sonin.mn

Найрагч нөхөддөө төдийгүй ард олны дунд “Сумын заан” нэрээр нэршсэн, Яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн нэрэмжит “Яруу эгшиглэн” яруу найргийн тэмцээн долоо дахь жилдээ аравдугаар сарын 25-нд МҮЭСТөв Ордонд 14:00 цагаас явагдах гэж байна.

Уг тэмцээнийг найрагчийн гэр бүл үр хүүхдүүд нь санаачлан жил бүр оюутнуудын дунд явуулдаг байсан бол өнгөрсөн жилээс 30 хүртэлх насны залуучуудыг оролцуулах болсон байна. Ингээд Монгол найрагч, “сумын заан” Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн уран бүтээлээс толилуулъя.


Үр минь өсөж үз, түргэхэн өсөж үз
Үрээ даага исэж гүйцлээ өсөж үз
Үрж зарж, эдэлж үз, эцээж үз
Үр минь өсөж үз, түргэхэн өсөж үз

Аавын хүү өсөж үз, бушуухан өсөж үз
Агтны дэл онгож гүйцлээ асаж үз
Ар цармаараа дамнан нисэж үз, өсөж үз
Ирэх өдрийг эмээл дээрээс тосож үз, өсөж үз
Ээжийн дуулсан бүүвэй өсөж үз, өсөж үз
Эртэй морьдын хөлс хусаж үз, өсөж үз

Ирэх өдрийн эмээл дээрээс тосож үз, өсөж үз
Ээжийн дуулсан бүүвэй өсөж үз өсөж үз
Хэнтий зүгээс зээрийн шагай өлгийд нь зүүе
Хээр адуут авгын удам өсөж үз, өсөж үз
Хээрийн салхи тохож, хүлгээ эмнэг орхивол
Хэн чамайг эр хүн гэх вэ өсөж үз

*        *       *

Хэрэггүй ! Мягаа минь
Хэрэггүй!
Хэнз насаа, буйдхан хөдөөгөө дурсахын хэрэггүи
Хэдэн адуугаа гээсэн ташуураа эрэхийн хэрэггүй
Хэлтгий хувь, бэтгэрсэн сэтгэлээ хөндөхийн хэрэггүй
Хэрэггүй ээ! Мягаа минь
Хэрэггүй!

Боль оо! Мягаа минь
Боль!
Орхи оо! Мягаа минь!
Орхи!
Олоогүй адуу, онгойсон бороог санадгаа орхи
Ойд үзсэн зуны гөрөөсийг дурсдагаа орхи
Оройтовч халуунаараа угтах борцны бантан, ээжийн халбага
Одоо байхгүй аав, багын дурсамжинд эргэлдэхээ орхи
Орхи оо! Мягаа минь!
Орхи!

Март аа! Мягаа минь!
Март!
Манатай нуур, нуур алгадах хунгийн далавчийг март
Майхан нь гандсан тууварчин, сонсоогүй, дасаагүй үг хэл
Манай адуунд нийлсэн гундуухан бор хээр морь
Маргааш нь хөтлөөд мордсон харшинг хар
Хүнийг ч март! .

Март аа! Мягаа минь!
Март!
Цэнхэр тэнгэр чимээгүйхэн чамайг харж байх л юм бол
Цэгээн уулс адууны заяа чинь гомдохгүй л юм бол
Цээжний чинь гэрэл гэгээ тэгээд бүдгэрэхгүй л юм бол
Чи энэ бүхнийг түргэхэн шиг мартаж үз ээ

*        *       *

Цагийн аяс дагасан нүүдэлчний жаргалыг
Цаас үзэг нийлүүлсэн хүн бүхэн ч төсөөлөхгүй
Хөдөө цайдам мөөгний намуун бороонд
Хөл нүцгэн өссөн хүү нь бол андахгүй

Уул уулаа нөмөрдсөн удмын минь жаргалыг
Ухаан цоорхой эрдэмтэн ч амар төсөөлөхгүй
Тэнгэр газрын савсалгыг амьсгалаараа бүлээцүүлж
Тэмээн тэн дээр өссөн хүү нь бол андахгүй

Морины нуруунд өнгөрдөг эр хүний жаргалыг
Моторт унааны бүхээгээс даанч төсөөлөхгүй
Хүлгийн хур дэлнээ нүүрээ наан хурдалж
Хүйтэн жавар сөрсөн хүү нь бол андахгүй

Буянт малаа дагасан удмын минь жаргалыг
Буугаад мордохын зуур яав чиг төсөөлөхгүй
Будаг нь холцорсон хуучин бор авдрынхаа
Буланг элээж өссөн хүү нь бол андахгүй

*        *       *

Нагац ахынх

Арван хүүтэй нагац ахыг минь
Армид тасаг цэрэгтэй гэлцэнэ
Өмсөх зүүхээр тэгтлээ бялхаагүй ч
Өлсөж үзээгүй нь дэгтэйнх гэлцэнэ.
Арвуул тэд үүрээр зэрэг босч
Адуу мал үхэр тугалдаа зэрэг мордоно
Энэ нь зэрэг дэрхийх хойлог шиг
Эсвэл тасаг цэрэг шиг санагдана
Өглөө босуут цай цүй гэж хөглөрөхгүй
Өрж тавьсан арван тагш хүлээнэ
Өмнөх тагш том багагүй адилхан
Өрөм бяслаг зүсч тавьсан нь ижилхэн
Аравын ахад арай дөнгүүр тавихгүй
Адагт суугаад алаг санаж татахгүй
Энэ хуваарь ээжийг ээж гэхгүй
Эцэгт бас илүү хувь хүртэхгүй
Авах барих аягаа долоох зэрэг нь
Аавын арав сууж босох нь цэрэг
Нээрээ тэд зорго зоргоо дагавал
Нэгэн тооно нэгэн үүд цөөднө
Оройдоо тэгтэл нэгэн нартай
Орон улс минь нэгэн төртэй
Орчихуйн жамд нэгэн угтай
Орох гарах нэгэн үүдтэй
Олуулаа тэгээд нэгэн зэрэг
Олмоо тайлахдаа ч нэгэн зэрэг
Оройхон нойрсохдоо ч нэгэн зэрэг
Олны амаар тасаг цэрэг
Арван хүү “морь харахдаа" ч нэгэн дор
Алтай Хангайгаа гэх аавын ухаан тэр
Харахад энэ нэгэн айлын дэгтэй хөвгүүд гэвч
Хааны их цэргээс улбаалж үлдсэн аравт
Арван хүүтэй ээж -эх дархан
Арван хүсэлтэй аав-эцэг дархан
Арван үртэй угсаа-овог дархан
Аравт эртэй цэрэг-төр дархан
Эр улс бүсээ бүслэх нь зэрэг
Эмээлээ тохож олмоо чангалах нь цэрэг
Өрх айлдаа тасаг цэрэгтэй Монголчууд
Өөдлөхийн заяатай гүрэн улс аа

*        *       *

Орой намрын бороо


Намар оройн бороо
Сөн татрааж орно
Намхан хөх уулсад
Сөл угааж орно
Баруун айлын бүсгүйн
Шанхыг норгож орно
Бага залуу морины
Цанхыг хөдөлгөж орно
Суунаг мана хөшөөд л
Бороо хичнээн орлоо ч
Суурин тойрон хүрээгээр
Мөөг гарахаа өнгөрлөө
Суудал буудал сэлгэлгүй
Намаржаанд хичнээн хорголоо ч
Сүүмэн цагаан наранд
Гал нэмэхээ өнгөрлөө
Ороод суусан борооноор
Нүүдэл хөсгөө бодооч!
Орой намрынх хойно доо
Цас залгаж мэднэ.

Өнчрөөд байгаа сэтгэлээ
Өнөө амжиж нээгээч!
Одоо цагийн бүсгүй хойно
Хот орчихож мэднэ!
Намар оройн бороо
Сөн татаж орно
Намхан хөх уулсад
Сөл угааж орно
Баруун айлын бүсгүйн
Шанхыг норгож орно
Бага залуу морины
Цанхыг хөдөлгөж орно

Улаанбаатар
1988.8.17