sonin.mn

Дөрвөн улирлаас хамгийн өнгөлөг нь намар юм. Ногоон, шар, цагаан, улбар шар зэрэг өнгө энэ улирлыг тодорхойлдог. Бас навчис. Намрын налгар өдрүүдэд зөөлөн салхи илбэж, гудамжинд унасан навчис хүмүүсийн хөл дор шаржигнан дуугарч намрын тухай бодолд автуулдаг. Энэ улиралд хүмүүс сүүлийн бороонд норж, анхны цастай учран золгодог.

Намар дүрслэх урлагийнхны хувьд уран бүтээл хийхэд хамгийн тохиромжтой цаг гэдэг. Өнгөний ялгарал, өвөлдөө бэлтгэж байгаа эх дэлхийн орчил хөдөлгөөн, ан амьтан, амьдрал гээд биднийг хүрээлэн буй бүхий л зүйл оршихын төлөө тэмцдэг болохоор магадгүй зураачдын нүдийг булааж, сэтгэлийг татдаг байх.

Хэдэн жилийн өмнөөс уламжлал болгон зохион байгуулж байгаа “Намар” үзэсгэлэнг энэ удаад Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ. Олон зураачийн бүтээлийг дүрслэх урлаг сонирхогчдод толилуулахаар бэлтгэсэн болохоор узэсгэлэнгийн танхим илэрхийллийн хувьд баялаг юм.

Хааяахан нүдэнд буусан сэдвээ амилуулчихдаг дүрслэх урлаг сонирхогчийн нүдээр харахад танхим дахь бүтээл бүр егүүлэмжтэй санагдана. Гэхдээ ихэнхдээ намрыг тодотгосон өнгөтэй. Энэ нь магадгүй зарим хүнд давтамж мэт харагдавч уран бүтээлчийн илэрхийлэх гэсэн санаа өөр ажээ. Яг л намрын тухай ном уншиж буй мэт мэдрэмж төрнө.

Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач Д.Халиуны бүтээлийг онцлон, сонгон ярилцлаа. Түүний бүтээлээс намар цагийн намуун байгаль хэрхэн оршдог нь харагдана. Бас хатан цэцэгсийн гоо үзэсгэлэнг бодит мэт дүрсэлсэн нь үзэсгэлэнгийн танхимд зочилсон бүсгүйчүүдийн харцыг өөрийн эрхгүй татах ажээ.

-Үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн бүтээлүүдээс таны цэцэгс, байгалийн зураг содон харагдаж байна. Бас зөөлөн өнгө мэдрэгдэх юм?

-Би ихэвчлэн байгалийн зураг зурдаг. Зурагнууддаа ч хайртай. Ер нь зураач бүр байгалийг өөр өнцгөөс хардаг. Миний хувьд байгалийг зөөлөн өнгөөр илэрхийлэх дуртай. Тийм болохоор танд тэгж мэдрэгдсэн байх.

-Намар бол зураач хүний хувьд бүтээл туурвих баялаг сэдэвтэй үе байдаг. Харин та энэ өнгө будгаар арвин улирлыг хэрхэн илэрхийлсэн бол?

-Намрын улирал миний хувьд дулаахан, сэтгэлд дотно байдаг. Тиймээс л дулаан өнгөнүүдийг ашигладаг юм. Тэр нь ч бүтээлээ амилуулахад тус дөхөм болдог. Ер нь намрын нар ээж, навчис шаргалтсан зураглал нь зураачдын нүдэнд дотно, шууд буудаг болов уу.

-Зургаа бодит мэт буулгадаг нь таны онцлог уу?

-Тосон будгаар байгалийн бодит зураг зурах нь миний онцлог. Бодит зураг зураачаас их ур чадвар шаарддаг. Гэхдээ их сонирхолтой шүү. Дүрслэх урлаг цаг хугацаанаас ихээхэн хамаардаг.

Өөрөөр хэлбэл, цагийн аяст хөгжиж, улам баяжсаар байдаг төрөл юм. Дээр нь хүн болгон өөрийгөө нээхийн төлөө, сайн бүтээл туурвих гэж хичээж байгаа учраас дүрслэх урлаг зогсолтгүй эргэлт хөдөлгөөнд оршин байдаг.

-Байгалиас өөр сэдэвтэй бүтээл зурах бодол төрж байсан удаа танд бий юү?

-Хүн гэдэг туйлбаргүй амьтан. Хааяа сэдвээ өөрчлөөд үзэх юмсан гэж боддог. Ер нь нэг сэдэвтэй зураг зураад байхаар уйддаг юм билээ. Тиймээс одооноос натур, хөрөг зурах бодолтой байна. Гэхдээ байгалийн сэдэвтэй бүтээлээ ч зурсаар байх болно.

-Зарим уран бүтээлч зурж байсан зургаа хаяад дахин эхэлдэг. Магадгүй анх нүдэнд нь бууснаас өөр байсан болоод ч тэр үү дундаас нь хаячихдаг байх. Танд тийм тохиолдол гарч байв уу?

-Би эхэлсэн зургаа ерөөсөө хаядаггүй. Хэрвээ тийм тохиолдол байгаа бол гарын таван хуруунд багтах байх. Ер нь зурж эхэлсэн зургаа заавал дуусгаж байж санаа амардаг. Зургаа ихэнхдээ байгаль дээр нь очиж зурдаг. Бодит зургийг газар дээр нь очиж зурвал илүү амьд болдог.

Монгол орны байгалийн үзэсгэлэн үнэхээр дуу алдмаар шүү дээ. Миний явж байсан газруудаас Хэнтий аймгийн байгалийн үзэсгэлэн сайхан санагддаг. Байгаль зурдаг хүн байгальтайгаа ойрхон байж, судалгаа их хийх шаардлагатай.

-Бусад зураачийн бүтээлтэй өөрийнхийгөө харьцуулж дүгнэдэг үү?

-Бусдын бүтээлтэй өөрийнхөө зургийг ерөөсөө харьцуулж боддоггүй. Хамгийн гол нь зураач хүн жилийн өмнөх зургаа голж байвал тэр хүний ур чадвар дээшилж байна гэж боддог.

Жишээ нь би таван жилийн өмнө зурсан зургаа харахаар инээдтэй санагддаг. Ингэж өөрийгөө дүгнэх нь ганц зураач гэлтгүй уран бүтээл туурвидаг бүх хүнд шалгуур болдог байх.

-Одоо танд дуусгаагүй зурж байгаа бүтээл бий юү?

-Нэлээд том хэмжээтэй вансэмбэрүү зурж байгаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: