sonin.mn

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэгтэй 2014 онд хийгдэж буй ажлын явцын талаар ярилцаж, мэдээлэл авсан юм.

Энэ онд ХУД-ийн Хөдөлмөрийн хэлтсээс ямар ямар ажил хийж хэрэгжүүлж байна бэ?

2014 онд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст 5000 шинэ ажлын байр бүртгэх ёстой. Үүнээс 3000 нь байнгын шинэ ажлын байр, 2000 нь улирлын чанартай, түр болон төсөл хөтөлбөрөөс бий болж байгаа шинэ ажлын байрууд байх юм. Эхний гурван улирлын байдлаар 2516 гаруй байнгын шинэ ажлын байр, 1600 гаруй улирлын чанартай болон түр ажлын шинэ байрыг бүртгэсэн.

Манай дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн баталсан 7 хөтөлбөр, 1 төсөл хэрэгжиж байна. Тухайлбал, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөл”-ийн хүрээнд дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран Боловсролын яамнаас санаачилсан “Цүнхэн шуудан” төслийг  үр дүн өндөртэй хэрэгжүүлж байна. Уг төсөл нь өнгөрсөн хавар 5 дугаар сард хэрэгжиж эхлээд 9 дүгээр сараас үргэлжлэн хэрэгжиж байна.

“Цүнхэн шуудан” төслийн хүрээнд манай дүүргийн таван сургууль сонгогдсон. Сонгогдсон сургууль тус бүрт гурван ахмад багш нийлж  бүлэг байгуулан, зөвөлгөө мэдээлэл өгч ажиллаж эхэлсэн. Үүний өмнө 15 ахмад багшид зориулсан сургалт зохион байгуулсан бөгөөд сургалт дууссаны дараа буюу 10 дугаар сарын 1-нээс эхлэн төслийн дагуу ажиллаад явж байна.

Бүлэг болон ажиллаж байгаа ахмад багш нар гурван сараар үйл ажиллагаагаа явуулна. Эхний сардаа 56 цагийн сургалт, зөвлөмж өгнө. Дараа дараагийн саруудад мөн адил 56 цагийн сургалт явуулна. Нэг бүлэг нийтдээ 1 сая төгрөгийн урамшуулал авна. “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төсөл өнөөдрийн байдлаар  19 бүлэгтэйгээр хэрэгжиж байна.

Танай хэлтэс дээр “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд“Эко эргүүл” бүлэг ажиллаж байгаа гэж сонссон. Та энэ талаараа танилцуулбал?

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Эзэнтэй Монгол” хөтөлбөр нь манай дүүрэг дээр амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн нэг. Уг хөтөлбөрийн хүрээнд ажилладаг “Эко эргүүл” бүлэг  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороодын нутаг дэвсгэрт бүтээн байгуулагдаж буй ногоон байгууламж, тэдгээрийн тохижилтын ажил, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, захын хороодод хур хогийн цэг үүсгэхгүй байх зэрэг үйл ажиллагааг хариуцан ажилладаг. “Эко эргүүл” бүлэг нь зохион байгуулалтын хувьд хоёр хүн нийлж нэг бүлэг болж, сард 200 мянган төгрөгийн урамшуулал авч ажилладаг юм.

Саяхан Яармагийн замаар явж байхад, явган хүний гарц дээр зохицуулагч зогсоод зорчигчдыг зам хөндлөн гаргаж байгаа нь их таалагдсан. Энэ талаар та тодорхой мэдээлэлөгөх үү?

Наадамчдын гудамжны Нисэх, Яармагийн чиглэлийн шинэ зам ашиглалтанд орсон нь иргэдийн талархлыг их хүлээгээд байгаа. Гэвч жолооч нар хурд хэтрүүлэн явах үзэгдэл түгээмэл байна.  Ялангуяа хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан уг шинэ зам дээр зам тээврийн осол нилээдгүй гарах болсон.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан, гарц  гэрлэн дохиогүй замаар иргэдийг аюулгүй зөв зорчуулах, гарцаар гаргаж хэвшүүлэх зорилгоор дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 34 иргэнийг шинэ замын 17 байршилд хүүхэд, өндөр настай иргэдийг гарцаар гарахад нь туслах зорилгоор гарцан дээрх зохицуулагчийн  ажил хийлгэж байна.

Мөн дүүргийн ард байрлах гэрлэн дохион дээр 2 хүнийг гарц зохицуулагчаар ажиллуулсанаар түгжрэл, гэнэтийн осол аваараас урьдчилан сэргийлэх боломжтой болсон. Уг ажил их үр дүнтэй болж, 3-р улирлын байдлаар осол аваар мэдэгдэхүйц хэмжээнд буурсан статистик үзүүлэлт гарсанд баяртай байна. Хөтөлбөрт хамрагдаж буй 34 иргэн маань ажлын өдрүүдэд өглөө 07 цагаас орой 19 цаг хүртэл иргэдийг гарцаар зөв гарч хэвшихэд туслан ажилладаг. Харин амралтын өдрүүдэд бага цагаар ажилладаг бөгөөд өдрийн 18272 төгрөгөөр цалинжин ажилладаг.

Хан-Уул дүүрэг бусад дүүрэгтэй харьцуулахад бүтээн байгуулалт их явагддаг. Танай хэлтсийн зүгээс барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр нэлээдгүй ажлыг санаачилж хийлээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт байрлах барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын инженерүүд, хүний нөөцийн ажилтнуудыг сургалтанд хамруулсан. Мөн “Каритас Чех” олон улсын байгууллагатай  хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг Хөдөлмөрийн яамны холбогдох газарт хүргүүлсэн.

Мөн 9 дүгээр сарын 30-нд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй  хамтарч барилгын салбарынхны дунд “Биднээс-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэсэн өдөрлөг зохион байгуулж, нийт 92 барилгын компанийн удирдлагууд, инженер, албан хаагчдыг оролцуулсан.

Энэ үеэр хуулийн төслийн хэлэлцүүлэгт бичгээр 17, амаар 24, нийт 41 санал гарсаныг протоколд тэмдэглэн авсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны /ХАБ/ туг маань 7 хоног бүр барилгын компаниудаар аялан, үүний үр дүнд тэдгээр компаниудад тодорхой ажлууд зохион байгуулагдаж байна. 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногт тохиодог Хөдөлмөрийн салбарын ажиллагсадын өдрийг угтан санаачлан зохион байгуулсан 14 хоногийн ажлын нэг хэсэг нь өдөрлөг, хэлэлцүүлгүүд байлаа.

Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь жижиг, дундүйлдвэр эрхлэгчидтэй хэрхэн хамтран  ажиллаж байна вэ?

Бид “New media” групптэй хамтран бизнес эрхлэгчдийн санхүү, нягтлан бодох  бүртгэлийн мэдлэгийг сайжруулах, тайлан баланс хялбар аргаар, богино хугацаанд гаргах, ашиг орлогоо бодитоор дүгнэн бизнесээ урт хугацаанд амжилттай удирдахад туслах зорилгоор сургалт, хэлэлцүүлэг явууллаа. Уг сургалтанд жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/ эрхэлдэг 20 гаруй байгууллагын удирдлагууд оролцсон. ЖДҮ-ийг дэмжих, хамтран ажиллах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгож байна.

Энэ жилийн хувьд тус дүүрэгт ЖДҮ-ийн санхүүжилтэнд нэг тэрбум төгрөг хуваарилагдсан. Зээлийн материалыг өнгөрсөн улиралд хүлээж авсан. Одоогийн байдлаар 600 гаруй сая төгрөг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гарт очсон байгаа. Харин цөөн хэдэн төслийн хувьд барьцаа хөрөнгө бага, үйл ажиллагаа нь жигдрээгүй гэсэн шалтгаанаар хасагдсан. Зээлийн үлдэгдэл санхүүжилтын мөнгө нь 10 дугаар сарын 30-ны дотор жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гарт очсон байх ёстой.

Мөн өмнөх жил олгогдсон ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төслийн хэрэгжилт, эргэн төлөлтөнд хяналт тавьж ажиллаж байна.Өнгөрсөн онд гэхэд л 500 сая төгрөгийн зээл иргэдэд олгосон. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  сангаас ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор жижиг зээл олгодог. Энэ жилийн тухайд Төрийн банкаар дамжин хэрэгжиж байна.

Манай дүүрэгт 600 сая төгрөг хуваарилсан, өнөөдрийн байдлаар 130 сая төгрөгийн жижиг зээл олгогдсон байна. Иргэд уг зээлийг төрийн банкнаас жилийн 0.85 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай авч болох ба иргэдэд 5 хүртэлх сая төгрөг, нөхөрлөл, хоршоонд 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр олгодог. Тус зээлийн гол зорилго нь ажлын байр шинээр бий болгох, өмнөх ажлын байрыг тогтвортой хадгалах зорилготой юм.

Дэлгэрэнгүй мэдээлэлөгсөн танд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье!