sonin.mn

Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын төрсөн өдрийг тохиолдуулан энэ сарын 18-20-ны өдрүүдэд түүний найз нөхөд, гэр бүл, уран бүтээлч хамт олон нь дурсан үгүйлж авьяаслаг хөгжмийн зохиолч эрхэм нөхрөө дурслаа.

Энэ өдрүүдэд түүний шилдэг уран бүтээлээс нь үзэгч олондоо толилууллаа. Х.Билэгжаргал өнөөдөр амьд сэрүүнсэн бол 60 нас хүрч байх байжээ. Монголын хөгжмийн урлагийн тод нэгэн од болсон Х.Билэгжаргал 1954 онд Завхан аймгийн Чандмань өлзийт буюу Яруу суманд төрсөн бөгөөд 14 наснаасаа Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид суралцан улмаар 1976-1982 онд ЗХУ-ын Уралын хөгжмийн их сургуульд суралцан хөгжмийн зохиолчийн боловсрол олсон байна.

Тэрбээр Архангай аймгийн Багшийн сургууль, Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилж, 1988 оноос Улсын дуурь бүжгийн театр, 1998-2000 онд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолчоор ажиллаж байв.

1990-1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар ажиллахын зэрэгцээ олон дуурь, хөгжмийн томоохон бүтээлүүд туурвин бүтээжээ. “Ламбугайн нулимс” дууриараа төрийн шагнал хүртсэн байна.

Түүний 60 насны ой тохиосон өдрүүдээр найз нөхөд нь түүнийг дурсан Алтан өлгий дэх шарилд нь цэцэг өргөж, Дуурь бүжгийн эрдмийн их театрт “Ламбугайн нулимс” дуурийг нь тоглолоо. Мөн нийтэд алдаршсан “Цахилж яваа гөрөөс” киноны дуу болон  “Зүүдний хайртай нутаг”, “Зүрхний тарни Тамирын гол” зэрэг нийтийн дуу, дан хөгжмийн бүтээлийн концертыг нь ч олон нийтэд сонирхуулсан юм.

Ж.Батсайхан

Эх сурвалж: