sonin.mn

“Шангрилла 2” өчигдрийн байдлаар тусгай хамгаалалтад оржээ. Тэнд харуул хамгаалалтаас гадна Онцгой байдлын газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дүн шинжилгээ хийж байгаа учир хэвлэл мэдээллийнхнийг оруулахгүй, ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байлаа.

Уг барилгын шатсан хэсгийг цэвэрлэх үүднээс өдрийн цалин тохиролцон иргэдийг ажиллуулж байгаа юм байна. Үндсэндээ долоон давхар нь бүтэн шатсан уг барилгын гал хоёр цаг гаруй үргэлжилж 22 давхарт хүрсэн нь захиалагч компани маш их хохирол амсахад хүргэсэн.

Одоогоор галын шалтгааныг зургадугаар давхрын цахилгааны утаснаас үүдэлтэй гэсэн яриа иргэдийн дунд гарсан ч мэргэжлийн байгууллагууд ирэх даваа гаригт галын шалтгаан гарна гэж үзэж байна. 500 сая ам.долларын өртгөөр босч буй энэ барилгын гадна талын ханын дулаалгад ашигласан хөөсөнцөр нь галыг улам өдөөж хойд болон баруун талыг шатахад хүргэжээ.

Уг барилгыг барьж эхэлсэн цагаас Монголын хамгийн том зочид буудал болно гэж үзэж байсан. Тиймээс ч гадны ямар нэгэн нөлөөгөөр гал гарсан гэх хар дагуулсан яриа ч олны дунд бий болоод авсан.

“Шангрилла 2" таван одтой сүлжээ зочид буудлын II ээлжийн барилгын төсөл нь 24 давхар 275 өрөөтэй, 24 давхар оффисийн цамхаг, 34 давхар, “Velly Wing" нэртэй 200 өрөөтэй өндөр зэрэглэлийн зочид буудал юм. Мөн эдгээр цамхгуудыг холбосон таван давхар худалдаа. үйлчилгээ. кино театрын хэсгээс бүрдсэн нийт 127475 ам.метр бүхий барилга байгууламж бөгөөд төлөвлөлтийн хувьд төвөгтэй, хариуцлагатай обьектод тооцогддог юм байна.

Энэ зочид буудлын II барилгын төслийн Монгол талын Зөвлөхийн ажлын хүрээнд “Шангрилла Улаанбаатар Хотел" ХХК болон Хонконгийн зураг төслийн зөвлөхийн багийнхантай хамтран уг барилгын зураг төслийн техникийн шийдлийг өндөр барилга, газар хөдлөлтийн урьдчилсан арга хэмжээ, тооцооны мэргэжлийн зөвлөл”-д танилцуулж, зарим заавар зөвлөмжийг зураг төсөлдөө тусган ажиллаж байсан аж.

Барилгын гүйцэтгэгчээр “Ар Хянгана”, “Samsung” компаниуд ажиллаж байжээ. МСS группын энэхүү барилгыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч    өрөөнүүддээ дрож, тавилгуудаа оруулсан байжээ. Гал гарсан хэсэг нийт 275 өрөөтэй юм байна.

Өчигдөр оройны байдлаар “Шангрилла 2”-ын удирдлагууд хуралдаж цаашид зочид буудлаа үргэлжлүүлэн барьж дуусгах уу эсвэл татан буулгах уу гэсэн асуудлыг ярилцсан аж. Баттай эх сурвалжаас сонсвол уг барилгыг дахин барьж энэ онд багтаан ашиглалтад оруулах сурагтай.

Өчигдрийн байдлаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэсэн байр суурьтай байлаа. “Шангрилла” зочид буудлын оффисын ажилтан Солонготой уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-Танай байгууллагын монгол талын удирдлагатай уулзаж болох уу?

-Манай удирдлагууд гадаад хүмүүс бий. Ер нь монгол талын төлөөлөгч гэж байдаггүй.

-Захиралтай чинь уулзах боломж байна уу?

-Манай захирал хуралд орчихсон байгаа учир утас нь холбогдохгүй байна. Бидэнд гэнэтийн аюул тохиолдож ашиглалтад ороход бэлэн болсон зочид буудалд гал гарсан болохоор захирал маань ажил ихтэй байгаа.

Хэвлэлийнхэнд утасны дугаарыг нь өгсөн ч холбогдох боломжгүй байна. Нэг хурлаас гараад дахиад л хуралд орж цаашид зочид буудлынхаа асуудлыг яах вэ гэдэг талаар маш нарийн ярилцаж байх шиг байна.

-“Шангрилла 2” зочид буудлын барилга даатгалтай байсан уу?

-Энэ талаар ярих эрх мэдэл бидэнд байхгүй.

-Танай байгууллагын удирдлагууд гадаад хүмүүс байдаг гэлээ. Тэгэхээр гадны орноос галын асуудлыг хөндөж ярьж байгаа хүмүүс бий юу. Тухайлбал хөрөнгө оруулагч ч юм уу?

-Сингапураас хүмүүс маш их ярьж байгаа. Гэхдээ яг ямар асуудлыг чухалчлан ярьж байгааг мэдэхгүй. Ер нь энэ асуудлууд манай байгууллагын дотоод нууц шүү дээ. Тэгээд ч бүх зүйлийг ерөнхий менежер л мэднэ.

-Гал гарсан газар өөрөө очсон биз дээ. Байдал ямар байна вэ?

-Онцгой байдал болон цагдаагийнхан ирчихсэн шинжилгээ авч дүгнэлт хийж байгаа. Тиймээс биднийг тухайн газар руу оруулахгүй байна. Яг бодит нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн бол манай захирал.

-Тухайн барилга дээр 100 гаруй хятад иргэн ажиллаж байсан. Тэд одоо ажиллаж байгаа юу?

- Түр амралттай байгаа байх. Галын дүгнэлт гараад цаашид ажлаа үргэлжлүүлэх бол тэд ажиллана.

-Зарим хүмүүс хятад иргэдийг гал тавьсан гэсэн таамаг гаргаад байгаа. Танай удирдлага ер нь юу гэж ярьж байна?

-Хуулийн хүрээнд үнэлэлт, дүгнэлт гараагүй байхад хэн нэгэн тэгж ярьж болохгүй байх. Хятад иргэд тухайн хууль дүрэмд заасан гэрээ, журмынхаа дагуу манай зочид буудлын барилга дээр ажиллаж байгаа.

Хүн хийж бүтээсэн зүйлээ хараад бахархдаг болохоос устгахгүй нь мэдээж шүү дээ. Тиймээс хятад иргэд гал тавьсан гэдэгт би итгэхгүй байна.

-Хувь хүмүүсийг өдрөөр цалинжуулж гал гарсан хэсгийг цэвэрлүүлж байгаа гэж үнэн үү?

-Үнэн. Мэдээж хүч дутмаг байгаа. Тиймээс ажилгүй хүмүүсийг түр ч гэсэн ажилтай болгох нь буруу биш шүү дээ.

     Ийнхүү олны анхаарал татаад байгаа “Шангрилла 2” -ын барилгад гарсан галын шалтгааныг тогтоохоор гадны орноос шинжээчид ирнэ гэсэн яриа ч олны дунд байна. Энэ үг оргүй зүйл биш байж болох юм. Учир нь тус барилгын талаар мэдээлэл өгөх эрх мэдэлтэй монгол хүн олдохгүй байгаа нь энэхүү эргэлзээг төрүүлж байна.

М.Энхцэцэг

Эх сурвалж: