sonin.mn

Энэ удаагийн ярилцлагын дугаарт барилгачин, мужаан Д.Ганболдыг урьж ярилцлаа. Тэрээр Монгол гэр, загварын барилга барьж буй нэгэн бөгөөд үүнийгээ ирэх сард оюуны өмчид бүртгүүлэх гэж буй аж.

-Та монгол гэр загварын барилгууд барьж байгаа юм байна. Тэгэхээр таны энэ барилга бусад барилгаас юугаараа ялгаатай юм бэ?

-Би энэ барилгыг монгол төрхөө хадгалахын тулд барьсан. Нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжиж буй нөхцөлд хэрэг болгох үүднээс Монгол гэр хэлбэрийн барилга барих нь зөв юм гэж бодож барьсан.

Давуу тал нь бусад гэр ханандаа цонхтой бол минийх дээвэр дээрээ цонхтой. Өөрөөр хэлбэл, тооно нь цонх гэсэн үг. Хамгийн гол нэг ялгаа нь гэр шиг багана огт байхгүй мөртлөө, 5-25 диаметртэй, бортоготой. Үүгээрээ онцлогтой.

-Багана байхгүй гэхээр их сонин санагдаж байна. Ийм зүйл байж болох уу гэсэн бодол төрж байна?

-Багана хийгээгээгүй учир нь нэгт би барилгын материалууд хоорондоо шүтэлцэж оршдог физикийн хуулийг ашигласан. Монголын түүхэн уламжлал, нүүдлийн соёл иргэншилд Монгол гэр угаасаа баганагүй байсан.

Тухайлбал, Чингисийн үеийн гэрүүд баганагүй байсан тухай кинон дээр гардаг даа. Тийм гэр илүү бат бөх байдаг. Одоо манайхан чинь салхи, шуурга болохоор тооноосоо савтай ус, элс, чулуу гээд янз бүрийн зүйлс дүүжпээд байдаг.

Тэгвэл баганагүй гэрт ингэж хүнд зүйл тоононоосоо дүүжлэх шаардлага байхгүй. Нөгөө талаас монгол гэр баганагүй байсан учир нь нүүж суухад хөнгөн шингэн байх зорилго агуулж байсан юм билээ. Тэр үед матмал тооно, салхин тооно гэж одоогийнхоос өөр загварын тооно байсан.

Харин 1959 онд нийтээр тулгыг халж зуухтай болсон. Зуухны гал бол тулганы гал шиг биш учраас хажуудах баганаа шатаах эрсдэл байсан. 50-иад оны үед л наамал тооно орж ирэхэд түүнд багана хэрэглэх шаардлага шинээр бий болсон юм. Энэ цагаас хойш хоёр, дөрөв, зургаан баганатай гэр урлах болсон.

-Та өөрөө гэр байшиндаа амьдардаг уу. Гэр байшин барьж эхэлсэн цагаасаа хойш хэдийг бүтээгээд байгаа вэ?

-Би өөрийн амьдарч байгаа Баянхошуундаа гэхэд гурав дөрвөн гэр байшин барьсан. Хэд хэдэн ч гэр байшин барих загвар гаргаад байгаа. Одоохондоо бас олныг барьж амжаагүй л байна.

Удахгүй өөртөө зориулж нэгийг бариад тэндээ амьдарна гэж бодож байгаа. Тэгж байж өөрийнхөө гэрийн чанарыг илүү сайн мэдэхээс гадна цаашдаа юунд анхаарах шаардлагатайг олж харж, тэндээсээ санаа олж бүтээлдээ тусгана.

-Яг одоо таны барьсан гэр байшинд амьдарч байгаа хүн бий юу?

-Байлгүй яахав. Миний барьсан байшинд амьдарч байгаа иргэд ам сайтай байдаг. Би ойрын үед хороололд долоон барилга барихаар төлөвлөөд байгаа. Энэ ажлыг хийж байхад зарим үед ухаан хүрэхгүй зүйлс гардаг. Тиймээс бүтээлээсээ туршлагажиж ажиллаж байна.

-Орчин үеийн хүмүүс хоёр гурван давхар барилгад амьдрах, эсвэл олон өрөөнд суухыг хүсдэг. Энэ бүх шаардлагуудыг хангаж чадах уу?

-Олон давхар хийх бололцоо мэдээж байгаа. Хоёр давхар хийж болох үндэслэл байдаг. Орчин үеийн шаардлагын дагуу барьж байгаа болохоор зочны өрөө, гал тогоо бий. 5-25 ханат хүртэл барьж байгаа болохоор унтлагын өрөө, угаалгын өрөө, тэр ч байтугай үр хүүхэддээ хүртэл өрөө гаргах бололцоотой.

Өөр нэг онцлог нь бусад барилга шиг байгаль экологид хор хөнөөл учруулахгүй. Учир нь нүүрс түлш бага хэрэглэгдэнэ. Хоёрдугаарт захиалж байгаа хүний эдийн засагт хэмнэлттэй. Зардал багатай гэсэн үг. Миний гэр барилгыг уулан дээр усан дээр гээд ер нь хаа ч барьж болно.

-Монгол гэрийн дэлхийн бусад сууцаас ял гардаг нэг онцгой чанар нь жилийн дөрвөн улиралд нүүж суухад хялбар байдал нь. Тэгвэл таны барьж буй гэр байшинг задалж буулгаад угсарчих бололцоотой юу?

-Одоогоор хараахан ийм барилга баригдаагүй байгаа. Гэхдээ надад задлаад буулгаж, эвлүүлээд угсарчхаж болох хэлбэрээр барих санаа байгаа. Угсарч салгаад буцаагаад барьдаг уламжлалт хэлбэр рүү ойртуулах бодол бий.

-Гэр загварын байшин хэлбэр хэмжээ, гадаад дотоод хийцийн хувьд ямар байх вэ?

-Янз бүр байна. Тухайлбал, хэмжээнээсээ шалтгаалаад үнэ нь ч янз бүр болно. Таван ханат, найман ханат, түүнчлэн 12,16, 25 ханатаар барина. Гол нь ямар хэмжээтэй бариулах вэ гэдгийг захиалсан хүн өрөө мэднэ шүү дээ. Гадаад дотоод хийцийн тал дээр бол заавал ийм тийм байна гэсэн зүйл байхгүй.

Тэдгээр хэсэг нь мод, чулуу, тоосго, дүнз, шургааг, палк, төмөр гээд юу ч орж болно доо. Хэрвээ захиалагч хүн маань дан бетоноор бариад өг гэвэл түүнийх нь дагуу хийгээд өгч болно.

Суурийг нь хийхдээ хөрсийг жаахан аваад түүн дээрээ битүү хайрга асгаад, дээр нь бетон цутгаж хийсэн байгаа. Суурийг ингэж хийх нь ус чийг нэвтрэхгүй, доороос салхи сийгэхгүй дээр нь бат бөх болох давуу талтай.

-Цас, бороо, шуурга гээд байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлд хэр тав тухтай байж чадах вэ?

-Яг л байшин шүү дээ. Гэр хэрбэртэй л болохоос байшингаас доордох зүйлгүй. Энэ нь барилгын шаардлагуудыг хангаж хийгдэж байгаа учраас цаанаасаа дулааллагатай хийгдэнэ. 6-15 см-ийн зузаан дулаалга хийнэ. Өвөлдөө бол даарна гэж байхгүй.

Харин хэт халаад байвал агаар оруулах салхивч бий. Агаар салхи орсон ч халуун дулаан байдал нь хурдан алдагдахгүй. Дулаахан учраас өвөл түлээ нүүрс бага хэрэглэнэ. Ингэснээр айлын эдийн засагт ч хэмнэлттэй. Доогуураа нарийи хаяавчтай хийх учраас зуны цап онгойлгоод агаар салхи оруулчихна

Ингэснээр агаарын урсгал ердийн гэр шиг чөлөөтэй явагдана. Мөк би бат бөхийг нь хүмүүст харуула> үүднээс 5-10 тоннын зүйл дүүжил» үзүүлнэ гэж бодож байгаа. Газар хөдлөлт болсон ч тэсвэртэй байхьн бодож хийсэн тул бат бөхийн хувь; үнэхээр найдвартай.

-Та энэ барилгадаа хэдэн жилийн баталгаа өгөх вэ?

-Баталгаат хугацааг нь 60 жил гэж өгмөөр байна. Тэгэхээр миний хийсэн гэрийг авсан байхад бараг насан туршдаа амьдарна гэсэн үг. Харин сүүлийн үед гэр төсөл гээд л хананых нь мод нь хүртэл хугарчихдаг гэх гэр тараагаад байх юм.

Тийм гэр ядарсан зүдэрсэн хүмүүсийн амьжиргааг хангаж болох ч эдлэгээ чанар муутай байхгүй юу. Бас аялал жуулчлалын гэр гээд тооныг нь бараг кранаар өргөж тавих нь холгүй гэр ч байна. Тэр бүхнээс миний гэр барилга бол өөр шүү.

-Зарим хүмүүс иймэрхүү загварын байшин худалдаж авахад, мөнгө санхүүгийн хувьд бэрхшээлтэй бол яах вэ. Та хөнгөлөлт үзүүлэх үү?

-Канадын карказ болон Оросын вааман байрыг манайхан чанартай мөртлөө хамгийн бага материал зардал ордог гэж ярьдаг шүү дээ. Иймэрхүү давуу талууд манай барилгад цөм бий. Тэгэхээр өөрсдөө ч материалыг нь аваад, барих боломжтой.

Барилга барих 100 хувийн мод материалын арван хувь нь орно гэж болно. Харин үнийн хувьд бол би зах зээлийнхээ үнийг дагана гэж бодож байгаа. Ер нь ердийн гэрийн үнээс нэг их хол давахгүй. Бараг ойролцоо ханшаар зарна гэж бодож байгаа.

Яахав үнэхээр амьдрал ахуй нь хүнд хэцүү хүн над дээр гуйгаад ирвэл үнийг нь хямдруулж өгч болно. Одоо чинь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, амьжиргааны түвшин доогуур иргэн, залуу хос гээд янз бүрийн хүмүүст чанартай мөртлөө хямд байр амар олдохгүй.

Тэр бүх хүмүүст зориулсан байр гэж ойлгож болно Ард түмнээ аль болох хямд үнэтэй Монгол гэр загварын чанартай сууцаар хангах гэж зорьж явна.

-Ингэхэд та өмнө нь ердийн барилга барьж байсан уу?

-Барьж байсан. Ердийн айлын байраас эхлээд нийтийн том орон сууцны барилгууд ч барьж л байлаа.

-Монгол даяар байр сууцанд амьдрахыг эрмэлзэж буй олон мянган иргэн байгаа. Тэгвэл тэр бүхнийг өөрийнхөө бүтээсэн гэр сууцанд амьдруулах боломж хэр байна?

-Би энэ талаар гудамж юмуу, сум төсөл зохиогоод энэ сууцаа нэвтрүүлэх боломж хайж байгаа. Оюуны өмчид бүртгүүлсний дараа манай пүүс компани гээд олон байгууллага дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.

Одоо хүртэл надад төсөл дээр санал зөвлөгөө өгье гэсэн хүмүүс байдаг. Би гэр байшингаа зөвхөн ганцаараа барина гэж зүтгэхгүй, энэ тал дээр олон хүнийг бэлтгэж зааж өгөх бодолтой явдаг. Барилга барьдаг хүмүүс миний хийж байгаа барилгыг хурдан сурна гэж бодож байгаа шүү.

Гадаадын орнуудад, тухайлбал Вьетнам сүрлэн байшин, Оросын өвсөн овоохой, дүнзэн байшин гээд л элдвийн байшин барилга байдаг. Тэдгээр орнууд түүгээрээ бахархаад кинон дээр хүртэл гаргаж үзүүлж байдаг.

Тэгвэл бидэнд ч бас ийм өвөрмөц сайхан байшин байдаг гэдгийг харуулна. Уг нь миний яриад байгаа тэр төсөл хэрэгжээд, нэг орон нутаг тэр аяараа бариад эхпэх юм бол бусад газар нутгийнхан хот, хөдөө гэлтгүй дагаад л барина гэж найдаж байгаа.

-Төслийнхөө тухай яриач. Хэрэгжих боломжтой юу?

-Барих гэж буй гэрээ боломжийн зардлаар барьж, байгаль орчин экологийг хамгаалах зорилготой төсөл. Аймаг, сум, зуслан, гэр хорооллын нүүрс түлдэг айлууд энэхүү сууцыг хэрэглэснээр хөрсний брлон агаарын бохирдол бага гаргах нөхцөл үүснэ. Ер нь цаашдаа энэ гурван сая иргэндээ гэр сууц олгох алсын зорилго байна. Иргэд маань бас өөрсдөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байх.

-Нөгөө талаас нь харвал олон иргэнийг ажилтай болгох сайхан төсөл байна даа?

-Тийм шүү. Энэ нийгэмд өнөөдөр ажилгүй болон ажил хайж байгаа хүн олон байна. Цөөн ч гэсэн хүн ажилтай болж, амьжиргаагаа аваад явах боломжтой.

-Удахгуй таныг гэр барилгаараа үзэсгэлэн гаргах гэж байгаа гэж сонссон юм байна ?

-Хугацааг нь нарийн төлөвлөөгүй. Яваандаа үзэсгэлэн гаргах бодол бий. Би ер нь энд тэндэхийн гэр үзэсгэлэн сонирхдог. Дотоодын болон гадаадын янз бүрийн гэр сууцны үзэсгэлэн үздэг. Судалсаар л байна.

А.Батнасан

Эх сурвалж: