sonin.mn

Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ахмад багш, яруу найрагч Мөнхийн Буянтогтохыг урилаа.

Тэрбээр өнөөдөр 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд анхны бие даасан “Шавь нар минь сайн явна аа” тоглолтоо үзэгч, сонсогч түмэндээ толилуулахад бэлэн болоод байгаа юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Маш их баярлалаа.

-Тоглолтоо хийх гээд тун завгүй явна уу?

-Тийм ээ. Ойрд зав зай гарч өгдөггүй. Олон сайхан шавь нарынхаа тоглолт хийх гэж байна. Тийм ч амар зүйл биш бололтой шүү. Гэхдээ хэдэн сайхан шавь нарынхаа буянаар болж л байна.

-Тантай уулзаж, ярил­цаж байгаа шалтгаан маань маш энгийн. Өөрөөр хэлбэл, бид хоёрын ярилцах сэдэв тодорхой ч эхлээд та манай уншигчидтай танилцах ёстой байх?

-Намайг Мөнхийн Буян­тогтох гэдэг. Ховд аймагт төрж, өссөн. Боловсролын салбарт 40-өөд жил ажил­лаж байгаад тэтгэвэртээ гарсан.

-Нас сүүдэр хэд хүрч байна вэ?

-70 хол гарч явна аа.

-Өршөөгөөрэй, таны хэл яриа цэгцтэй, алхаа гишгээ хөнгөн шингэн болохоор тэсэлгүй насыг тань асуучихлаа?

-Зүгээр ээ, миний хүү.

-Маргааш /өнөөдөр/ таны тоглолт болно. Сэтгэл их хөдөлж байх юм уу?

-Маш их баярлаж, дог­долж байна. Бэлтгэл ажил хангагдчихсан бо­лохоор санаа зовох зүйлгүй. Тоглолт маань “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас болно.

-Таны анхны тоглолт гэж сонссон?

-Тийм ээ. Өмнө нь тоглолт хийж байгаагүй. Нас ч өндөр боллоо. Энэ тоглолт миний эхлэл бас төгсгөл байх. /Инээв/ Тоглолт маань их сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

-Тоглолтын тань нэр их гоё санагдлаа. Нэг л дулаахан, гэгээлэг бас ямар ч чамирхалгүй?

-Баярлалаа. Би маш олон шавьтай. Бас олон ч жил шүлэг, яруу найраг оролдож байна. Шавь нараа бодож тоглолтоо “Шавь нар минь сайн явна аа” гэж нэрлэсэн.

Шавь нараасаа тоотой хэдийг нь дурьдахад, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, “Номин талст” хамтлагийн Т.Дэлгэрмөрөн, А.Хаян­хярваа, жүжигчин Г.Наран­солонго гээд бий. Түүнээс гадна шинэ залуу дуучид байна. Бүгд л эрвийх дэр­вийхээрээ тусалсан. Шавь нартаа үнэхээр их баярлаж байна.

-Дандаа таны шүлгийг зохиосон дуунууд дуулагдах уу?

-Тийм ээ. Би 40 гаруй дууны шүлэг зохиосон байдаг.

-Жишээлбэл?

-Хөгжмийн зохиолч Мөнхтунгалагтай хамтран “Чи бидэн хоёр” нэртэй дуу гаргасан. Энэ дуу маань 2003 онд “Морин хуур” наадмаас гранпри шагнал хүртэж байсан. Мөн хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхантай хамтарч “Ингэн туйлаас” дуу зохосон. Мөн л тухайн ондоо тус наадмаас гранпри хүртсэн.

-Таныг бас яруу найргийн хоёр ч ном гаргасан гэх юм билээ?

-Сүүлийн үед яруу найргаар оролдож хоёр ч ном гаргасан. “Бодомжийн цэнхэр уулс” хоёр дэвтэр, “Эр хүн гэрэлтэж ирдэг юм” гэсэн ном гаргасан. Гэхдээ голдуу л дууны үг бичсэн байдаг даа. Бас хоёр кино, нэг жүжгийн зохиол бичсэн.

-Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Улсын филормоний Морин хуурын чуулгын удир­даач Д.Түвшинсайхан, Ардын жүжигчин Ө.Баяр­магнай, гавьяат жүжигчин С.Батсүх, Д.Бат­баяр, Н.Төмөрхуяг, Д.Ширмэн­туяа, Б.Ганчимэг, соёлын тэргүүний ажил­тан Д.Амаржаргал, С.Бат­тулга, Т.Дэлгэрмөрөн, А.Хаян­хярваа, Б.Буян­жаргал, Г.Наран­солонго болон залуу уран бүтээлчид оролцоно.

-Нэлээн том тоглолт болох нь ээ дээ, янз нь?

-Тийм ээ.

-Ингэхэд шүлэг, яруу найрагтай хэрхэн амьд­ралаа холбов оо?

-Үгийн урлаг гэдэг айхтар гоё. Хүний сэтгэл санааг өргөдөг, гоо сайхны гал асааж өгдөг эд. Бага залуудаа ном их уншдаг байлаа. Тэгээд л өөрийн мэдэлгүй л үгийн урлагт татагдаж, шүлэг яруу найргаар оролдох болсон доо.

-Анхны шүлгээ хэдэн онд бичиж байв?

-1962 онд санагдана. Том хүүдээ зориулж бичсэн нь миний анхны шүлэг байсан.

-Таны бичсэн шүл­гүүдийг уншсан. Голдуу л ээж, аавын тухай байх юм?

-Магадгүй ээ. Бид эхээс наймуулаа. Одоо хоёр нь л амьд сэрүүн байна. Хөдөө нэг дүү маань бий. Хүн аав, ээжийгээ амьд сэрүүн байхад л хайрлаж явах хэрэгтэй. Би залууст үүнийг л аминчлан захих байна.

Тэднийгээ амьд байхад нь хайрлаж, асарч, хүндэлж яваарай. Хүн хөгшрөөд ирэхээр аяга цай хийгээд өгөхөд л баярлаж, хөөрдөг юм байна. Өнгөрсөн хойно нь харамсах шиг гуниг, зовлон үгүй.

-Уучлаарай, таныг эмзэглүүлчих шиг боллоо. Таныг хүсвэл ярилцлагаа өндөрлөх үү?

-Зүгээр дээ, хүү минь. Намайг их залууд ээж маань өөд болсон. Амьсгал хураах агшинд нь хажууд нь байж чадаагүй. Хөдөөнөөс ирэхэд өөд болчихсон байсан. Тэр өдрийг одоо ч санаж байна. Би их л уйлсан юмдаг.

Харин манай хөгшин “За одоо яах вэ дээ, нэгэнт чи ээжтэйгээ уулзаж чадсангүй. Одооноос эхлээд би чиний ээж шүү дээ” гэж намайг аргадаж байсан. Би тэр үед ёстой их баярласан.

Түүнээс хойш хөгшин маань л ээжийн минь оронд ээж болж явна. Хэдэн хүүхдийг минь ч өсгөж өглөө. Тиймээс би ханьдаа маш их баярлаж, түүнийгээ хайрлаж явдаг. Тэгээд нэг зүйлийг залууст захимаар санагддаг юм.

-Юу тэр билээ?

-Хүний сайн явах хань ижилтэй нь салшгүй холбоотой. Ханийн сайныг сонгож л авах юм бол эр хүн сайхан амьдарна. “Сайн авгай олдошгүй алт, муу авгай далдаршгүй буг” гэдэг үг бий.

Бас атаа, жөтөө гэдэг их муу зүйл байгаа юм. Хүнийг сайн сайхан явуулдаггүй. Хамгийн хатуу шийтгэл бол уучлал гэж үнэн. Тиймээс одооны залуусыг хүнийг уучлах нинжин сэтгэлтэй байгаасай гэж хүсч байна.

-Та олон жил багшилсан. Тиймээс нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй байх. Таныг анх багшилж байхад хүүхдүүдийн ааш аяг ямар байв. Учир нь одоогийн хүүхдүүд ахмадуудаасаа их зэмлэл сонсдог шүү дээ. Одооны хүүхдүүд үнэхээр хэцүү. Бидний үед ийм байгаагүй гээд л?

-Уламжлалт хүмүүжил, Монгол зан заншил гэдэг их чухал л даа. Тухайн үеийн хүүхдүүдийн сэтгэлгээнд ахмад настнаа, хөдөлмөрийн үнэ цэнийг суулгаж өгдөг байсан. Энэ л ёс суртахууныг хүүхдүүдэд хар багаас нь тархинд нь суулгаж өгөх хэрэгтэй. Дээр нь тухайн төр засаг, нийгмийн бодлого их чухал. Одоо бол аль аль нь хэцүү байна шүү дээ.

-Монгол ёс, зан заншлаар хүмүүжүүлэх хэрэгтэй гэдэгтэй тань санал нэг байна. Нуулгүй хэлэхэд одооны яруу найрагчдаас монгол ахуй, монгол үнэр үнэртэхээ байчихсан шиг санагддаг. Бас л тоотой хэдхэн үгэнд эргэлдээд байна гэх шүүмжлэл дагуулдаг?

-Үнэн л дээ. Монголын үгийн сан маш их баялаг. Дээх нь үеийн яруу найрагчид айхтар том сайхан бичиж байж. Би нэг зүйл ярья л даа. Би бага залуудаа Б.Явуухулангийн шүлгийг их уншдаг, багшаа гэж хүндэлдэг байсан. Багш маань хэлдэг байсан юм.

-Юу гэж тэр вэ?

-Миний шүлэг намын үнэн, утга зохиолд хэв­лэгддэг. Дараагийн долоо хоногт нь ЗХУ-ын ямар нэгэн сонинд хэвлэгдээд гараад ирдэг юм. Харин Д.Пүрэв­доржийн шүлэг тэгдэггүй юм гэдэг байгаа.

Тэгэхээр нь би дотроо бодож байгаа юм л даа. “За, энэ чинь Д.Пүрэвдоржоо л муулах нь” гэж. Тэгсэн үгүй. Пүрэвдорж шиг монгол хэл аялгуунд нэвтэрхий орсон яруу найрагч байхгүй байж. Одоо ч гарч ирээгүй л байна.

-Түүний шүлгийг орчуулж болдоггүй байж таарах нь уу?

-Тийм ээ. Уулын жавар унана гэмээн унаган туурай нударга тавилаа... гэж. Ингээд биччихсэн шүлгийг яаж орчуулах юм бэ. Оросод ийм үг хэллэг байхгүй. Тэгэхээр манай Монголын үгийн сан маш баялаг нь мэдэгдэж байгаа биз дээ. Өнөөдөр энэ уламжлал сэтгэхүй, монгол ухаан хүүхдүүдэд алга байгаа нь харамсалтай.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Төрбат

Эх сурвалж: