sonin.mn

Долоон настайгаасаа кино урлагт хөл тавьсан Их Британийн жүжигчин Кира Найтли 2003 онд “Pirates of the Caribbean: The Curse of The Black Pearl” кинонд Жонни Депп, Орландо Блум нарын хамт тоглосноор нэрд гарчээ.

Холливудаас жүжигчин бүсгүйд олон ашигтай санал тавьсан бөгөөд 2005 онд тоглосон “Pride & Prejudice” киноны дүрээрээ Оскарын шагналын шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшсэн байна.

-Ихэнх жүжигчид ажлаа сэтгэл судлалтай зүйрлэдэг. Та санал нэгтэй байна уу?

-Үгүй ээ, би тэгж бодох­гүй байна. Гэхдээ нэрт жү­жигчин Дастин Хоффман киноны зураг авалтын өмнө сэтгэл судлаачтайгаа зөв­лөлдгийг ойлгодог. Үүнийг хувь хүний асуудал гэж боддог юм. Ер нь жүжигчдэд сэтгэл зүйн хувьд хямрах үе тохиолдоно.

Надад ч мөн тохиолдож байсан. Ха­­рин сэтгэл судлаачийн зөв­лөгөөг авах талаар одоо­хондоо бодоогүй байна. Хэр­вээ тоглож байгаа дүр нь киноны төгсгөлд нас ба­рах дүрд дараалан тоглоод бай­вал зөвлөгөө авах ямар шаардлага байх вэ. Сүүлийн жилүүдэд Анна Каренина зэрэг долоон кинонд тог­лосон.

Бүгд л киноны төгс­гөлд нас бардаг. Зураг авалтын дараа гэртээ ирээд хөл бөмбөгийн тэмцээн ч юм уу ямар нэгэн сэтгэл хөдөлгөсөн нэвтрүүлэг үзэх эсвэл найзуудтайгаа пабд сууж хөгжилдөхийг хи­чээдэг. Жишээ нь, Анна Ка­­ре­нинагийн галт тэргэнд дайруулах зургийг авах гэж гурван долоо хоног бэлтгэхэд надад үнэхээр хэцүү байсан.

-Таныг “биеийн аятай­хан галбиргүй” ч царайлаг учраас зарим дүрд сонгосон гэж хүмүүс буруутгах нь байдаг...

-Би гадаад төрхийнхөө ачаар дүр бүтээхээр сон­гогдсон гэж ярих нь эндүүрэл. Миний царай, төрхөөр дүрд сонгосон бол маш цөөхөн байж магадгүй. Хэрвээ би охинтой болбол жүжигчин болохыг хэзээ ч зөвлөхгүй. Тэр тусмаа өсвөр насандаа кинонд тоглох хэрэггүй гэж хэлнэ. Бүр хэзээ ч болохгүй. Хүүхэд наснаасаа кинонд тоглож байсан учраас энэ мэргэжлийн хүнд хэцүүг мэдэрсэн. Эмч юм уу хуульч болсон нь дээр. Тогтвортой ажилтай, тайван ажилтай болно шүү дээ. Жүжигчний тухайд их стресстэй мэр­гэжил. Би 25 нас хүртлээ маш их нервтдэг байсан. Угаалгын өрөөндөө ороод хэдэн цагаар уйлна. Усны хувцас өмсөхөөс ичээд усан санд ордоггүй байлаа. Одоо тэр бүхнийг давж чадсан. /Инээв./

-Гоо сайхны мэс заслыг юу гэж боддог вэ?

-Таагүй ханддаг. Гэхдээ гоо сайхны мэс засал хийл­гэсэн эмэгтэйчүүдийг бу­руут­­гахгүй. Тэд зөвхөн сайхан харагдахаас гадна сэтгэл хангалуун байхын тулд мэс засал хийлгэхээр шийддэг байх.

Илүү аз жаргалтай болохын тулд мэс засал хийлгэж байгаа хүнд би юу хэлэх вэ. Хүн бүр юу хүссэнээ хийх эрх чөлөөтэй, ухаантай. Ми­ний хувьд одоогоор гоо сайхны мэс засал хийлгэх бодол байхгүй. Гэхдээ хүн ирээдүйд ямар шийдвэр гар­гахыг яаж мэдэх вэ.

-Та өнгөрсөн онд хурим­ласан. Гэрлэсэндээ сэтгэл дундуур байх үе гардаг уу?

-Яалаа гэж дээ. Би аз жаргалтай байна. Нөхөртэй зарим эмэгтэйчүүд эрх чөлөөгүй, стресстэй байж болох юм. Надад тийм хэцүү зүйл байхгүй. Харин ч нөхөргүй байх нь хэцүү санагддаг. Би зөв сонголт хийсэн гэж бодож байгаа.

