sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. Баруун Африкт “Эбола” өвчтөнийг эмчилж байгаад нутагтаа буцан ирсэн эрүүл мэндийн ажилтнуудад зайлшгүй тусгаарлах арга хэмжээ авахаа АНУ-ын гурван муж улс мэдэгдсэнд сэтгэл түгшиж буйгаа тус улсын Ерөнхийлөгч Обама илэрхийлжээ.

“Эбола”-гийн тархалтаас хамгаалах арга хэмжээ нь гадаадад үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн ажилтнуудын зоригийг мохоох ёсгүй гэж Обама цохон тэмдэглэснийг Цагаан ордны албаныхан мэдэгдсэн байна.

Баруун Африкт өвчтөнүүдтэй ажиллаж байгаад нутагтаа буцаж ирсэн эрүүл мэндийн ажилтнуудад 21 хоног зайлшгүй тусгаарлахаа Нью-Йорк, Нью-Жерси, Иллинойс муж улс мэдэгджээ.

Либери, Гвиней болон Сьерра-Леонтой холбогдох нислэгийг Нью-Йорк, Нью-Жерси, Иллинойс зэрэг муж улсын олон улсын нисэх буудлууд зохицуулж байна.

Өнгөрсөн баасан гарагт Сьерра-Леоноос Нью-Жерсид ирсэн сувилагчийг зайлшгүй тусгаарлалтад оруулжээ. Сувилагчийн эрхийг зөрчсөн, сэтгэл түгшээсэн үйлдэл хэмээн эрүүл мэндийн олон ажилтан уг арга хэмжээг буруушаажээ.

Баруун Африкт аялахыг хориглох зэрэг “Эбола”-гийн эсрэг авах арга хэмжээг чангатгахыг Бүгд найрамдах нам Ерөнхийлөгч Обамагаас шаарджээ.

11 дүгээр сарын 4-нд болох АНУ-ын завсрын сонгуулийн гол асуудал нь “Эбола” болоод байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: