sonin.mn

Увс аймгийн хүн амын дундах давсны хэрэглээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 3 дахин өндөр, зүрх судасны өвчлөлөөр улс аймгийн дунджаас өндөр байгаа нь статистик үзүүлэлт, судалгаагаар батлагдаж, аймгийн Засаг даргын А/76 зархирамжаар “Давсны хэрэглээг багасгах” дэд хөтөлбөрийг батлан 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нээлтээ хийсэн.

Тус хөтөлбөрийг 2020 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм.

Жил бүрийн 09 дүгээр сарын 30-ны өдрийг аймгийн Засаг даргын А/59 захирамжийн дагуу “Давсны хэрэглээг багасгах ач холбогдлыг сурталчлах” өдөр болгон зарласан. Энэ өдрийг угтан жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, мэдээг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр сурталчиллаа.

Энэ хугацаанд “Салбар дундын хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг хийж, бүх шатны шийдвэр гаргагчдад уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, “Таны эрүүл мэнд - Таны гарт” аяны богцыг аялуулсан. Хүнс үйлдвэрлэгчид, цайны газар, ресторан, сургууль, цэцэрлэгийн тогооч нарт нэг удаа, сумын эмнэлгийн тогооч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад хоёр удаагийн сургалтыг хийн, гарын авлага материалаар хангалаа.

Иргэдийн дунд “Давсны зохистой хэрэглээ” сэдэвт өдөрлөг зохион байгуулж, гарын авлага, календарь, тарааж, ТВ-ийн нэвтрүүлэг бэлтгэн гаргасан байна.

Жилийн хугацаанд гарсан үр дүнгийн хувьд үйл ажиллагааны ажлыг дүгнэж иргэд, төрийн байгууллага, цайны газар ресторануудад үнэлгээ хийлээ. Давсны хэрэглээг бууралахад чиглэсэн үйл ажиллагаанд төрийн байгууллага мэдээлэл сайн хүлээн авч аймаг, хөдөө орон нутгийн бүх цэцэрлэг, сургуулийн дотуур байр цайгаа давсгүй ууж хэвшлээ.

Харин цайны газар, ресторануудад хангалтгүй буюу давсыг багасгах талаар ямар нэг үр дүнтэй арга хэмжээ аваагүй, зарим цайны газарт цайны давсыг багасгах оролдлого хийсэн боловч үйлчлүүлэгчид амт султай давсгүй цай гэж гомдол мэдүүлдэг байна.

Иймд цаашид иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчлөхийн тулд хувийн хэвшлийн хүнс үйлдвэрлэгч нарын мэдлэгийг нэмэгдүүлэх, байнга хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг мэргэжилтнүүд онцолжээ.