Зарим үед бүр өөртөө баяр хүргэмээр сайхан байдаг шүү. Аав, ээж минь намайг гэр бүл болохыг яарахгүй байхыг зөвлөдөг байсан. Миний бодлоор аав, ээж минь банкнаас үл хөдлөх хөрөнгийн зээл авахын тулд гэрлэсэн юм шиг байгаа юм. /Инээв./ Жеймс надад гэрлэх санал тавихад нэг их удаан бодолгүйгээр зөв­шөөрсөн.

-Жеймс таныг “Begin again” кинонд дуучны дүр бүтээхэд гитар тоглохыг заах гэхэд та хоёр хэрэлдэх шахсан гэсэн...

-Гэхдээ салаагүй л байгаа биз дээ. /Инээв./ Жеймс бусад бүх хөгжимчин, дуу­чинтай адил хүн бүр хөг­жим тоглож дуулах, хөгжмийн тухай ойлголттой байх ёстой гэж боддог юм билээ. Дараа нь Жеймс намайг шоолон ноот харж гитар дарах гэж хичээж байсныг хэлэхэд бид хоёр инээлдсэн.

Үнэнийг хэлэхэд надад хөгжмийн талаар ямар ч мэдлэг байхгүй. Ах маань хөгжимчин, эхнэр нь сайн хийлч, нөхөр маань хамт­лагийн гитарчин ч гэсэн би хөгжим сонирхдоггүй. Гэх­дээ жүжигчин хүнтэй хувь заяагаа холбохгүй гэж бодож байснаа санаж байна.

Би Жеймстэй танилцахаас өмнө жүжигчин Руперт Френдтэй үерхдэг байсан. Бид өөр өөр кинонд зураг авалттай таардаг болохоор ховорхон уулзана, уулзахаараа ажлаасаа болж байнга мар­галдана.

-Хүүхэдтэй болох талаар бодож байгаа юу?

-Гэрлээгүй байхад бүгд л “Хэзээ гэрлэх гэж бай­гаа вэ” гэнэ. Гэрлэсний дараа “Хэзээ хүүхэдтэй бо­лохоор төлөвлөсөн бэ” гэ­дэг. Би амьдралаа хэзээ ч төлөвлөж, төлөвлөгөө зо­­­хиож бай­гаа­гүй. Тийм бо­­лохоор цаг нь болохоор хүүхэд­тэй бол­но. Хэзээ гэд­гийг хэлж мэ­дэхгүй байна.

-“The Imitation Game” кинонд математикчийн дүр бүтээхдээ эрдэмтдийн баг урин түлхүүр үгийн ма­­шины учрыг олохыг хи­чээдэг. Та ер нь мате­матикч найзтай юу?

-За үгүй дээ. Кинонд тог­­лохдоо онол, теоромын уч­рыг олох гэж 14 хоног зарцуулсан. /Инээв./ Дунд сур­гуульд байхдаа ч мате­ма­тикийн хичээл со­нир­хож байгаагүй. Ер нь хичээлдээ хоцорч байсан нь чангаар дуудан уншиж чаддаггүй байсантай хол­боотой.

Одоо ч зарим үед чанга уншихад хэцүү байдаг. Ээж, аав минь на­майг сайн суралцах ёстой гэж шаарддаг байсан тул чадлаараа хичээж суралцсан. Дөрвөн настайгаасаа аав, ээжээсээ гуйсан болохоор зур­­гаатайдаа өөрийн тө­лөө­­лөгчтэй болсон юм.

17 настайдаа “Bend It Like Beckham” кинонд тог­лосны дараа Холливудын най­руу­­лагчид урьсны дараа театрын сургуульд сурч эхэлсэн.

-“Pirates of the Caribbean” киноны тавдугаар ангийг удахгүй хийнэ. Та­ныг урьсан уу?

-Урьсан ч би тоглохгүй ээ. Хангалттай.

-Таныг банкинд олон саяын хадгаламжтай хэр­нээ цалин багатай юм шиг даруухан амьдардаг гэж ярьдаг нь үнэн үү?

-Надад 70 орчим саяын хадгаламж бий. Хэрвээ надад ямар нэгэн зүйл авах шаардлага гарвал авна. Тэрнээс биш надад амьд­ралын тансаг хэв маяг таалагддаггүй. Хэт хээнцэр байдал нь бодит амьдрал биш юм шиг санагддаг. Жирийн амьдралын орчин ахуй ойр­хон байдаг юм.

Н.Тунгалаг

Эх сурвалж: