sonin.mn

СИДНЕЙ. /ITAR-TASS/. Энэтхэгийн далай орчимд энэ оны гуравдугаар сарын эхээр алга болсон Малайзын "Боинг" онгоцыг эрж хайх ажиллагааг Австрали болон Малайз улс энэ долоо хоногт багтаан сэргээхээр төлөвлөжээ. Нисэх онгоцыг гүн усанд  хайх ажиллагааны шинэ шатыг аравдугаар сарын 2-нд эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас ирэх ням гараг хүртэл хойшлуулахаас аргагүйд хүрсэн гэж Австралийн тээврийн аюулгүй байдлын удирдах газрын төлөөлөгч мэдээлжээ.

“Жи-Оу Феникс” хөлөг онгоцоор эрж хайх ажиллагааг эхлүүлэх ажээ. Уг хөлөг онгоцыг урьд нь Австралийн "Жи-Оу Марин Груп" далай, тэнгист нефть болон хийн орд газрын хайгуул хийхэд ашиглаж байсан байна. Дараа нь Холландын "Фугро" компанийн "Фугро Экватор", "Фугро Дискавери" хөлөг онгоцууд эрж хайх ажиллагаанд нэгдэнэ. Тус компани холбогдох гэрээг Австралийн Засгийн газартай наймдугаар сард байгуулжээ.

Малайзын онгоцны осолдсон байж болзошгүй бүсэд далайн ёроолын гадаргын газрын зураг гаргах зорилгоор "Фугро Экватор" хөлөг онгоцоор дөрвөн сарын турш судалгаа хийсэн байна.

Одоо явуулах хайгуулын ажиллагааг гурав, дөрөвдүгээр сард анхны хайгуулын ажиллагаа явуулж байсан бүсээс нэлээд урагш хэсэгт явуулах ажээ.

Австралийн Ерөнхий сайдын орлогч, Дэд бүтэц, бүс нутгийн хөгжлийн сайд Уоррен Трассын мэдээлснээр, эрж хайх ажиллагааны шинэ шат жил орчим үргэлжилнэ гэж тооцоолсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг