажилтнуудын дунд хэлэлцүүлэг хийнэ. Нэгэнт томоохон өөрчлөлт хийх хууль учраас маш сайн хэлэлцэж байж гаргах ёстой, мөн нийгмийн сэтгэлзүйг ч бэлтгэх хэрэгтэй.

“Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагын хэсгээс. 2014 оны нэгдүгээр сарын 29.

 
Тусгай зөвшөөрөлтэй 9703 цэг байдаг

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүр 6823, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 2880 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ архи борлуулж үйлчлэх 9703 цэг байна гэсэн үг.

Тэгвэл зөвхөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдаж, үйлчилдэг газруудыг нийслэлийн хүн амын тоотой харьцуулбал нэг дэлгүүрт 397 хүн, нэг бааранд 939 хүн ноогджээ. Дэлгүүр, баарны орлогын ихэнхийг зөвхөн согтууруулах ундаанаас олдог гэдгийг энэ чиглэлийн бизнес эрхлэгчид хүлээн зөвшөөрдөг.  

Зах зээлийн нийгэмд шилжих үеүдэд манайд архидалт хавтгайрч, түүнээс үүдсэн гэмт хэрэг, осол эндэгдэл ихээр гарч байсан. Сүүлийн үед хүмүүс учир шалтгаангүй архидан согтуурч, гэр орондоо уух нь харьцангуй багассан гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр монгол хүн согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр уудаг гэдэгтэйгээ эвлэрчихсэн нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаанаас харагдаж байна.

Архи, согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэж байгаагийн шалтгаанаа тэмдэглэлт өдөр, найз нөхөдтэйгөө нийлэх, уламжлалт заншилтай холбон хариулжээ. Үүнээс гадна ямар ч шалтгаангүй архи уудаг хүмүүс ч байсаар байна.

Бидэнд амралтын хоёр өдрөөс гадна баяр наадам, тэмдэглэлт өдөргүй сар бараг байдаггүй. Дээр нь төрсөн өдөр, гавьяа шагнал гээд архи уух шалтгаан мундахгүй их. Тиймдээ ч Ерөнхийлөгч сүү өргөх уриалга гаргасан биз.
 
10 гр этинол агуулсан согтууруулах ундааг нэг стандарт уулт гэнэ

Архи огт ууж болохгүй гэж яриад хэлээд торгоод шийтгээд үр дүнд хүрэхгүй нь тодорхой болсон. Харин яаж хэтрүүлэхгүйгээр зүй зохистой хэрэглэж сурах вэ гэдэгт анхаарал хандуулах цаг болжээ. Сүүлийн нэгхэн сард эрэгтэйчүүдийн 37,5 хувь нь, эмэгтэйчүүдийн 9,7 хувь нь буюу дунджаар 23,5 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн судалгааг гаргасан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэг удаад зургаа буюу түүнээс дээш стандарт уултыг хэтрүүлэн хэрэглэлт гэж үздэг байна. Тэгвэл стандарт уулт гэж ямар хэмжээг хэлдэг вэ. Согтууруулах ундаанд агуулагдах этинолын хэмжээгээр стандарт уултыг хэмждэг аж. 10 гр этинол агуулсан согтууруулах ундааг нэг стандарт уулт гэж үздэг байна.
 
100-120 гр дарсанд
30-50 гр архинд  
330гр шар айрагт 10 гр этинол агуулагддаг байна.


Тиймээс дээрх хэмжээг нэг стандарт уулт гэж тооцох юм байна. Судалгаагаар монголчууд нэг удаад эрчүүд нь 12,7, эмэгтэйчүүд нь 5,5 стандарт буюу дунджаар 10,3 стандарт уудаг гэжээ. Харин АНУ-д архины зохистой хэрэглээг эрэгтэйчүүд хоёр стандарт, эмэгтэйчүүд нэг стандарт гэж заасан байдаг ажээ. Харин Монголд архины зохистой хэрэглээний стандарт гэж алга.

Архи хэтрүүлэн хэрэглэснээр эдийн засаг, эрүүл мэндээр хохирохоос гадна амь насаа алдах ч тохиолдол олон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хүн амьдралынхаа 29 жилийг дунджаар алддаг болохыг тооцоолон гаргажээ.
 
Архины хордлогын улмаас жилд 537 хүн нас барж байна

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар олон улсын төвшинд нэг хүнд ногдох согтууруулах ундааг архинд шилжүүлснээр 6.2 литр байгаа бөгөөд, 8-9 литрт хүрсэн бол тухайн улс, үндэстэн аюулд учирсан гэж үздэг байна. Тэгвэл хөдөлмөрийн насны нэг хүнд 70,3 литр архи оногдож байгаа нь Монгол Улсын хүн амд архи гээч амьгүй ус дайн зарлаад байгааг харуулна.

Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Архины ааг омгоо хань ижил, үр хүүхэд, гэр бүлийнхэн, найз нөхөд, бусдад гаргадаг хүмүүс олон. 2013 онд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 6409 болж өмнөх жилээсээ 1343-аар өсчээ.

Сүүлийн таван жилд 14453 хүн архины эмчилгээнд хамрагдсаны 3157 хүн нь албадан, 11296 хүн нь сайн дурын эмчилгээнд хамрагдсан байна. Гэвч хүн амын дунд согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ, түүнээс үүдэлтэй өвчлөл, осол гэмтэл, нас баралт буурахгүй байна.

Шалтаг гарган архидах, бие биенээ шахах, идээний дээд гэж хэтрүүлэн хэрэглэснээр жилд дунджаар 100-аад мянган хүн эрүүлжүүлэгдэн, архины хордлогын улмаас 537 хүн нас барж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Дайны үед биш энх цагт архинаас болж хэдэн зуугаараа нас барж байгаад төр засгаас анхаарал хандуулж, чимээгүй дайны эсрэг бодлого хэрэгжүүлэх болжээ.

Монголчууд яагаад архинд донтоод байгааг нийгмийн шалтгаан, амьдралын хэмнэл, улсын хөгжилтэй холбохоос гадна физиологийн онцлогтой холбон тайлбарлаж болох юм. Монголойдууд төрлийн шар арьстнуудад архийг бүрэн задлаж боловсруулах фермэнт цагаан арьстантай харьцуулахад бараг байдаггүй.

Тиймээс хурдан согтож, илүү гүн хорддог аж. Оросын умардын шар арьстан, жижиг үндэстнүүд, чукча, коряки, ненец, Америкийн индианчууд бидний адилаар архинд хавтгайгаар орж, гүн гүнзгийн хордож иржээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн монгол хүний цусан дахь спирт задлах ферментийн түвшинг тогтоох судалгаагаар монгол хүний цусан дахь архи задалдаг ферментийн агууламж 3.5 дахин бага байжээ. Тиймээс согтууруулах ундааны нэг удаагийн хэрэглээний үндэсний стандарт хэмжээг тогтоох нь чухал байна.
 
Ундаа гэж өхөөрдөн нэрлэсээр байх уу?

Архины төрлийн зүйлийг согтууруулах ундаа гэж хамруулан хэлдэг. Гэтэл ухаан орсон цагаасаа л бид амттай шингэн зүйлийг ундаа гэж хэрэглэж ирсэн шүү дээ. Архийг том хүний ундаа гэх яриаг бүгд л сонсч өссөн. Том болохоор энэ ундааг л уух ёстой юм байна гэсэн ойлголт хүүхдийн тархинд суудаг. Энэ сэтгэхүйгээр өсч томроод өнөөх согтууруулах ундааг болохгүй, бүтэхгүй зүйл гэж боддоггүй тухай сэтгэл судлаачид ярьж байна. Архи л бол архи. Архинд ямар ч өхөөрдөм нэр хэрэггүй.

Мөн архи ууж болохгүй, дарс, шар айраг уух нь хэвийн үзэгдэл гэх ойлголт түгээмэл. Тиймдээ ч архинаас хатуулаг өндөртэй вискиг дарсны төрөлд оруулж татвараас хөнгөлсөн байх жишээтэй. Манайх шиг согтууруулах ундаандаа онцгой албан татвар бага оногдуулдаг улс орон цөөн. Тиймээс хэн дуртай нь архи худалдан авч чадаж байгаа юм. Хэрэглээг хязгаарлах нэг хөшүүргэ бол татвар, үнийн бодлогоор зохицуулах юм.

Согтууруулах ундааны хүртээмж нэмэгдэхэд хэрэглээ, нийгэмд учрах хор хөнөөл нь ихэсдэг нь ойлгомжтой. Тиймээс хүртээмжийг хязгаарлахын тулд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, худалдах үйлчлэх байршил, цагийг зохицуулах шаардлага нэн түрүүнд хэрэгтэй байна.

Хүүхэд залуусын даган дуурайдаг дуучид, жүжигчид нь согтууруулах ундааг сурталчлах, жүжиг, кинонд архи уухыг уриалсан үзэгдлүүд байдаг нь нийгмийн сэтгэлзүйг тэр дундаа хүүхэд залуусыг архи хэрэглэх бодлыг нэмэгдүүлдэг. Авч уумаар болтол сурталчилж байгаа сурталчилгаануудыг зогсооцгооё.

Тээврийн хэрэгсэл жолоодох үед жолоочийн цусанд агуулагдах спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг багасгахгүй бол нийгэмд аюулын харанга дэгдээж буй согтуугаар машин жолоодож осол гэмтэл гаргах хэрэг буурахгүй байгаагаас харж болно. Архи уусан л бол жолооны ард хэн ч суудаггүй болгох ёстой.

Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр хэлэлцэж байгаа энэ үед хүн бүр өөрсдийн саналаа хэлж, чадах бүхнээ хийж, дор бүрнээ архидалттай тэмцэж байж улс орноо ардын дайсан архинаас аврах болно.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: