sonin.mn

Эм. Энэ үгийг сонсоод зарим нэг нь жигшиж байгаа байх. Харин зарим нь бүр донтчихсон байж болох юм. Учир нь зарим хүмүүс ямар нэгэн эмийг эмчийн жоргүй хэрэглэснээс өвчнөө анагаах бус хүндрүүлж байсан удаатай.

Харин хэсэг бүлэг хүмүүс тэр дундаа арван жилийн хүүхдүүд мансууруулах төрлийн үйлчилгээтэй эм хэрэглэж, түүндээ донтдог. Иймэрхүү нийгмийн саарал өнгө бидний дунд байсаар л байна. Эмийг хоол шиг хэрэглэх болсон нь олон зүйлээсулбаатай.

Тухайлбал, эмийн сан сүүлийн хэдэн жил борооны дараах мөөг шиг олширсон. Мэргэжлийн эмзүйч эмийн санд ажилладаггүй. Эмчийн жороор эм олгодоггүй зэргээс үүдэлтэй. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаа учир замбараагүй эмийн худалдаа бий болсон.

Та бид хэдхэн алхаад л эмийн сан гэсэн хаягтай таардаг. Жишээлбэл, бидний мэдцэгээр багшийн дээдийн автобусны буудпын замын хойно л гэхэд таван эмийн сан зэрэгцээд байрлаж байх юм. Ингэж эмийн сан олон болохын хэрээр хүмүүсийн эмэнд хандах хандпага өөрчлөгдөж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, дуртай үедээ хүссэн эмээ авч уух нь нээлттэй болсон гэсэн үг. Эмчийн жороор олгох ёстой эмийг танилынхаа эмийн сангаас жоргүй авч байх жишээтэй. Хамгийн сонирхолтой нь олон эмийн сан нэг доор байрласан ч гэлээ нэг төрлийн эм үнийн хувьд ялгаатай байдаг.

Ядаж л ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө үйлчилж буй эмийн сангууд улсад бүртгэлтэй, хаяг шошгоны зөрчилгүй эмийг нэгдсэн үнээр худалдаалж баймаар санагдах юм. Үүнтэй санал нийлэх хүн ч олон биз.

Тиймээс бид эмийн санд ямар эм худалдаалдаг түүнд хэрхэн хяналт тавьж байгаа талаар НМХГ-ын Эм, био бэлдмэлийн чанарын улсын байцаагч Д.Энхцэцэгээс тодруулсан юм.

Д.Энхцэцэг: Ихэвчлэн нянгийн эсрэг эм бэлдмэл улсын бүртгэлд бүртгэлгүй байдаг

-Танайхаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн есдүгээр сард Баянгол, Баянзүрх, Сонгино хайрхан дүүргийн эмийн сангуудад хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар есөн нэрийн эм Монгол Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсаныг тогтоосон. Мөн таван нэр төрлийн эм хаяг, шошгын зөрчилтэй байсан. Түүнийг хурааж газар дээр нь устгасан.

-Тухайлбал ямар төрлийн эм улсын бүртгэлд бүртгэлгүй байсан бэ?

-Ихэвчлэн нянгийн эсрэг эм бэлдмэл улсад бүртгэлгүй байсан. Жишээлбэл, тетрациклин буюу нүдний тосон түрхэлэг, веронто гэдэг нүдний дусаалга, вегра, эритромицин, эрипамицин, харшлын эсрэг шувуутай тос, даралт бууруулах зэрэг эм бэлдмэлүүд байсан.

Эдгээр эмийг ихэнхдээ Энэтхэг, ОХУ, Хятад улсад үйлдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр улсаас импортолсон гэсэн үг.

-Тэгвэл ямар эмнүүд хаяг шошгын зөрчилтэй байсан бэ?

-Дотоодын эмийн санд найруулсан эмнүүд хаяг, шошгийн зөрчилтэй байдаг. Тухайлбал, дентатурын спирт, шарханд түрхдэг метилийн хөх, загасны тос, иодын ханд. Үйлдвэрлэсэн эмийн сан, эмийн нэр, тун хэмжээ, цуврал, савалсан болон хүчинтэй хугацаа зэрэг эмийн талаарх мэдээлэл бүрэн бичигдэх ёстой байдаг. Гэтэл дотоодын эмийн санд найруулсан эмнүүдэд дээрх мэдээлэл дутуу байдаг.

         Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр нийслэлд 645 эмийн сан албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс эмнэлгийн эмийн сан 37, нэгдүгээр зэрэглэлийн 137, хоёрдугаар зэрэглэлийн 471 эмийн сан байдаг аж.

Нэгдүгээр зэрэглэлийн эмийн сан нь өөрийн гэсэн эм найруулах лабораторитой байдаг бол хоёрдугаар зэрэглэлийнх нь гаднаас эм импортолж, зөвхөн худалдаа хийх зориулалтай юм байна. Эмийн сангийн үйл ажиллагааг авч явдаг хамгийн чухал хөшүүрэг бол эмзүйч юм. Гэтэл сүүлийн үед эмийн санд мэргэжлийн бус хүмүүс ажиллах нь энгийн үзэгдэл болсой.

Эмийн сангаас эм авахад хэрэглэх зааврыг нь эмзүйчээс асуухад тайлбарлаж чадахгүй байгаа нь тэднийг мэргэжлийн бус эсвэл мэдлэггүй гэдгийг нь батлах наад захын жишээ юм.

Эмзүйчид худалдан авагчаас эмчийн жорыг нь үзэж шалгах нь битгий хэл жорыг нь харж байгаад буруу эм олгодог тохиолдол олон. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдахад “Монос”-ын эмийн сангийн эмзүйч фенобарбитал эмийг буруу олгосноос 16 хүүхэд хордож байсан.

Тухайн эм хүүхдийнх болон том хүнийх нь адил савалгаатай учир андуурсан гэсэн тайлбарыг тэр үед хэлж байсан юм. Фенобарбитал эмийг 1904 онд үйлдвэрлэж, түүнээс хойш хэрэглэж байгаа бөгөөд энэ эмэнд хордсон тохиолдол манай улсад гарч байгаагүй ч тухайн эм улсын бүртгэлд мөн л бүртгэлгүй байсан.

Эм зүйчийн буруутай үйлдлээс болж, олон жил хэрэглэж ирсэн тухайн эмийг зах зээлээс татах болсон. Түүнээс хойш тухайн эмийн хэрэгцээ шаардлага зах зээлд үгүйлэгдэж байгааг иргэд хэлж байсан юм.

Тиймээс фенобарбитал эмийг хэзээнээс эхэлж дахин худалдаанд гаргах талаар ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхтуулаас тодруулсан юм.

Т.Мөнхтуул: Фенобарбитал эм удахгүй худалдаанд гарна

-Фенобарбитал эмийг хүний эмийн зөвлөлөөр оруулж улсын бүртгэлд бүртгэх асуудпыг шийдсэн. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд бүртгэсэн гэсэн үг. Дотоодын эмийн үйлдвэрүүдийн эмийг яаралтай улсын бүртгэлд бүртгэх асуудлаар холбогдох мэдээллийг нь манай яамны зүгээс удаа дараа хүргүүлж байсан.

Эмийг импортоор оруулж ирсэн байгууллага улсын бүртгэл бүртгүүлэх хүсэлт тавьдаг. Гэтэл тухайн байгууллагын хариуцлагагүй байдлаас эмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан.

Үйлдвэрлэгч компанид анхдагч савлагааг өөрчил гэсэн үүрэг өгсөн. Эмийн хаяг, шошгод тавих шаардлага гэж байдаг. Үүний дагуу 5 мг, 100 мг-тай гэж ялгагдахаар гаднах савалгааг хийсэн. Тиймээс үйлдвэрлэгч компани нэмж үйлдвэрлэсний дараа холбогдох шинжилгээг хийж, стандарт хангасан тохиолдолд дахин худалдаанд гаргана.

“Барагшуун фарм” эмийн сангийн эм зүйч Б.Өлзийсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

Б.Өлзий сайхан: Сэтгэцэд нөлөөлөх бодистой эмийг суртачлахыг хориглодог

-Танай эмийн сан хэддүгээр зэрэглэлийн эмийн сан бэ. Эмээ хаанаас авдаг вэ?

-Манайх нэгдүгээр зэрэглэлийн эмийн сан. Гэхдээ уусмал эм бэлтгэдэггүй. Эмээ бөөний төвүүдээс авч, худалдаалдаг.

-Хүмүүс танил талаа ашиглан эмчийн жоргүй эм авдаг тохиолдол их гарах болсон. Ямар эмийг зайлшгүй жороор олгодог вэ?

-Жороор эм авдаг хүмүүс байна. Тийм эм сайн гэж ам дамжиж сонсчихоод, аль эсвэл сурталчилгаа үзээд эмчийн жоргүй эм авах гэдэг хүмүүс ч байдаг. Нүд, чихний дусаалга, өрөвсөлт өвчний үед хэрэглэдэг антибиотикуудыг заавал жороор олгодог.

Эрүүл мэндээ бодож байгаа бол эмчид үзүүлсний дараа эм авч хэрэглэвэл илүү үр дүнтэй л дээ. Жоргүйгээр их хэмжээгээр олгож болохгүй эмийн жагсаалтад орсон комикс гэдэг ханиадны эмийг арван жилийн хүүхдүүд ууж, мансуурдаг.

Саяхан нэг хүүхэд энэ эмнээс “Гурван хайрцгийг авъя. Би гадаад явах гэж байгаа. Ханиад хүрэхээрээ уудаг юм” гэж орж ирсэн. Андати гэдэг эм сэтгэц нөлөөт эмийн жагсаалтад орсон. Тиймээс хоёр гарын үсэгтэй, хоёр тамгатай жороор олгодог.

-Адилхан үйлчилгээтэй эм бэлдмэл эмийн сангуудад харилцан адилгүй үнэтэй байдаг. Юунаас шалтгаалж ийм байна вэ?

-Байршил болон дотоод зохион байгуулалтаас шалтгаалж харилцан адилгүй үнэтэй байдаг. Эмийн сангууд бөөний төвөөс авсан эмнийхээ мөнгөн дүн дээр 30 хувийг нэмэх ёстой. Үүнээс илүү нэмэх ёсгүй гэж хуулинд заасан байдаг.

-Эмийг олон нийтийн хэрэгслээр сурталчилдаг. Ямар үйлчилгээтэй эмийг сурталчилах ёстой вэ?

-Шинээр оруулж ирсэн эмийг олон нийтэд таниулах зорилгоор сурталчилж болдог. Гэхдээ найрлагадаа сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодистой эмийг сурталчлахыг хууулиндаа хориглосон байдаг. Жишээлбэл, полдамин гэдэг толгойны эмийг сурталчлах ёсгүй. Энэ эм найрлагандаа тайвшруулах үйлчилгээ агуулдаг юм.

         “Таны толгой өвдөж, нүд бүрэлзээд байна уу”, “Таны нуруу хөшиж, хөл гар чилж байна уу” тэгвэл энэ эм танд хэрэгтэй гэх зэргээр эмийг олон нийтийн хэрэгслээр цаг наргүй сурталчилдаг. Энэ нь ч бүр хүмүүсийн дунд хэвийн үзэгдэл мэт болсон.

Харин сурталчилгааг сонссон, харсан хүмүүс сайн гэсэн эм бүрийг авч хэрэглэдэг бичигдээгүй хууль бидний дунд тогтжээ. Гэтэл сайн гээд сурталчлаад байгаа эм нь хаанаас орж ирсэн, ямар үйлчилгээтэй, улсын бүртгэлд бүртгэлтэй эсэхийг хэнч мэдэхгүй. Тэд мэдэхийг ч хүсэхгүй зөвхөн өвчнөө анагааж, эрүүл болохыг л хүсдэг.

Ингээд л элдэв янзын найрлагатай төрөл бүрийн эмийг өвчиндөө шаналсан хүмүүс авч хэрэглэн өөрсдийн биеэ туршилтын туулай болгодог. Ингэж хүнсний дэлгүүрээс талх худалдан авч байгаа мэт эмийн сангаас эм худалдан авч-өөрийгөө ч, ойр дотныхоо хүмүүсийг ч хордуулсаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмийн сурталчилгааг мэргэжлийн хүмүүст, иргэдэд гэсэн ангилалтай хийж, сурталчилдаг байна.

Өөрөөр хэлбэл, хүүхдэд хандсан, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, иргэдийн мэдлэг мэдээллийн дутмаг байдлыг ашиглан хэт дөвийлгөсөн сурталчилгаа явуулахыг хориглодог байна. Гэтэл манайд олон нийтийн хэрэгслээр ямар ч ялгаваргүйгээр сурталчилдаг. Үүнийг дуртай нэвтрүүлэг, киногоо үзэж байхад дундуур нь гарах эмийн сурталчилгаа нотолно.

С.Юмсүрэн

Эх сурвалж: