sonin.mn

“Үдийн цай" хөтөлбөр хэрэгжсэнээр түмний хүүхдүүд гэдэс цатгалан хичээлээ хийх болоод багагүй хугацаа өнгөрөөд буй. Сайн, мууг зэрэг дагуулсаар өдийг хүрсэн энэ хөтөлбөрт төрийн өмчийн 99, төрийн бус өмчийн 84 сургуулийн сурагч хамрагддаг байна. Түмний нялх үрсийг өөрийн хүүхэд шигээ санан хооллож ундалж буй нь сайхан хэрэг ч тэдэнд алдаа дутагдал их байна.

Учир нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар “Үдийн цай” хөтөлбөр төдийлөн сайн дүн авсангүй. Уг шалгалтад нийслэлийн найман дүүргийн 101 сургууль, тэдгээрт үйл ажиллагаа явуулж буй 91 цайны газар, нийт 92 байгууллага, ААН, иргэн хамрагдсан юм байна.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын 90 хувь нь цайны газартай боловч тэдгээр цайны газруудын 51 хувь нь зориулалтын бус байртай болох нь илэрчээ. Үүнээсээ болоод өрөө тасалгаа дутмаг, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээ хадгалах зориулалтын агуулахгүй, хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсон хүчин дутмаг байж.

Мэргэжлийн байгууллагын хийсэн шалгалтаар сургуулиудын цайны газрын 72.5 хувийг ААН, 12.1 хувийг иргэн ажиллуулдаг болох нь батлагдсан байна. Харин үлдсэн 15.4 хувийг нь сургууль нь өөрөө хариуцан ажиллуулдаг гэсэн дүн гарчээ. Нийтлэг нэг зөрчил нь хүнсний бүтээгдэхүүнээ дурын цэгээс худалдаж авдаг.

Авсан хүнсний бүтээгдэхүүнээ зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг болох нь тогтоогдсон байна. Энэ нь хүнсний аюулгүй байдал талаасаа асуудал болж байгаа гэнэ. Учир нь тээвэрлэлт, зөөвөрлөлтийн үед хүнсний бүтээгдэхүүн гэмтэж муудах тохиолдол цөөнгүй гардаг аж.

Нийтлэг гарсан өөр нэг зөрчил нь үдийн цайнд өгдөг сүүтэй будаа, аарц, боов зэргээс дээж авч шинжилгээнд оруулахад илчлэг нь байх ёстой нормандаа хүрэхгүй байжээ.

Уг нь Боловсрол Шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалд “Үдийн цай’’ хөтөлбөрийн нэг өдрийн хоолны илчлэг 340 ккал хангах ёстой гэж тусгасан байдаг. Гэтэл шалгалтаар дээрх газруудын хоолон дахь илчлэг энэ хэмжээнээс 27-36 хувиар дутуу ккал өгч байна гэсэн дүгнэлт гарчээ.

Энэ нь “Үдийн цай” хөтөлбөрөөр сурагчдад өгч байгаа хоол хүнсний орц хэмжээ, илчлэг норм нь хүүхдийн өсөлт хөгжил, физиологийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгааг харуулж байгаа юм.

Нэмж тодруулбал, Баянзүрх дүүргийн “Шавь цогцолбор” сургуулийн сурагчдад “Кокко десерт” ХХК-иас өгсөн “Сэтгэл ханамж” нэртэй мушгиа боовны илчлэг 124.87 ккал. Харин 120 дугаар сургуулийн сүүтэй каш 164.7 ккал, 48 дугаар сургуулийн аарцтай будааны илчлэг 229 ккал үзүүлэлттэй байж. Энэ мэт жишээг дурдвал олон.

Сургуулиудад нийтлэг илэрсэн бас нэг зөрчил нь угаалтуурын тоо шаардагдах хэмжээнээс цөөн, зөөврийн усан хангамжтай сургуулийн сурагчид үдийн цай уухын өмнө гараа угаах нөхцөл боломж муу байдаг нь илэрсэн байна. Энэ нь бохир гараар дамжин халдвар авах, өвчлөх эрсдэлд оруулдаг аж.

Эдгээр зөрчлүүдийг нь харгалзан үзэж мэргэжлийн байгууллагаас “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлдэг хүнсний бүтээгдэхүүнийг экологийн цэвэр хүнсний ногоогоор хангуулах асуудлыг бодлогоор зохицуулах шаардлага буйг хэлж байлаа. Мөн эл хөтөлбөрийн хүрээнд өгөх хоол, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, жорын жишиг тогтоож мөрдүүлэх нь зүйтэй гэсэн юм.

Түүгээр ч зогсохгүй орон нутгийнжижигдунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх үйлдвэрлэгч болон сургуулийн туслах аж ахуйг хөгжүүлэх асуудлыг бодлогоор дэмжиж, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах боломж буйг дурдаж байсан. Бас шинээр баригдаж буй ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нөхцөл болсон стандартын шаардлага хангасан цайны газрыг барилгын төлөвлөгөөнд тусгах.

Сургуулийн гал тогоог хоолны газрын стандартын шаардлагын дагуу тохижуулах, зориулалтын хоол үйлдвэрлэлийн тоногтөхөөрөмжөөр бүрэн хангах ажлыг үе шаттай зохион байгуулах шаардлагатайг зохих байгууллагуудад хүргүүлэх тухайгаагаа тэмдэглэсэн юм.

Хэрэгжиж эхэлсэн цагаасаа л хойш энэ хөтөлбөр хүмүүсийг зөв, буруу гэсэн хоёр хэсэгт хуваасан гэхэд болно. Зарим хэсэг нь өдөр сургуульдаа цай ууж, хоол идээгүйн муу гэж гараагүй. Бүгд л сураад төгссөн. Тэгээд ч гэдэс нь хэт цатгалан хүүхэд залхуурч хичээлээ анхаарахгүй.

Улс дэмий зүйлд мөнгө зарлагадлаа гэх. Үлдсэн хэсэг нь өлсгөлөн хүүхэд яаж хичээлдээ анхаарах билээ. Энэ хөтөлбөр нүдээ олж гэх... Энэ хоёрыг аль нь ч бай нэгэнтээ л хэрэгжзэд эхэлсэн учир хяналтын байгууллага үүргээ биелүүлж хяналтаа хийж, харин гүйцэтгэгчид чанартаа анхаарах нь зүйтэй.

Л.Буддорж

Эх сурвалж: