sonin.mn

ХДХВ/ДОХ-оор өвчилсөн хүн 10-20 жил амьдардаг бол Эболагийн вирусээр халдварласан хүнд ердөө 24 цагийн амьдрал бий

Баруун Африкаас га­ралтай Эбола вирус дэлхий нийтэд аюулын харанга дэлдээд байгаа. Энэ вирус маш эрчимтэйгээр Баруун Африкийн Гвиней, Сьерра-Леон, Ливи гэсээр цаашлаад Герман, Канад, Испани, АНУ-д ч тархаад байна.

Гэтэл ахархан хугацаанд олон улс орныг хамарсан энэ вирусын гамшгийн талаар манай Эрүүл мэндийн яам дөнгөж өн­гөрсөн пүрэв гарагт мэ­дээ­лэл хийсэн нь “Эболад найр тавья” гэсэнтэй утга нэг болов. Үүнийг ард иргэд “Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр боллоо” хэмээн шүүмжлэлтэй хан­даж байна.

Ийн шүүмжлэх нь ч учиртай. “Дэлхий нийтийг цоч­роосон Эболагийн ви­рус манай урд, хойд хөршид орж ирсний дараа буюу өөрөөр хэлбэл үүдийг маань тогшсон хойно дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын мэдээллийг сүр дуулиантайгаар “Орос, Хятадад Эбола вирус тар­хах магадлал магадлал 97 хувьтай байна” гэж мэ­дээлсэн. Үүний дараа буюу өнгөрсөн бям­ба гарагт Засгийн газраас тогтоол гар­гасан. Уг тогтоолд “Эбола вирусын халдвар гур­­­ван тивийн долоон улс оронд бүртгэгдэн, 8399 хүн өвчилж, 4033 нь нас бараад бай­на. Өвчлөл өндөр байгаа Баруун Африкийн дөрвөн орноос гадна АНУ, Испани, Сенегал улсад халдвар зөө­вөрлөгдөн бүртгэгджээ.

Эбола вирусын халдвар нь зөвхөн дэгдэлттэй улс ор­нуудад биш дэлхий нийтэд ноцтой эрсдэл учруулж байгаа тул үүссэн нөхцөл байдалд хийсэн эрсдлийн үнэлгээний дүнг үндэслэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарлаж, улс орнууд бэлэн байдлаа ханган ажиллаж байна” тусгажээ.

Дээрх аймшигт мэдээ монголчуудыг цочроож, айл­гаж байгаа нь мэдээж байх. Айлгахаас ч аргагүй.

Хэрвээ манай хоёр хөршид ороод ирсэн тохиол­долд манай улсад энэ вирус тархана л гэсэн үг. Учир нь манай улс үйлдвэрлэгч биш учраас хүнсний бараа бүтээгдэхүүнээс авахуулаад өмсч зүүх, эдэлж хэрэглэхээ бүгдийг урд хөршөөсөө зөөдөг. Энэ хэрээрээ ма­найхан БНХАУ-ыг өдөрт мян­га мянгаараа зорьдог. Тэд бүгдээрээ биш юм аа гэхэд нэг нь л энэ вирусын тээгч болоход үндэсний аюул­гүй байдал хурцаар яриг­дах болно.

Ялангуяа манайх шиг хүн ам цөөтэй улсын хувьд үүнээс илүү аюул гэж юу байх вэ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Нигерийн хоёр иргэнийг Эболагийн голомтоос ирсэн хэмээн үзэж, манай улсад газар­дахад нь хил гаалиар оруулалгүй буцаасан.

Энэ мэтээр уг вирус манайд орж ирэх магадлал өндөр байгаа учраас олон нийтийг ийнхүү сэрэмжлүүлж буй хэрэг юм.
Аюулын харанга дэл­дээж, дээр дооргүй яриа өрнүүлээд буй энэ вирустэй дэлхийн анагаахын шинж­лэх ухаан дайтаад ч дарж чадахгүй байгаа юм. “Хэрэв олон сая хүн амтай суурьшлын бүсүүдэд, Ази тив рүү энэ вирус орж ирвэл дэлхий дахинд ХДХВ/ДОХ-оос ч илүү аюул учруулна” хэмээн мэр­гэжилтнүүд үзэж байгаа юм.

Ерөнхийдөө ХДХВ/ДОХ, Эбола хоёулаа үхэлд хүргэдэг аюултай. Яагаад гэвэл, эрчимтэй хөгжлийн түүчээ болсон анагаахын шинжлэх ухаан эл хоёр өвчний аль алийг нь эмчлэх аргыг олж нээгээгүй. Гэх­дээ Эбола ХДХВ/ДОХ-оос аюул­тайг олон улс эрүүл мэндийн байгууллагууд зар­лаж байгаа.

Тухайлбал, ХДХВ/ДОХ-оор өвчилсөн хүн 10-20 жил амьдарч дархлал нь хомсдож үхэлд хүрдэг бол Эболагийн халдвар авсан хүн ердөө 24 цагийн настай хэмээх аймшигт мэдээг дэлхийн өнцөг булан бүрт хүргээд байгаа билээ. Энэ аймшигт мэдээллийг сонссон хэн бүхэн цочирдохгүй байхын аргагүй.

Олныг цочроосон энэ мэдээллээр сүүлийн өд­рүүдэд олон нийт “амьс­галж” байгаа билээ. Гэсэн ч энэ вирусийн талаар болон энэ вирусээр өвчилсөн хүнд ямар шинж тэмдэг илрэх, хэрхэн хамгаалах талаар хүмүүс мэдээлэл муутай байгаа.

Эбола вирус нь Конгоос гаралтай

Эбола вирус анх 1976 онд Судан улсын Нзар болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Ямбуку гэдэг хоёр сууринд нэгэн зэрэг дэгджээ. Ямбуку суурин Эбола голын дэргэд байдаг учир, өвчинд энэ нэрийг өгчээ. Эбола вирустэй хол­боотой нутгийн ардуудын дунд тархсан нэгэн түүх байдаг аж. Ямбуку суурин­гаас хойд зүгт орших нэгэн гол ус, ургамал ан амьтан жигдэрсэн диваажин мэт гайхамшигтай газар байс­ныг Европын хүмүүс хөрсөн доороо асар их баялагтайг нь тогтоосноос хойш хоёр­хон жилийн дотор цөмийн бөмбөг дэлбэрсэн мэт айм­шигтай газар бол­гож хаясан ажээ.

Түүгээр зогсохгүй нут­гийн онгон дагшин газрууд бүгд баялгийн төлөөх тэм­цэлд сүйрч Эбола гол бохирдлоосоо болж улаа­наараа эргэн ширгэж эхэл­сэн байна. Яг энэ үеэс үхлийн аюул тээсэн сарьсан багваахайнууд асар олноороо суурингуудаар эргэлдэж бай­сан гэнэ. Улмаар 1976 онд хөнөөлт өвчин тархах үед вирусийг нь Эбола хэмээн нэрийдэж сарьсан багваахайнаас гаралтайг нь ч тогтоосон байна. Ийм түүх байдаг бөгөөд байгаль дэлхий хүн төрөлхтөнд өг­сөн шийтгэл хэмээн Эбола вирусийг нутгийн ардууд ярьдаг гэнэ.

Эбола вирус нь цусархаг халууралт өвчин үүсгэгч вирусийг нэг төрөл бөгөөд энэхүү халуун орны вирусийн эсрэг эмчилгээ болон вакциныг одоогоор анагаах ухаан олоогүй байгаа юм. Эбола вирусийг тээгч болон тараагч нь сарьсан багваахай болон сармагчин бөгөөд тэдэнд хазуулах болон тэдний биеэс ялгарсан шингэнээр дам­жин халдвар хүний биед ордог аж.

Эболагийн вирусын шинж тэмдэг

Нэгэнт хүнд халдсан бол хүнээс хүн халдах нь маш амархан, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй өвчин гэнэ.
Вирусийн халдвар авс­ны дараа халуурах, хоо­лой болон булчин өвдөх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, улмаар дотор муухайрч бөөлжис цутган гүйлгэж эхлэх бөгөөд элэг бөөрний үйл ажиллагааг доголдуулж цус алдахад хүргэдэг аюулт өвчин ажээ.

Эболагийн вирусээр өвчилсөн хүн маш өндөр халуурч, дотуур болон гадуур цус алдалт зэрэг явагддаг. Энэ вирус цусны цагаан бөөм болон вирус цусны цагаан бөөм болон судас руу дайрдаг байна.

Энэ удаа дэгдээд буй үхлийн аюултай Эбола вирусийн талаар СММ-ийн доктор Санжай Гупта дэлхий нийтэд мэдээлсэн байна. Тэрбээр Конакрид дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын лабораторид ажиллаж байгаа аж.

Эболагийн эсрэг вакцин туршиж байна

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова “Оросын эмч нар Эбола вирусийн эсрэг туршилтын вакцин бүтээсэн” тухай “РИА Но­вости” өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Эмч нар үүнд най­даж байгаа.

Үүнээс гадна Канадын нэ­гэн ком­пани хэдэн жи­лийн турш эл вирусын эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байгаа аж. Тус компанийн бүтээ­сэн вак­циныг хүн дээр турших зөвшөөрлийг АНУ-ын Эм, эмийн бүтээг­дэхүүнийг зо­­хи­­цуулах хо­рооноос ол­гожээ. Мөн өнгөрөгч долоо хоногт Хятад улс ч энэхүү вирусын эсрэг вакцин туршиж эхэлсэн тухай мэдээлэл бий.
Харин одоогийн байдлаар НҮБ-ын мэргэ­жилт­­нүүдийн м­э­дээлс­нээр Эбола вирус­тэй тэмцэх гурван төрлийн вакциныг судалж байгаа гэнэ. Нэгдүгээрт, Эболагаар өвчилсөн хүмүүсийн цус­наас гарган авсан вакцин. Хоёр дахь нь вакцинаар мичинд туршилт хийсэн нь эерэг үр дүн үзүүлсэн.

Дараагийн вакцин нь эд­гээрийн дотроос хамгийн боломжит гэж тооцогдож байгаа бөгөөд клиник су­далгаа явагдаж, хүн дээр туршиж үзэх аж. Гэхдээ энэ өвчний эсрэг вакциныг олон хүн дээр туршиж болохгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа аж.

Дэлхийн улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч АНУ-аас Эболгийн эсрэг нэгдэх уриалга хүртэл гаргаад байхад УИХ, Зас­гийн газраас мэдээлэл хийж, зөвлөмж гаргасан төдийхнээр буюу хэнэггүй монгол зангаараа хандаж байгаа нь Эболаг үл ойшоож, мөхөлд найр тавьж өгч бутай агаар нэгэн явдал гэж ард иргэд ихэд бухимдаж байна.

М.Уянга

Эх сурвалж: