sonin.mn

Хар тамхи худалдаалсан, хэрэглэсэн гэмт хэрэг шил даран гарч, өсвөр насны олон залуу энэ тахалд өртөх боллоо. Иймд хар тамхины хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Хар тамхи хэрэглэгчдийн нас залуужиж, хэрэглэгчдийн тоо хурдацтай өсч байгаа талаар хуулийн байгууллагаас мэдэгдэж эхэллээ. Харин эрүүл мэндийн байгууллагууд үүнийг таслан зогсоох, сэргийлэх тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Нийслэлийн эрүүл мэндийн газар 2008 онд анх хар тамхины хэрэглээ рүү анхаарал хандуулж эхэлсэн. “Хар тамхины хэрэглээ манайд байна уу, байгаа юм бол ямар төрлийн хэрэглээ байна вэ” гэдэгт зайлшгүй судалгаа хийх шаардлагатай болсон.

Учир нь энэ талаарх мэдээлэл маш хомс байсан. Зөвхөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөхөн төрийн бус байгууллагаас өөр мэдээлэлтэй газар байгаагүй. Иймээс манайх 2009-2013 онд хэд хэдэн судалгаа хийсэн.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн 2232 хүүхдийг хамруулсан. Өөрөөр хэлбэл, төвийн болон захын болон гэр хорооллын, улсын, хувийн зэрэг сургуулиас төлөөлөл оролцуулж санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 2.7 хувь нь хар тамхи хэрэглэж үзсэн гэсэн дүн гарсан.

Мөн 400 гаруй хүүхдэд хар тамхи хэрэглэж үзэх санал ирсэн байсан. Хэрэглэж үзсэн хүүхдүүдийн дийлэнх нь сонирхож, санамсаргүй, саваагүй, бусдыг дуурайх байдлаар хэрэглэсэн гэсэн дүн гарсан.

-Хар тамхины төрлийн бодис, бэлдмэлүүд өндөр үнэтэй байдаг. Тэгэхэд захын гэр хорооллын хүүхдүүд хүртэл үүнийг хэрэглэж байна гэхээр анхаарал татаж байна л даа?

-Манайхан мөнгөтэй хүүхдүүдийн дунд энэ хэрэглээ байдаг гэсэн түгээмэл ойлголттой байдаг. Судалгааны дүнг харахад энэ таамаг худлаа байсан. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захын дүүргийн сургуулийн хүүхдүүд ч хувийн төлбөртэй сургуулийнхнаас ялгарахааргүй хэрэглэдэг болох нь ажиглагдсан.

Ямар бодис гэдгээсээ шалтгаалаад үнэ, олдоц янз бүр байдаг. Дараа нь бид хэрэглэгчдийн дунд судалгаа явуулж үзсэн. Үүнд хар тамхи хэрэглэдэг 100 хүнийг хамруулсан. Мэдээж хэрэглэгчийг илрүүлнэ гэдэг тийм амар ажил биш.

Гэмт хэрэг, хуулийн байгууллагатай холбоотой асуудал учраас хэрэглэгч олоход хүндрэлтэй. Ингээд хэрэглэдэг хүмүүстэй холбогдоод мэдээлэл авахад манайд хар тамхины бүх төрлийн хэрэглээ, бодисууд нь аль хэдийнэ ороод ирчихсэн байгаа юм.

Хил дамжин орж ирж байгаагаас гадна манайд ургаж байгаа ургамлууд байна. Эдгээр ургамлыг боловсруулж хэрэглэдэг, борлуулдаг хүмүүс нь бий болсон байна. Хар тамхинд өртөж байгаа байдлыг нь тандахад хар тамхины талаар мэдлэггүйгээсээ бусдын нөлөөнд автсан байдал түгээмэл гардаг.

Тухайн бодисыг хэрэглэхдээ нэг хүн биш, ерөөсөө л бүлгээрээ татаж хэрэглэдэг. Ангиараа, хэсэг бүлэг найзуудаараа нийлж хэрэглэж байна. Хэрэглэгчдийн анх хэрэглэж үзсэн насыг авч үзэхэд 16-25 насны залуучууд байсан. Хэрэглэдэг хүмүүс хар тамхийг татдаг, үнэрлэдэг, тарьдаг бүх л төрлийн хэрэглээ бий болсон бaйна.

-Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрэээр арга нь улам нарийсдаг байх?

-Тийм. Нэг үе мөс гэх нэр төрлийн бэлдмэл их хэрэглэдэг байсан бол тэр нь олдоц муутай болохоор дээрх ургамлууд руу орох жишээтэй. Хэрэглэгчид “Зүгээр би нэг удаа хэрэглэж үзье гэвэл олдоц бол асуудалгүй шүү дээ” гэж байх жишээтэй.

Үүнийг ажиглаад байхад зүгээр нэг гэндсэн, саваагүй, эцэг эхийн хараа хяналтаас гадуур хүмүүс өртдөг гэж бодож болохгүй. Хаа нэг газар явж байгаад өртчих эрсдэл бий шүү гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Таны дээр хэлсэнчлэн хар тамхины талаар мэдээлэл тун хомс байдаг. Үүнээс үүдэн хор уршгийг нь тийм сайн мэдэхгүй хэрэглэж донтохдоо хүрч байгаа тохиолдол хэр олон байна вэ?

-Анх энэ талаар ярьж эхлэхэд “Дэмий юм биш үү. Бараг сурталчилгаа болох гээд байна” гэх хандлага байсан. Тиймээс бид “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах ‘нийгэмлэг” ТББ, ЦЕГ, Сэтгэцийн эрүүл мэн-дийн газруудтай холбоотой ажилласан. Энэ бодис хор хөнөөлийн хувьд үнэхээр их.

Монголчууд архи, тамхины хэрэглээгээр дэлхий дахинд эхний аравт орчихсон байна. Хэдийгээр Тамхины тухай хууль гарсан ч тамхичдаасаа салж чадахгүй байна. Хэрэглээ өндөр байгаа учраас УИХ дээр хүртэл хүмүүс “Тамхи татах нөхцөлийг нь бүрдүүлж өг" гэсэн эсэргүүцэлтэй тулгарч байна.

Айл өрх болгонд шахуу архинд хамааралтай нэг хүн байна. Архинд донтсон хүн хамаг эд хөрөнгөө зарж үрдэг гээд асуудал байдаг. Гэтэл мансууралт, сэтгэцэд нөлөөлдөг эм бэлдмэл нь архинаас 60 дахин их донтох байдлыг үүсгэдэг.

Тэгэхээр зан авирын хувьд яаж өөрчлөгдөх нь ойлгомжтой. Ялангуяа хар тамхины төрлийн бодист хордсон хүн хэн ч биш болж хувирдаг. Хүнийг хайрлах, хүндлэх сэтгэл гэж байхгүй, тухайн бодисоо авч хэрэглэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй болдог. Гэхдээ ямар төрлийн бодисыг, хэр хэмжээгээр хэрэглэснээс шалтгаалаад тухайн хүний бие организмаас шалтгаалж хүлээж авах нь янз бүр байдаг.

Тухайлбал, өнөөдөр нэг хэрэглэгчид зөвхөн таашаал өгөх төдий байхад нөгөө хүнд үхлийн тун болох тал ч бий. Гэхдээ энэ төрлийн бодис хэрэглэх тусам биед дасал болгодог. Ингээд тунгаа нэмж хэрэглэхгүй бол нөгөө мэдрэмжээ авч чаддаггүй. Ингэснээр биеийн болон сэтгэцийн донтох аюулд хүрдэг.

Донтох байдалд хүрсэн хүн зан үйлдлийн эмгэг байдалд өртөнө. Тухайлбал, “Хар тамхи хэрэглэсэн хүний хүүхэн хараа өргөсдөг” гэж ярьдаг. Тэгэхээр хэдий хэмжээгээр хэрэглэнэ тэр хэрээр хүүхэн хараа өргөснө. Энэ нь тухайн хүний нүдний болор цайрч, улмаар сохрох аюултай.

Үнэрлэж хэрэглэдэг бол хамрын салст үрэвсэх, цаашлаад элэг, дотор эрхтэн, үе мөчид нөлөөлдөг. Өсвөр үеийн хүүхэд хэрэглэсэн бол давжаа, өсөлт зогсоно. Эрэгтэй хүн бол эмших шинж тэмдэг илэрч, түрүү булчирхай үрэвсэх, эмэгтэй хүнд эрших хам шинж болоод хөх нь жижигрэх, сарын тэмдэг алдагдах, үргүйдэл бий болох хортой. Ингээд зогсохгүй үр удамд дамжих аюултай.

Тухайлбал, архи хэрэглэдэг хүмүүсийн дунд судалгаа явуулахад 50 хувьд нь удамших шинж илэрдэг. Түүнтэй адил хар тамхи хэрэглэгчдийн хүүхдүүд ургийн гаж хөгжилтэй гарахаас гадна мөн хэрэглэгч болох сөрөг талтай. Хамгийн гол аюул нь хар тамхи хүний уураг тархи, төв мэдрэлийн системийг хүчтэй гэмтээж донтох эрсдэлд хүргэдэг.

-Хар тамхины төрлийн бодисууд нь олон янзаар хүмүүст нөлөөлдөг гэдэг. Зарим хүмүүс хүнд өвчиндөө шаналахдаа хэрэглэдэг талаар ярьдаг. Ийм байж болох уу?

-Зарим бодис нь хүнийг сэргээх үйлчилгээтэй байдаг. Үүнийг хэрэглэсэн хүмүүс “Би ядардаггүй, улам эрч хүч нэмэгддэг” гэж хэлдэг. Тухайн өдреө ийм үйлчилгээ үзүүлдэг. Энэ мэдрэмжийг авах гэж хар тамхи хэрэглэж байна шүү дээ.

Гэтэл зарим эм нь хий үзэгдэл харуулах, үнэртүүлэх мэдрэмж үзүүлдэг. Тухайлбал, манайхны хийсэн нэг кинон дээр гардаг даа. Нэг залуу хар тамхи хэрэглэчихээд цонхоороо харж байтал хүрхрээ урсч байгаа харагдахаар нь аягаар ус авах гэж байгаад унаж гэмтдэг.

Нөгөө хэсэг нь өвчин намдаадаг, хэт тайвшруулж булчин сулруулах үйлчилгээ үзүүлдэг бодис байдаг. Энэ тохиолдолд тунгаа эмчийн заавраар бус замбараагүй хэрэглэснээс болж донтдог.

-Таныхаар залуучуудын дийлэнх нь сонирхож татаад байна уу?

-Залуучууд бол ерөөсөө л сонирхож баясах, мансуурах мэдрэмжийг авах гэж татдаг. Судалгаа явуулж байхад “Энэ бол архинаас цэвэрхэн хэрэглээ” гэж буруу ойлгодог хэрэглэгч ч байсан.

Янз бүрийн үнэргүй гэдэг. Гэтэл архи уусны маргааш ямар байдаг билээ, яг тэр мэдрэмж хар тамхи хэрэглэгчдэд бий болдог. Харин ч урт хугацаагаар үргэлжилдэг.

-Манайд ургаад байгаа ургамлууд сэтгэцэд шууд нөлөөлж байна уу. Аль эсвэл дахин боловсруулж хэрэглээд байна уу?

-Байгаль дээр ургасан өвсийг шууд татахад үйлчлэл нь арай сул байдаг. Гэтэл манайхан гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээс дутахааргүй нөгөө ургамлыг боловсруулаад хэрэглэж байна. 2008 онд мансууруулах хар тамхины төрлийн бодис нэлээд ховор байсан бол одоо борлуулах зах зээл нь өргөссөн байна.

-Манайд хар тамхинд донтсон хүмүүсийг эргүүлж эмчлэх эрүүл мэндийн байгууллага хэр хүрэлцээтэй байна. Ер нь “Би донтчихлоо намайг эмчлээд өгөөч” гээд ирдэг хүн байна уу?

-Манайхаас 2009 онд эмчлүүлэхээр иргэд ирдэг талаар судалгаа явуулахад хангалтгүй дүн гарсан. Эмчлэх байгууллага ч бараг байхгүй. Яагаад гэхээр тухайн хэрэглээ нийгэмд нуугдмал, донтсон иргэдийг гадаадад аваачиж эмчлүүлдэг нууц байдалтай байсан.

Сүүлийн жилүүдэд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандах хандлага ихэссэн. Гэхдээ голдуу цагдаад баригдаад, гэрийнхэн нь мэдсэн тохиолдолд эмнэлэгт хандаж байгаа. Харамсалтай нь дөнгөж хэрэглэсний дараа буюу эхний үе шатанд хэзээ ч эмнэлэгт ханддаггүй.

Үнэн хэрэгтээ үүнийг донтох өвчин гэдгийг иргэд ойлгохгүй байна шүү дээ. Иймээс манайх өрхийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллаад тухайн хорооны иргэдээс тандалт судалгаа хийх, эрт илрүүлэх тал дээр анхаарч сургалт зохион байгуулсан.

Ер нь донтсон иргэд заавал Шархадны эмнэлэгт хандах шаардлагагүй. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хандаж заавар зөвлөгөө аваад дараагийн шатны эмнэлэг рүү шилжиж болно.

-Манайхаас өмнөд хөршид сурахаар явсан оюутнууд мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг талаар эх сурвалж хэлдэг. Энэ хэр бодит мэдээлэл юм бол?

-Гадаадад сурдаг хүүхдүүд мансууруулах бодис түгээмэл хэрэглэдэг болох нь судалгаанаас харагддаг. Тухайлбал, Хөх хотод сурч байсан оюутан “Энэ байдаг л хэрэглээ ш дээ. Надад дахиад тааралдах юм бол би хэрэглэнэ” гэсэн хандлагатай байх жишээтэй.

Зарим нь “Турах зориулалтаар хэрэглэсэн” гэдэг. Угаасаа энэ төрлийн эм бэлдмэлийг уухаар хоол идэх хүсэлгүй болгож мансууруулдаг. Өөрөөр хэлбэл, эмгэг байдпаар тураадаг.

Гэтэл Америкт сурч байгаад ирсэн нэг залуу бүх төрлийн мансууруулах бодисыг хэрэглээд үзчихсэн. Энэ нь ийм үйлчилгээ үзүүлдэг. Ингэдэг тэгдэг гээд бүгдийг ярьж байгаа юм. Гэтэл аав ээж нь хүүхдийнхээ энэ байдлыг мэдэхгүй л явж байна шүү дээ.

-Хэрэглээний хувьд захын сургуулийн хүүхдүүд ямар бодис хэрэглэж, нөгөө хөрөнгөтнүүдийн хүүхдүүд юу хэрэглээд байна вэ?

-Өндөр төлбөртэй хувийн хэвшлийн сургуулийн хүүхдүүд өндөр үнэтэй бэлдмэл хэрэглэдэг байдал байна. Гэтэл захын сургуулиуд дээр яг хар тамхины төрлийн гэхээсээ дэгдэмхий бодисуудыг хэрэглэж байна. Түүнээс гадна манайд ургаад байгаа “хар өвс"' буюу инээлгэдэг өвсийг дунд насныхан их татаж байна.

-Донтсон хүмүүс гэмт хэрэгт холбогдох тохиолдол хэр байдаг бол?

-Ерөөсөө тухайн хүн хар тамхи хэрэглэснээрээ хамгийн түрүүнд бие сэтгэлээрээ хохирч дараа нь гэмт хэрэгтэн болдог. Тухайн бодис өндөр өртөгтэй учраас мөнгө олохын тулд хулгай хийх, биеэ үнэлэх зэрэг байдлаар мөнгө олно.

Ингээд мансуурсан үедээ ёс бус үйлдэл гаргадаг. Бөөнөөрөө мансуурч байгаад хүчингийн хэрэг үйлдэх, бусдын биед халдах тохиолдол түгээмэл гаргадаг. Хар тамхи борлуулагчид бол тухайн хүн хэн байх нь хамаагүй эхлээд үнэ төлбөргүй татаж мансууруулаад дараа нь донтоод ирэхээр нь өндөр үнээр худалддаг.

Тэгэхээр энэ тахал манай өсвөр насныхан руу чиглэж байгаа энэ үед төрийн бодлого боловсруулж урьдчилан сэргийлэх ажлыг доривтой хийхгүй бол үнэхээр хүнд нөхцөл байдалд хүрлээ. Цагдаа тусдаа тэмцээд үр дүнд хүрэхгүй шүү дээ. Бид энд судалгаа гаргаад ч үр дүн гарахгүй.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: