sonin.mn

Яагаад ингэж асуух болов гэхээр монгол хэлээр ярьж бичихээ болих гээд байна уу гэж бодогдохоор болж, монгол түмэн минь бухимдах боллоо. Захын жишээ гэвэл нийслэлийн олонхи дэлгүүр, гуанз, байгууллагуудын хаяг, реклам англи хэлээр, зарим нь хятад, японоор бичигдэж байна.

Ийм байдал халдварлаад хөдөө хээр босгосон самбар, нэрийн хуудас дээр англиар бичих болжээ. Англи хэлээр ярьдаг, латин бичигтэй орон олон болохоор "Дэлхий даяар англи хэл, латин бичиг хэрэглэх нь" гэж бодоод байгаа юм уу.

Монгол хэлээ голоод тоохоо болиод байна уу, эсвэл зөвхөн гадны хэл, бичгийг шүтээд байна уу гэдгийн алин болохыг ойлгоход бэрх болж байна. Ямартай ч монгол хүн олон мянган жил хэрэглэж ирсэн монгол хэлээ орхих учиргүй баймаар.

Гадаад хэлээр бичсэн хаяг, рекламыг унших хүмүүс нь монгол хүн гэж боддоггүйг бодохоор тэр дүвчигнээд байгаа хүмүүсийг өрөвдмөөр, хэнд зориулж, яах гэж тэгж харийн хэл, бусдын бичгээр бичээд байна вэ гэж асуумаар.

Тэдэнд өөрсдөд нь ч ашиггүй, зар мэдээллээ гадаа-дад зориулаад байгаагийн цаад учрыг нь ойлгохгүй юм. Үүний дээр төр засаг, улсын нийслэл удирдлагатай юм бол ард түмнээ, төрөлх хэлээ, монгол хэл бичгээ үл тоож, харийн хэлийг сурталчлаад төрөлх хэлээ мөхөөх гээд байгааг зогсоохгүй байгаагийн учир юунд байна вэ.

Бас харийн хэлээр тэгж бичээд байгаагийн зэрэгцээ төрөлх хэлээ мэдэхгүйгээс үү, эсвэл зориуд бичээд байна уу гэмээр монголоороо буруу зөрүү бичих нь хэрээс хэтэрлээ.

Бидний өдөр тутам хэрэглэж байдаг хурдан хөлөг, ажнай хөлөг, усан болон агаарын хөлөг, шатрын хөлөг гэдэг хөл гэдгээс гаралтай үгийг уяа хүлэг мэт бичиж, бүр хэвших янзтай боллоо.

1964 оны Токиогийн олимпын нээлтэд Монгол төрийн далбааг барин жагсаж байсан "Чемпион” хэмээн алдаршсан, хөнгөн атлетикийн ахмад дасгалжуулагч Д.Найдан:

Хурдан тэрэг онгоц, үлгэр байсан цагт
Хөлөг минь хэмээн биширдэг байсан бус уу
Алтан дэлхийг туулсан баатрууд тэр цагт
Аргамаг хөлгийн зоон дээр дэрөэж байсан бус уу
Аяа ажнай хөлөг минь уучлаарай
Аргамж хүлэг баглаатай адилтган зүйрлэсэн нь
Алдаа оноотой яригчийн буруу юм шүү
гэхчлэн олон шад шүлэг бичиж морио хүлэг гэж бичиж, ярьж байсныг шүүмжилж байсан байна.

Бас тав тух, таваараа гэхийг таав, тааваараа гэх, тариаланг заавал газар тариалан, өвчнөөс сэргийлэх гэх байтал өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал идэшлэх гэхийг идээших, малын шагааг үүдээр шагайх адил шагай, төдөн хонь гэхийг төчнөөн толгой хонь гэхчлэн ярьж бичээд байгааг мэдэхгүйдээ тэгээд байна уу гэхээр зориуд тэгээд байгаа ч юм шиг.

Уламжлал, төрөлх хэлнийхээ үндсэн чанарыг алдсан улс мөхдөг гэдгийг мэдэж л баймаар. Эсвэл мэдсэн ч зориуд тэгээд байна уу.

Иймийн учир хэл нь хальтарч буй буюу мэдэхгүйн харгай төдий зүйл биш, Монгол Улсын тусгаар тогтнолд харш, улс төрийн утга агуулгатай зүйл ч гэж үзэж болох учир Монголын иргэн бид үүнийг огт анзаарахгүй байж болмооргүй санагдаад байна. Яагаад ингэж хэлэв гэдэгт товч боловч тайлбар хэльө.

Үгийг зөв бичихэд үгийн гарал, язгуурыг үндэс болгодог. Гэтэл өнөөгийн зарим хэвлэлд малын шагай, алтан, мөнгөн шагай гээд байгаа ч үгийн язгуур нь шаа. Одоо ч баруун аймгийн зарим сумынхан хөлийн шаа, хонины шаа гэж ярьсаар байгаа. Шаа гэдэг үгийг монгол бичгээр шагаа гэж бичдэг.

Түүнийг кириллээр шагаа л гэж бичих учиртай. Идэшлэх гэдгийн язгуур нь ид, идээшлэхийнх идээ. Иймд юм идэх, мал идэшлэх, цай идээших, нутаг газарт идээших гэдэг нь өөр өөр утгатай үг.

Бас хойночлон сэргийлэх, усан тариалан гэж юм байдаггүй болохоор өвчнөөс сэргийлэх, тариалан гэж л бичих ёстой. Хэлний хэмнэлийн бичигдээгүй хуулийг бодсон ч нэг үгээр бичих үгийг хоёр, гурван үгээр бичих нь цаас цагны гарзтай биз дээ.

Суут эрдэмтэн Б.Ринчен "Чихну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ", их зохиолч Д.Нацагдорж “Өсөхөөс сурсан үндэсний хэл-орхиж болшгүй соёл" гэж шүлэг бичиж сургамжилсан байдаг.

Гэтэл бичиг соёлоо сайжруулах, монгол бичгийн дүрмийг хялбар болгох санал дэвшүүлж, ажил мэргэжлийн үүднээс бичсэн эрдэмтдийг гүтгэн доромжилж, олон хүн дайрч давшилсныг уншаад “Монголчууд зевийгдэмждэг" гэсэн гарчигтайгаар саналаа бичээд эрдэмтдийг доромжилдог хүмүүс юу гэх бол гэж бодсон чинь чимээгүй байсан нь над мэтийг тоогоогүйнх биз.

Би монгол хэлний эрдэмтдийн эх оронч санаачлагыг дэмжиж, монгол бичигт том үсэг байдаггүйг кирилл бичигт авч хэрэглүүштэй. Кирилл бичгийн хатуу, зөөлний тэмдэг үсэг гэгч ямар ч ач холбогдолгүй.

Тэр тэмдэг үсэг нь үсгийг хатууруулж, зөөлрүүлж байгаа юм огт байхгүй, хэрэггүй үсэг, Монгол бичгийн гийгүүлэгч үсгийг /яеёю/ дөрвөн эгшиг үсэг болгож, монгол шинэ бичгийг улам олон үсэгтэй, түүнтэй уялдан зөндөө дүрэм буй болж, сурагчдын бичиг сурахад бэрхшээл буй болгосныг өөрчлөх санал өгсөн юм.

Ер нь шинэ бичгээ цаашид тууштай үргэлжлүүлэн хэрэглэх юм бол үсгийг цөөлөх, дүрмийг хялбар болгон сайжруулах шаардлагатайг энэ дашрамд дурдмаар санагдлаа.

Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Чой.Лувсанжав нар шагаа гэж бичижбайсан бөгөөд Шагж, Я.Цэвэл нарын толь бичгүүдэд хөлөг, хүлэг хоёрыг ялган тайлбарлаж бичсэн нь одоо ч мөрдөгдөх ёстой тул цаашид морио хөлөг, хөлийн шагаа гэж бичиж байгаасай гэж саналаа илэрхийлж байгаа билээ.

Ер нь шинэ бичгээ хэрэглэх л юм бол үсэг бичгийг мэрг^жлийн байгууллага, мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэх шаардлагатайг 15 жил хэвлэлийн байгууллагад ажилласан, сэтгүүлч хүний хувьд санал болгож байна. "Бүгдээрээ ярилцвал буруугүй" гэдэг мэргэн үгийг бодсон ч ийм байна.

Би 80 нас наслахдаа Австралиас бусад тивд очиж, 30 гаруй орны нутагт хөл тавьсан хүний хувьд хэлэхэд, бараг дэлхийн бүх хэлээр ярьдаг АНУ-ын 320 гаруй сая хүний 60 гаруй хувь нь испаниар ярьдаг байтал тэр улсын албан ёсны хэл нь англи учир гудамжинд харагдах бүх хаяг, реклам зөвхөн англиар л байдаг юм билээ.

Эмират улсад бүх хаяг, рекламыг эхлээд араб бичгээр томоор, дараа нь жижиг үсгээр англиар бичихийг чанд мөрддөг. Гэтэл ганц сая хүнтэй тэр улсад гадны зургаан сая хүн амьдарч, зарим нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа ч дээрх хоёр хэлнээс өөрөөр бичсэн хаяг рөклам нэг ч байдаггүй.

Тэр оронд гадаад, дотоодын хүмүүсийг хулгай хийх, архи хэрэглэхийг бүрэн хориглодог. Хулгай байхгүй, архи хэрэглэдэггүй нь бахархмаар юм билээ. Манай төрийн түшээд, сайд дарга нар гадаадад мөн ч олноороо, олон удаа явах юм. Яагаад гадны орны ололтоос эх орондоо авч хэрэглэдэггүй юм бол доо.

Сэтгүүлч X. Чойжилжав