sonin.mn

Сүүлийн үед машин дотроосоо архи зарах явдал нэлээд түгээмэл болжээ. Бүр байнгын үйлчлүүлэгч нартай болж байгаа сурагтай. Илүү дэлгэрүүлье л дээ.

Саяхан такси үйлчилгээнд хувиараа явдаг найзтайгаа уулзлаа. Бидний яриа түүний ажил руу хазайсан юм.

Ер нь шөнийн цагаар гол төлөв архи уусан эсвэл архи худалдаж авахаар хайсан хүмүүс элбэг суудаг гэнэ. Тэгээд л архитай газар хайгаад явж өгдөг аж.

Өмнө нь шөнийн турш ажиллаж иргэдэд согтууруулах ундаа худалддаг ил цагаандаа гарсан дэлгүүрүүд нийслэл хотод нэлээд хэд байсан. Тэднийг цагдаагийн байгууллагынхан, иргэд ч мэддэг байлаа.

Иймэрхүү дэлгүүрүүдээс архи худалдаж авч уугаад улмаар ахуйн хүрээнд янз бүрийн л гэмт хэрэг гардаг. Үүнийг энэ олон цагдаагийн хэлтсүүдийн байцаагч нар хамгийн их мэдэх байх даа. Гэвч яаж ч чаддаггүй байсан. Харин цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд дарга нар нь солигдсоноос ч болсон уу.

Шөнийн турш айж эмээх зүйлгүй ажилладаг байсан дэлгүүрүүд нэлээдж цөөрчээ. Өмнө нь архи худалдаж авах гэсэн хүнийг суулгаад шууд л дэлгүүрийн гадаа авааччихдаг байсан бол одоо “Илүү мөнгө авах гэж дэмий газар авчраа юу" гэж загнуулдаг болсон тухайгаа жолооч найз минь хэлэв.

Гэвч дэлгүүр цөөрсөн боловч архи ууж байгаа хүмүүсийн согтууруулах ундаа багасаагүй гэнэ. Хотын хэд хэдэн газарт гол төлөв урьд нь архи зардаг байсан дэлгүүрийн дэргэд ямар нэгэн содон машин зогсоочихдог болсон гэнэ.

Тэгээд дэлгүүрийн хаалган дээрээс буцаж байгаа хүнд цонхоо доошлуулаад “архи байна” гэж хэлдэг аж. Ингээд л нугарсан үнээр шөнийн турш согтууруулах ундаа худалдаалж ашиг олдог хүмүүстэй болжээ. Машиндаа цөөхөн архитай өөр машинаар хэд хэдээр нь зөөж хийдэг бололтой юм билээ. Зохих байгууллагууд нь анхааралдаа авна биз ээ.

Ж.Баяр

Эх сурвалж: