sonin.mn

Уртын дуу нь Монголын уламжлалт урлаг. Дуу нь урт үргэлжилдэг бус үгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэршжээ. Дөрвөн минут үргэлжлэх дуу аравхан үгтэй байх нь ч бий.

Гүн ухааны, шашны, романтик, баяр ёслолын гэх мэт олон янзын сэдэвтэй байдаг энэхүү уртын дууг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгыг өмнөө тавин, уран бүтээлдээ шамдаж яваа “Язгуур” хамтлагийнхантай ярилцлаа.

-Уртын дууг зарим тохиолдолд дуучид хамтран дуулдаг. Нэг хэсэг “Шуранхай” хамтлаг энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байсан. Яагаад заавал уртын дууг хамтлаг болон дуулахаар шийдсэн юм бэ?

-А.Түмэнжаргал:
Тийм ээ. Өмнө нь “Шуранхай” хамтлаг л байсан. Харин энэ төрлийн эрэгтэй хамтлаг байгаагүй. Яахав дуучид ямар нэг дууг хамтран дуулах тохиолдол байдаг боловч албан ёсны хамтлаг байгаагүй. Тиймээс зориглоод үзэхээр шийдсэн.

-Соёл урлагийн их сургуулийн нэг ангийн найзууд гэж сонссон. Оюутан байхдаа хамт дуулдаг байв уу?

-Т.Баянжаргал:
Соёл урлагийн их сургуульд суралцаж байх үеэсээ л Түмэнжаргал, Отгонзул бид гурав хамт дуулдаг байсан л даа. Харин яг нэгэн нэрэн дор албан ёсоор нэгдээд нэг их удаагүй байна. Зургаан сар гаруй хугацаа л өнгөрч байна.

Оюутан байдаа л уртын дууны, тэр дундаа үндэсний хэв шинжийг агуулсан хамтлаг байгуулах хүсэлтэй байлаа. Гэхдээ оюутан хүнд хамгийн түрүүнд сайн сурах нь эрхэм учраас энэ хүслээ түр хойш нь тавьчихсан байсан юм. Тийм ч учраас сургуулиа төгсөтлөө хүлээлээ.

-Анхны уран бүтээлээрээ “Эрдэнэ засгийн унага” дууг сонгон дуулж, клип гарсан байна лээ. Яагаад заавал энэ дууг сонгов?

-А.Түмэнжаргал:
Монгол түмний хамгийн сайн мэддэг дуунуудаас сонгож дуулахыг хүссэн. Тиймээс анхны уран бүтээлээрээ “Эрдэнэ засгийн унага” гэж олон түмний маш сайн мэдэх сайхан дууг сонгож дууллаа.

-Т.Баянжаргал: Манай нутгийн дуу л даа. Бид гурав гурвуулаа Баянхонгор аймгаас гаралтай.

-Хамтлагийн гишүүн Отгонзул Улсын дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин гэж сонссон. Тэгэхээр хамтлаг ямар нэг студи, байгууллагын харьяа гэж ойлгох уу?

-Т.Баянжаргал: Одоогоор гэрээ, хэлэлцээр хийсэн студи, байгууллага байхгүй. Бие даасан хамтлаг.

-Уртын дуу дуулдаг хүмүүс хөөмийлдөг байх нь элбэг. Ингэхэд “Язгуур” хамтлагийнхан бас хөөмийлдөг үү. Өөр ямар нэгэн хөгжмийн зэмсэгээр хичээллэдэг болов уу?

-Т.Баянжаргал:
Яагаад болохгүй гэж. Юм юмыг л оролдож үзэх байна. Морин хуур, гитар хөгжим оролддог л юм.

-А.Түмэнжаргал: Гэхдээ хөөмий, уртын дуу хоёр хоорондоо харш л даа. Уртын дуу дуулдаг хүн хөөмийлөхөөр хоолой эвдэрдэг. Хөөмийлөхийн тулд маш их хоолой шахдаг. Хөгжим бол сонирхоно. Төгөлдөр хуурыг сонирхогчийн түвшинд тоглоно шүү.

-Поп, поп опера чиглэлээр дуулдаг хамтлагууд хоолой салгаж дуулдаг. Танай хамтлаг ч уртын дууг тэгэж хоолой салгаж дуулдаг уу?

-Т.Баянжаргал: Бид ч гэсэн тэгэж л гурван хоолой салгаж дуулдаг. Мөн уртын цуугаа үндсэн хэв шинжээр чь дуулна.

-А.Түмэнжаргал: Морин суурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан эж хүн бидний хоолойны хуваарилалт, дуулалт тал рэр ажиллаж, зөвлөгөөөгдөг. Хөгжмийн найруулгыг “Colour music”-ын хамт олон гүйцэтгэж айгаа. Нэлээд олон баг, үрэлдэхүүн бидний уран үтээлд хамтран ажиллаж айна.

-Сүүлийн үед залуус уртын дуугаа сонирхох нь багасчээ. Тэр дундаа Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид элсэгчдийн дийлэнх нь эстрадын дуучин болох сонголт хийх юм. Харин та нарын хувьд хэрхэн энэ мэргэжлээ сонгосон бол?

-Т.Баянжаргал:
Анхнаасаа урлагийн хүн болно гэж төсөөлөөгүй ээ. Яахав багадаа дууны уралдаан тэмцээнд оролцоод явдаг л байсан. Чамгүй ч амжилт гаргасан. “Соёл урлагийн их сургуульд элсэх боломжтой хүүхэд юм байна” гэж МУГЖ Т.Баясгалан эгчээр магтуулж байсан минь их урам өгсөн. Тэгээд л үзээд алдахаар шийдсэн.

-А.Түмэнжаргал: Би ч өөрийгөө урлагийн мэргэжилтэй хүн болно гэж төсөөлж байгаагүй. Санаандгүй тохиолдлоор Соёлын дээд сургуульд суралцах болсноор урлаг гэх энэ зүйлийг илүү их сонирхож эхэлсэн. Анх гэрийнхнийхээ сонголт, шахалтаар орж байлаа /инээв/.

-Гэхдээ монгол хүн бүрийн цусанд уртын дуу шингэсэн байдаг байх?

-А.Түмэнжаргал:
Гол нь орчин үеийн залуусыг уртын дуугаа сонсдог, үнэлдэг, ойлгодог болоосой гэж хүсч явдаг. Уртын дууг зөвхөн бэлгэдлийн чанартайгаар дуулмааргүй байна л даа. Уртын дуу маань маш үнэ цэнэтэй урлаг шүү дээ. Тийм болохоор энэ үнэт өвийг олон түмэнд таниулахад жаахан ч гэсэн нэмэр болмоор байна.

-Т.Баянжаргал: Монгол хүн бүрийн оюунд, цусанд, генинд уртын дуу шингээстэй байдаг байх. Ямар ч монгол хүн хичээвэл уртын дуугаа аялж чаддаг. Уртын дуу бол монгол сонгодог шүү дээ. Хамгийн гол нь ард түмнээсээ өвлөж ирсэн, сургаалийн өнгө аястай, ая нь их сайхан аргадаж байдаг дуу юм даа.

-Ингэхэд олон улсад манай уртын дууг хэрхэн хүлээж авдаг бол. Гадаад, дотоодод тоглолтоор явж байсан л байх?

-А.Түмэнжаргал: Олон улсын түвшинд манай ардын урлаг маш нэр хүндтэй байдаг. Гадаадад тоглолтоор явж байхад, эсвэл дотооддоо жуулчдад зориулж тоглоход энэ нь үнэхээр мэдрэгддэг.

-Уртын дууг морин хуур, лимбэгүйгээр төсөөлөх аргагүй. Тэгэхээр хамтран ажиллаж байгаа хөгжимчид байгаа байх?

-А.Түмэнжаргал: Тэгэлгүй яахав. Юун төлөө энэ урлагт хүчин зүтгэж байгаа билээ. Найз нөхөд, хамтран ажиллаж байгаа хөгжимчид бий. Тэдэндээ маш их талархаж байгаа.

Ер нь уртын дууг морин хуур, лимбэ хөгжимгүйгээр, ардын дууг шанз, ятгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ эдгээрээс гадня орчин үеийн шинэлэг дугаралтыг мэдрүүлэхийн тулд бүх нь боломжит аргуудыг туршиж үзэж байна.

-Шинэ уран бүтээлүүд хэдийд үзэгч, сонсогчдод хүрэх вэ?

-Т.Баянжаргал: Дараа дараагийн шинэ уран бүтээлүүд төлөвлөгөөнийхөө дагуу хийгдэж байна. Өнөөдөр энэ ярилцлагаа дуусгачихаад нэг дууны бичлэгт орно. Ер нь бол ардын болон уртын дуу дуулах зорилготой.

Гэхдээ үндэсний хэв шинжээ алдахгүйгээр этно, орчин үеийн хөгжимлөг шинжүүдийг агуулсан, шингээсэн уран бүтээлүүдийг сонсогчдод хүргэхийг хүсч байна. Мөн үндэснийхээ хөгжимтэй хослуулах ёстой.

А.Халиун

Эх сурвалж: