sonin.mn

Монголын нэрт нийтлэлч, сэтгүүлчийн нэг Цэдэндоржийн Дашдондов 70 давсан наснаасаа олон номтой ч саяхан "Үзгэн шилбүүр барьж, үгийн сүрэг гилж, утгын таяг тулж туулсан он жилүүдийн ойллого" номоо хэвлүүлжээ.

Шинэ сэтгүүл зүйг үүсгэн байгуулсан тэрбээр МЧАСЭ-ийг анх байгуулан гурвантаа Ерөнхийлөгчөөр ажиллан улмаар сэтгүүлчийн хоёр байгууллага нэгдэн МСЭ-ийг дахин шинээр эмхлэх үед "Хүндэт Ерөнхийлөгч"-өөр өргөмжлөгдсөн хүн. Сэтгүүл зүйн насан туршийн энэ хүндэтгэлээс гадна ШУА-ийн Хэл зохиолын хүрэлэнгийн Хүндэт доктор цолтой, Монгол Улсын СГЗ цол хүртсэн.

Сүүлийн жилүүдэд түүний бичсэн ном "Он цагийн баримтат түүхийн хэлхээс" амьдралаас нь урган гарсан амьд өгүүлэмжтэй дурсамжаас бүтэх болжээ. 2011 онд бичсэн "Эрээнтэй бараантай амьдралын минь эвлүүлэггүй тэмдэглэл" нэртэй  номынхоо үргэлжлэл болгон 2014 онд "Үзгэн шилбүүр барьж, үгийн сүрэг гилж, утгын таяг тулж туулсан он жилүүдийн ойллого"  номоо гаргасан нь энэ.

Тэрбээр " Бүх номынхоо дээжээс охилон гаргахыг оролдлоо. Дахиад ийм юм гаргаач бил үү, үгүй бил үү?" гэж даруухнаар хэлэвч, дарагдашгүй, давтагдашгүй бүтээлүүдийнх нь жирийн л нэгэн үргэлжлэл ажээ. МЧАСЭ байгуулахад цуг явсан үе, үеийн сэтгүүлч нөхдөө, төр барьсан 4 үеийн Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж засаг барьсан Ерөнхий сайдууд П.Жасрай, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, С.Баяр зэргийн тухай нэг өгүүлбэрээс 60 мөрт хүртэлх хэмжээнд шахаж "чимхэн" өгүүлсэн нь үлгэртэй.

Мөн чөлөөт хэвлэл өдгөө дөрөв дэх засаглал болтлоо төлөвшин бойжсоныг ч илүүтэй өгүүлснээрээ  онцлог болжээ. Бас "Нэрийн хуудас нэгийг өгүүлнэ", "Бэлгийн ном дээр бичсэн үгийн нандин үнэ цэнэ, нарийн учир холбогдол" хэмээх хэсэгт номыг дээдлэх, уран бүтээлчдийн чин сэтгэлийн үг, урмын ерөөл бүхэн учир жанцантай гэдгийг ухааруулсан нь ч тод харагдана. Хань Б.Дариймаа, гэр бүлийнхнээ ч дээдлэн өгүүлсэн нь сургамжтай.

Гэрлэх ёслолын ордон, Монголын хүүхдийн эрхийн төвөөс "Тэнгэрлэг гэр бүл" өргөмжлөл хүртсэнийг нь ч эндээс үзэж болно. Ном үүрсэн нийтлэлчийн шинэ ном уншигчдад бас л ухаарал бэлэглэж, урмаар тэтгэх дэмээр дүүрэн байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: